УИХ дахь АН-ын бүлгээс мэдээлэл хийв. Ерөнхий сайд Ж.Баярмаа гишүүнээс уучлал гуйх хүртэл АН-ын бүлгийн гишүүд чуулганы хуралдаанд оролцохгүй хэмээн мэдэгдэж байсан. Тэгвэл өнөөдрийн мэдээллийг үеэр Ж.Баярмаа гишүүн Ерөнхий сайдыг уучлал гуйсан болохыг хэлэв.
Мөн тэрбээр сүүлийн өдрүүдэд цацагдах болсон өөртэй нь холбоотой зарим мэдээлэлд тайлбар хийлээ. Тодруулбал, түүний ах Ж.Мэндбаяр "Глоб кредит" хадгаламж зээлийн хоршоо байгуулж, иргэдэд өндөр хүү амлан, их хэмжээний хөрөнгө татан авсан. Улмаар хуримтлагдсан хөрөнгөөрөө үл хөдлөх хөрөнгө худалдан авч, иргэдийн мөнгийг буцаан өгөх боломжгүй болмогц дампуурлаа зарласан байдаг. Эргэн сануулахад, ойролцоогоор 29 ХЗХ дампуурч, 9,300 орчим хадгаламж эзэмшигч хохирсон гэдэг мэдээлэл бий.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Баярмаа "Миний талаар сүүлийн 10 хоногт цацагдсан бүх мэдээлэл худал. Ам нээвэл уушги нээ гэдэг. 20 гаруй жилийн өмнө болсон ахтай маань холбоотой хадгаламж зээлийн хоршооны асуудлыг гаргаж ирсэн. Яс юман дээрээ тэр хүн адилхан хэлмэгдсэн. Аанай л Монголын төр иргэд хоорондын асуудал руу орж ирээд шоронд явуулаад, өмч хөрөнгийг нь хураагаад, дутуу үнэлсэн. 10 жилийн ял аваад явсан хойгуур нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрынхан хөрөнгөн дээр нь жаалсан.
Дараа нь гарч ирээд захиргааны хэргийн шүүхээс 20 гаруй тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий эдийг хоёрхон тэрбум төгрөг болгосон байна гэдгийг тогтоосон. Гээд яривал ярина.
Гэхдээ энэ бол Мэндбаяр гэдэг хүнтэй холбоотой асуудал учир би үүнийг ярилгүй өнөөдрийг хүрсэн.
Тэр үед би гадаадад сурч байсан. Сүүлийн өдрүүдэд энэ асуудлыг маш их сөхөх боллоо. Намайг холбоотон болгох гэж оролдсон. Би хуулийн байгууллагад шалгуулахад бэлэн байна. Энэ бүх гүтгэлгийг би цагдаагийн байгууллагаар шалгуулна. Харин охинтой минь холбоотой гүтгэлгийг тагнуулын байгууллагад өгч шалгуулна" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!