2020/09/24
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,855.05₮
B30
УЛААНБААТАР
20°
|
B30
УЛААНБААТАР
23°
|
B30
УЛААНБААТАР
11°
|
07:00
S30
08:00
S32
09:00
S32
10:00
S30
11:00
S30
12°
12:00
S30
14°
13:00
S30
15°
14:00
S30
16°
15:00
S30
17°
16:00
S26
17°
17:00
S26
17°
18:00
S30
16°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/12 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Баясгалан: Монголын нутгаар хий дамжуулах хоолой тавих боломж бүрдчихлээ гэж ойлгохоор байна

Б.Номин-Эрдэнэ, Өдрийн сонин
2019 оны 12 сарын 12
Өдрийн сонин
Зураг
Гэрэл зургийг MPA.mn

МУИС-ийн Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулийн багш, доктор С.Баясгалантай ярилцлаа.

-Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-д албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалыг хэрхэн дүгнэж байна?

-Манай улс ОХУ-тай Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай болсон. Тэр хүрээнд Засгийн газрын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах, харилцаагаа бүх түвшинд бэхжүүлэх талаар Ерөнхий сайд айлчлал хийсэн болов уу гэж харж байна. Үр дүнтэй айлчлал боллоо.

-Оросоос нийлүүлэх хий дамжуулах хоолойг Монголын нутаг дэвсгэр дээгүүр дайруулах асуудал олон ажил яригдсан. Энэ хоолойн өөр нэг шугамыг Монголоор дайруулах боломжийг судалж үзэх талаар Ерөнхий сайдын айлчлалын үеэр илэрхийллээ. Энэ тухайд?

-Энэ хүрээнд 12 баримт бичигт гарын үсэг зурсан байна. Үүний хоёрыг нь харахад нэг нь “Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын “НК “Роснефть” нээлттэй хувьцаат нийгэмлэг хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг".

Нөгөөх нь “Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын “Газпром” нийтийн хувьцаат нийгэмлэг хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурсан байна. Хүмүүсийн гол анхаарлаа хандуулж байгаа зүйлс нь энэ.

2000 оноос ОХУ, БНХАУ хий дамжуулах хоолой байгуулах тухай яриа хэлэлцээрийг эхлүүлж байсан. Тухайн үед Монголын нутгаар хийн хоолой татах саналыг Монголын талаас тавьж байсан. Энэ санал яваандаа сураггүй болсон.

Тухайн үед ОХУ ч тэр, Хятад ч тэр Монголыг нэг их ач холбогдол өгч авч үзээгүй гэхэд болно. Харин 2018 оны Дорнодын эдийн засгийн чуулганы үеэр Путин Ши Жиньпинд “Сибирийн хүч 2” төслийг хэрэгжүүлье гэсэн санал тавьсан байгаа юм. Энэ саналд Хятадын тал зөвшөөрсөн хариу өгсөн бололтой.

2019 онд манай Ерөнхийлөгч энэхүү эдийн засгийн чуулга уулзалтад оролцохдоо хий дамжуулах хоолой гэхээсээ илүү Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээний асуудлаар ярьж, санал тавьж байсан. Үүний зэрэгцээ хийн хоолой тавих асуудлыг хөндсөн байсан. Үүнд ч Оросын тал нааштай хариу өгсөн.

“Сибирийн хүч 2” төсөл нь Оросын хойд хэсэгт орших Ямалаас Хятад руу татах төлөвлөгөө байгаа юм. Тэр нь Алтай хязгаараар явж байгаа. Казахстан Монголын хооронд Орос-Хятадын хилийн богино хэсгээр дайруулна гэж үзэж байсан. Манай нутаг дэвсгэрээр явуулах ойлголт байгаагүй. Одоо харин ОХУ манайхаар тавих сонирхол байна. Харин Хятад хийг гуравдагч орноор дамжуулахгүйгээр шууд Оросоос авах илүү сонирхолтой.

Гэхдээ Монголоор хийн хоолой барих асуудлыг зарчмын хувьд зөвшөөрсөн бололтой.

-Тэгэхээр манайхаар хий дамжуулах хоолойг тавих боломж бүрдсэн гэж ойлгох уу?

-Уг нь “Сибирийн хүч 2” төсөл нь Хятадын баруун хэсгийн нутаг болох Шинжан руу орж байгаа. Гэхдээ сүүлийн үед энэ хэсгээр хийн хоолой тавихгүй байх хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн байх. Үүнд эдийн засгийн үр ашиг болон аюулгүй байдлын асуудал байгаа. Хятад баруун талаараа Казахстан болон Туркменистанаас байгалийн хий авдаг.

Мөн Шинжанд ч гэсэн тодорхой хэмжээний нөөц байгаа. Тэр үүднээсээ баруун чиглэлээ хангачихна гэсэн бодолтой байна. Гэхдээ сүүлийн үед Хятадын баруун хэсэг тэр дундаа Шинжанд, мөн хил орчмын нөхцөл байдал аюултай, тогтворгүй болоод байна. Тэгээд ч Алтайн нуруугаар хийн хоолой тавина гэдэг асар их зардалтай болох учраас Оросын саналыг зөвшөөрч байж магадгүй. Тэгэхлээр Шинжанаар хийн хоолой тавьсны дараа түүний аюулгүй байдлыг хангах хэрэгтэй болно.

Эцсийн дүндээ Хятад Монголоор дайруулахыг зөвшөөрье гэсэн хариулт өгсөн бололтой. Ямар утгаар бололтой гэж байна гэхээр Путин Газпормын удирдлагад (төрийн өмчит компани) энэ асуудлыг судлах үүрэг өгч, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айлчлалаар Газпромтой харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж байгаа нь Монголын нутгаар хий дамжуулах хоолой тавих боломж бүрдчихлээ гэж ойлгохоор байна. Энэ төсөл хэрэгжих, ажил хэрэг болох боломжтой болсон гэсэн үг.

-Хэдий хугацаанд манай улсаар хий дамжуулах хоолойг тавих талаар судлах бол. Судалж байна гэх нэрийдлээр манайхыг тойроод явчихыг үгүйсгэхгүй юм...

-Хэрвээ Засгийн газрын түвшинд судалж үзнэ гэж хэлсэн бол энэ төсөл хэрэгжих эсэх болон хаагуур татах нь тодорхойгүй байх байлаа. Монголоор тойрох байсан бол Монголын талтай ярих ч үгүй. Харин одоо төслийг шууд хэрэгжүүлэх Газпром компанид судлах үүрэг өгч, санамж бичиг байгуулж байна гэдэг нь Монголоор хийн хоолой тавих боломжтой болсныг харуулж байна.

Газпром бол төрийн өмчит компани, мөн төсөл хэрэгжүүлэх талаарх судалгаа хийх учраас Монголоор дайруулна гэсэн үг. Харин одоо Газпром энэ төслийг хэрэгжүүлэхэд ТЭЗҮ-ээс эхлээд ашигтай юу, үгүй юү, ямар зардлаар хоолойг тавих зэрэг асуудлуудаа үүргийн дагуу судлах байх.

Манайхаар дамжуулахыг судалж үзэхэд ойролцоогоор нэгээс хоёр жил болно байх. Харин барих асуудал бол өөр. “Сибирийн хүч” төслийг 2014 оноос хэрэгжүүлж эхэлсэн ч 2019 онд л Хятадтай холбон сая нээлтээ хийж байна.

Гэхдээ Орос хоосон газраар хийн хоолой тавиагүй. Алс дорнодод өмнө нь тавигдсан хоолойн дээр суурилан нэмж залгаж хийсэн. Тиймээс их тойрсон. “Сибирийн хүч” төслийг таван жилийн хугацаанд барьсан байх нь.

Хэрвээ Монголоор хийн хоолой татах болбол судалгаатайгаа нийлээд 5-6 жил болох байх гэж бодож байна. Мэдээж манайд хий дамжуулах хоолой тавигдсанаар бид дамжин өнгөрсний татвар авахаас гадна үүнийг дагаж манай эдийн засгийн коридор, авто тээвэр, төмөр зам хөгжинө. Мөн эрчим хүч, дулаан ороод ирэхээр суурин газрууд хөгжих үндэс бүрдэх юм.

-ОХУ-аас судалж үзье гэсэн боловч Хятадын талаас ямар нэг байр суурь илэрхийлээгүй байгаа. Хятад ямар хариу өгөх бол гэдэг сонин байна...

-Хятадад эрчим хүчний хэрэгцээ жилээс жилд нэмэгдэж байгаа. Хүрээлэн буй орчны асуудал, агаарын бохирдлоос үүдэж дулааны цахилгаан станцуудаа хааж байгаа. Одоогийн байдлаар Хятадын эрчим хүчний дөнгөж таван хувийг байгалийн хий эзэлж байгаа.

Гэхдээ 2030 он гэхэд 30 хувьд хүргэх зорилт тавьсан. Гэвч байгалийн хийг хүссэн хүсээгүй авч хязгаарын нутгуудаа хангах шаардлага гарч байгаа. “Сибирийн хүч” Хятадын зүүн эргийн нутгуудыг байгалийн хийгээр хангах юм. Бээжингээс эхлээд Шанхай хүртэл тавигдчихсан. Харин “Сибирийн хүч 2” төсөл бол Хятадын төв хэсгийг байгалийн хийгээр холбох бодлого юм.

Энэ утгаараа Хятадын хувьд чухал. Гэхдээ “Сибирийн хүч 2” хаагуур тавих нь Хятадын хувьд бодох шаардлагатай. Баруун талаас Казахстан, Туркменистанаас хангаж байгаа ч Оросын байгалийн хийг Монголоор дамжуулах нь илүү аюулгүй гэсэн байр сууринаас одоо хандаж байх шиг байна.

-Өмнө нь Хятад манай улсын нутаг дэвсгэрээр дамжуулахаас татгалзаж байсан...

-Өмнө нь Хятад манайхаар дамжуулахаас татгалзаж байсан гэдгээр харах бус “Сибирийн хүч 2” төслийг хүлээж авахгүй цааргалдаг байсан. Энэ талаар Оросын шинжээчид ч бичиж байсан. Гэхдээ түрүүн хэлсэнчлэн Хятад хийн хоолойг гуравдагч улсаар дамжуулах сонирхолгүй. Энэ нь эдийн засгийн хувьд ч, аюулгүй байдлын хувьд ч тооцох зүйл нэмэгдэж байна гэсэн үг. Тиймээс ОХУ хэрэглэгч нь үгүй гэж байхад юу ч хийж чадахгүй.

2018 оны Алс дорнодын эдийн засгийн чуулганы үеэр Оросууд Хятадын талд санал тавихад дургүйцээгүй бололтой. Оросын ашиг сонирхолд Монгол Улсаар хийн хоолой татах нь бүрэн нийцэж байгаа. Гэхдээ Орос яах бол гэж хэтэрхий хардах илүүц байх. ОХУ өмнөд Сибирийн бүх хотоо байгалийн хийгээр хангах, систем байгуулах бодлого явуулж байгаа. Үүнийгээ газификац гээд байгаа юм.

Баруун сибирь, өвөр байгалийн хотуудыг дулаанд холбох том хэмжээний төсөл явж байгаа. Одоо Хятад руу тавьсан “Сибирийн хүч” хийн хоолой нь Байгал нуурын хойгуур явдаг. Наана нь Чит, Улаан-Үд, Эрхүү хотууд байна.

Тэгэхээр энэ хотуудыг тогтвортой хийгээр хангах шаардлагатай болж байгаа юм. Үүнд өртгөө нөхөх хэцүү хоосон зардал гаргахыг оросууд бодохгүй. Тиймээс гадагшаа экспортолж, зардлаа нөхөх давхар бодлого явуулж байна. Хязгаарын хотуудаа хөгжүүлэх гэж оролдож байна гэсэн үг.

Хийн хоолойн асуудлаас гадна Орос Улаан-Үдээс наашаа Галуут нуураар дамжин Улаанбаатар руу, эсвэл Дархан руу эрчим хүч явлаа гэхэд буцахдаа Хөвсгөлөөр дамжаад Туваг цахилгаанжуулах хэрэгтэй байгаа юм. Тува бүр орхигдчихсон, хөгжлөөс хоцорчихсон, хязгаар нутаг шүү дээ. Жил бүр Тувад дулааны цахилгаан станц нь хөлдөж онцгой байдал руу ордог. Жилээс жилд энэ давтагддаг л зүйл.

-Хятадууд манай улсаар дамжуулахгүй гэх үндэслэл бий юү?

-Оросууд Хятадтай ямар нэгэн ойлголцолд хүрсэн учраас л Орос ийм алхам хийж байгаа гэж ойлгож байгаа учраас ямар нэг асуудал гарахгүй байх. Харин манайхаар хий дамжуулах хоолой Оросын хөрөнгөөр барилаа гэхэд хэдэн хувийг нь Монгол, хэдэн хувийг нь Орос эзэмших вэ гэх асуулт гарч ирнэ. Дамжин өнгөрүүлэх тариф хэд байх зэрэг асуудлууд байгаа. Одоо Хятад Оросоос хийг үнээр нь шууд авч байна. Харин дамжин өнгөрөх шугамаар явлаа гэхэд Монголын татварыг нэмээд хэдээр Хятад авах вэ гэх асуудлууд үүснэ. Энэ бүгдийг хоёр том гүрэн тооцоолж байгаа нь ойлгомжтой.

-Манай улсаар дамжих хийн хоолойг барихад хоёр гүрэн хамтрах болов уу. Ямар сонирхол явж байгаа бол?

-Оросын байгалийн хийг нийлүүлэгч төрийн өмчит компани нь Газпром байгаа. Хятадад ч мөн газрын тос, байгалийн хий олборлолтын төрийн өмчит компани (CNPC) байгаа. Сая тэд хамтран ажиллаад “Сибирийн хүч” төслийг хэрэгжүүллээ.

Ямар ч байсан Монголын тал Газпромтой санамж бичиг байгуулчихлаа. Өөрөөр хэлбэл, хийн хоолой тавих тохиолдолд Оросын талаас л хөрөнгө оруулна. Аль улсын мөнгө урсаж байна, тухайн улсын ашиг сонирхол хамт орж ирнэ.

Одоогийн байдлаар хоёр том гүрэн хий дамжуулах хоолой барихад хамтрахгүй болж харагдаад байна. Хятад энэ талаар ямар байр суурьтай байгааг харах хэрэгтэй байна.

Зураг
x