АНУ-ын Техас мужийн нутагт SpaceX компанийн пуужинг турших зориулалттай сансрын буудал байрладаг. Энд ажилладаг тус компанийн ажилтнууд өөрсдийн амьдардаг баазыг хот болгон зохион байгуулахаар болжээ.
Шинэ хотыг Старбэйс (Starbase) гэж нэрлэхээр болсон байна.
Бямба гарагт Мексиктэй залгаа хилийн Бока Чика Бэй хэмээх газарт оршдог энэ баазын 300 орчим оршин суугчаас 212 нь хот шинээр байгуулах санал хураалтад оролцоход зургаагаас бусад нь дэмжжээ.
SpaceX компанийн пуужингийн туршилт, хөөргөлт хариуцсан дэд ерөнхийлөгч Бобби Пиден шинэ хотын захирагчаар сонгогдсон байна.
“Старбэйс, Техас. Одоо жинхэнэ хот боллоо” гэж SpaceX компанийн гүйцэтгэх захирал Илон Маск сошиал хуудсандаа бичжээ.
Дөрвөн жилийн өмнө энд зочлохдоо Маск уг ажилчдын хотхонд Старбэйс нэрийг санал болгож байсан юм.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард SpaceX компанийн ерөнхий менежэр Кэтрин Лудерс хотын статус авах хүсэлтийг орон нутгийн захиргаанд гаргаж байжээ.
Гэхдээ SpaceX-ийн ажилчид шинэ хот байгуулсныг бүгд таатай хүлээж авахгүй байна.
Тухайлбал орон нутгийн зарим хүмүүс ингэснээр тус компани байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөгөө нуух боломжтой болохоос болгоомжилж байгаа юм.
Өнгөрсөн онд Техасын Байгаль Орчныг Хамгаалах Агентлагийн мэргэжилтнүүд SpaceX компани пуужингийн түлш зэрэг хортой хаягдлаа хэд хэдэн удаа орон нутгийн голд цутгасныг тогтоож байжээ.
“Тэд хортой хог хаягдлаа улам нэмэгдүүлж, пуужингийн аюултай үйл ажиллагаагаа өргөжүүлж, газар хөдлөлтийг идэвхжүүлж, зэрлэг ан амьтдын амьдрах орчныг улам их сүйтгэх болно” гэж хот байгуулах санал хураалтын өмнө Өмнөд Техасын Байгаль Орчны Шударга Ёсны Сүлжээ байгууллагын тэргүүн Бека Хиножоса хэвлэлд ярьсан байна.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!