Зураг
Зураг
Индэр    
2018 оны 3 сарын 13
Зураг
iKon.mn сэтгүүлч, Эдийн засаг, Санхүү

С.Баясгалан: Хойд Солонгос, АНУ уулзалтаа Монголд “тоож” зохион байгуулах уу гэдэг бол ЭХНИЙ АСУУДАЛ

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

МУИС-ийн Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулийн багш, доктор /Ph.D/ С.Баясгалантай Америкийн Нэгдсэн Улс, Хойд Солонгосын төрийн тэргүүнүүдийн уулзалт, үүнийг Монголд зохион байгуулах боломж, олон улсын харилцааны чиг хандлагын талаар ярилцлаа. 

-АНУ-ын Төрийн тэргүүн Дональд Трамп, БНАСАУ-ын төрийн тэргүүн Ким Жон Ун нар 2018 оны тавдугаар сард уулзахаар болсон тухай мэдээлэл гарсан. Уулзалтын тов, байршил хараахан тодорхой болоогүй. Энэ үед Зүүн хойд Азийн бүс нутаг дахь төвийг сахисан Монгол Улс уулзалтыг нутаг дэвсгэртээ зохион байгуулах боломжтой гэсэн мессежийг дэлхий дахинд өглөө. Гэхдээ биелэх боломжтой юу?

-Албан бусаар бид хандлагаа илэрхийлчихсэн гэж ойлгож байна. Яагаад гэвэл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж энэ талаар олон нийтийн сүлжээнд мэдээлэл хийсэн байна лээ. Мөн бид өмнө нь АСЕМ, Япон-БНАСАУ-ын уулзалт, хоёр Солонгосын асуудлаарх нэг биш удаагийн уулзалтыг зохион байгуулсан. Тийм учраас олон улсын хэмжээний уулзалт зохион байгуулах туршлага бол бий.  Дональд Трамп, Ким Жон Ун нар өөрсдөө уулзах учраас тэднийг дагаж өндөр хэмжээний бүрэлдэхүүн ирэх нь тодорхой. Бид уулзалтыг Монголд зохион байгуулахад бэлэн ч тэд манайд уулзалтаа зохион байгуулахгүй болов уу гэж үзэж байна. ​Хойд Солонгос, АНУ манай улсад уулзалтаа “тоож” зохион байгуулах уу гэдэг бол эхний асуудал.

Хоёрдугаарт АНУ Хойд Солонгосыг харж байгаа. Хойд Солонгосын талаас уулзах санал эхлээд тавьсан. Гэхдээ тэр саналыг Өмнөд Солонгосын төлөөлөгчид АНУ-д тавьж, гурван талт уулзалт зохион байгуулах сонирхолтой байсан. Харин Хойд Солонгосын хувьд зургаан талт хэлэлцээ явагдаж байх үед ч гэсэн АНУ-тай дангаараа уулзах сонирхолтой байгаагаа илэрхийлж байв.

Өнгөрсөн хугацаанд АНУ-ын талаас цөмийн хөтөлбөрөө зогсоох саналыг Хойд Солонгост байнга тавьж ирсэн, одоо ч тавьсаар байна. Хойд Солонгосын талаас цөмийн туршилтыг цаашид хийхгүй гэдэг дээр яриа хэлэлцээ хийх боломжтойг хоёр тал хүлээн зөвшөөрөөд байна.

-Монголд уулзалт зохион байгуулах нь бараг боломжгүй хувилбар юм бол хаана хамгийн боломжтой вэ?

-Хамгийн боломжит хувилбар нь хоёр Солонгосын хил дээр байдаг Панмунжом тосгон юм. Энэ нь Demiliterized Zone буюу зэвсэггүй бүс. Бусад орон гэхээр Швед, Швейцарь гэх мэт төвийг сахисан орнууд зохион байгуулах сонирхолтой байна.

Бид нарын хувьд Зүүн Хойд Азидаа хамгийн боломжит хувилбар нь. Нэгдүгээрт Монгол дефакто төвийг сахисан улс. Хоёрдугаарт 1992 оноос 2002 он хүртэл ажиллаж байж дангаараа “цөмийн зэвсгээс ангид” гэдэг статусыг их гүрнүүдээр хүлээн зөвшөөрүүлсэн.

Гэхдээ энэ нь АНУ, Хойд Солонгос яриа хэлэлцээгээ явуулахад ямар ч ач холбогдолгүй. Харин бид их гүрнүүдээр “цөмийн зэвсгээс ангид” гэдгээ хүлээн зөвшөөрүүлж чадсан гэдэг утгаараа эерэг уур амьсгал бий болгох боломжтой.

Хамгийн гол нь энэ хоёр улс Монгол Улсыг тоох уу гэдэгт асуудал байгаа юм. Уг нь газар зүйн байршил, аливаа нэг улсын ашиг сонирхол орохгүй гэдэг утгаараа Улаанбаатар боломжит хувилбар.

-Зэвсэггүй бүсэд уулзана гэхээр АНУ-ын Ерөнхийлөгч өөрөө Солонгосын хойгт очно гэсэн үг.Тэгэхээр олон улсад АНУ илүү буулт хийгээд байгаа юм шиг харагдах байх. Тиймээс Панмунжом тосгонд уулзалт болох боломжгүй гэж зарим хүн үзэж байна?

-Боломжтой. Яагаад гэвэл Өмнөд Солонгос бол АНУ-ын холбоотон. Зүүн Хойд Азийн бүс нутагт тогтвортой байдлыг бий болгоход бүх улс зөвшилцөлд хүрч, хоёр талын уулзалтыг зохион байгуулж байгаа нь өөрөө том үр дүн гэдэг утгаар нь ойлгоно. Олон улсын харилцаанд нэг үйлдлээр дүгнэх нь хэтэрхий өрөөсгөл.

-Хойд Солонгосын удирдагчид хол явж уулзалт хийдэггүй туршлага бий. Тухайлбал Хойд Солонгосын өмнөх удирдагчид онгоцоор нисдэггүй байсан. Энэ нь манайд давуу тал болж чадах уу?

-Тийм туршлага бий. Гэхдээ тэр нь одоогийн Хойд Солонгосын тэргүүн гэхээсээ илүү өвөг эцэгтэй нь холбоотой. Онгоц аюултай учраас галт тэргээр Орос, Хятад гэсэн хоёр орон руу л явдаг байсан юм.

Ким Жон Уны хувьд гадагшаа төдийлөн явж байгаагүй учраас хол явахгүй байж магадгүй гэсэн таамаглалыг дэвшүүлж болно. Газар зүйн байршлаар хамгийн ойрхон учраас Монгол байж болно гээд байгаа. Тэглээ гээд БНХАУ-д уулзалтаа зохион байгуулахыг үгүйсгэхгүй. БНХАУ нь цаад утгаараа Хойд Солонгосын найдвартай ар тал болж байна.

Нөгөө талаараа АНУ БНХАУ-ыг Хойд Солонгост нөлөөлөхийг удаа дараа “гуйж” байсан. Хойд Солонгост нөлөөлж чадах цорын ганц улс нь БНХАУ гэдгийг хүлээн зөвшөөрдөг учраас урд хөршийн аль нэг хотод уулзалт хийхийг үгүйсгэхгүй.

"Ким Жон Ун өөрийн дэглэмийг хамгаалахад Хятадын онцлогтой социализмаар явах нь зөв юм байна гэдгийг нэлээн сайн ойлгочихсон"

 
Гэрэл зургийг MPA.mn

-Ким Жон Ун бодлогоо яагаад өөрчлөх болов. Уулзалт хийхээр болсон үйл явдлаас бид ямар дүгнэлт хийж болох вэ?

-Хойд Солонгос цөмийн зэвсэгтэй болсон гэдгийг бүх улс орнууд бодитоор хүлээн зөвшөөрчихсөн. Миний ажиглаж буйгаар Хойд Солонгос дахиж цөмийн туршилт хийхгүй. Туршилтаа хангалттай гэж үзсэн. Тийм учраас бодлогоо ч гадагш нь чиглүүлж эхэллээ.

Хойд Солонгосын эсрэг АНУ, НҮБ, дэлхийн хамтын нийгэмлэгүүд хориг тавиад байхад ажрахгүй, гүрийгээд байсныг бид мэднэ. Одоо хориг тавьсан байсан ч хамаагүй АНУ-тай уулзахад бэлэн байгаагаа илэрхийлж байна.

Энэ гэнэтийн үйл явц 2018 оны 1 дүгээр сарын 1-нээс эхэлсэн гэж ойлгож байгаа. Тухайн өдөр Ким Жон Ун ард иргэддээ хандаж шинэ оны мэнд дэвшүүлэхдээ бодлогоо аядуу болгож буйгаа барууны орнууд болон Япон, Өмнөд Солонгост харуулсан. Дараагийн алхам нь Өмнөд Солонгост болсон Пёнчаны өвлийн олимпийн наадмаар гадаад бодлогоо идэвхтэй яриа хэлэлцээрийн чиглэл рүү оруулж байснаар харагдана.

-Бодлогоо ийнхүү “зөөлрүүлж”, гадагшаа нээлттэй болж буйгийн шалтгаан нь юу вэ?

-Ким Жон Ун өөрийн дэглэмийг хамгаалахад Хятадын онцлогтой социализмаар явах нь зөв юм байна гэдгийг нэлээн сайн ойлгочихсон байна. Тийм учраас гадаад улсуудтай харилцахгүй бол болохгүй гэдгийг сайн ойлгож байгаа. Хойд Солонгос гадаадын хэвлэлээр бичээд байгаа шиг аймар болчихсон, өлсгөлөнд нэрвэгдсэн гуйлгачин орон биш шүү гэдгийг Пёнчаны олимпийн үеэр дүү нь харуулсан. Нөгөө талаас АНУ, Өмнөд Солонгос харин буулт хийж байгаа. Дональд Трамп цөмийн зэвсгийн асуудал дээр буулт хийхгүй ч хүлээн авч уулзана гэдэг нь бусад асуудалд буулт хийж байна гэсэн үг. Учир нь АНУ-ын өмнөх ямар ч ерөнхийлөгч Ким Жон Унтай нүүр нүүрээрээ уулзалдахыг хүлээн зөвшөөрдөггүй байсан шүү дээ.

-Хоёр орны удирдагчдын уулзалтын үр дүнд ямар хүлээлттэй байна?

-Хойд Солонгос, АНУ-ын яриа хэлэлцээ хэр зэрэг хол хүрэх вэ гэдэг нь чухал. АНУ цөмийн зэвсгийн эсрэг байр суурин дээрээ хатуу байна. Үүнийг Ким Жон Ун мэдэж байгаа. Тиймээс яриа хэлэлцээний үр дүн хоёр хувилбартай байж болохоор байна.

Эхнийх нь Хойд Солонгос цөмийн хөтөлбөрөөсөө татгалзана, хоёр дахь нь татгалзахгүй. Татгалзахгүй бол Хойд Солонгосын яриа хэлэлцээ удаан үргэлжилнэ. Хэрэв татгалзахаар бол яриа хэлэлцээ нэлээн ахицтай байна гэсэн үг.

Татгалзах гэдгийг ямар утгаар нь ойлгох вэ гэвэл Хойд Солонгос 2017 он хүртэл цөмийн туршилт болон тив алгасагч алсын тусгалтай пуужингийн туршилтаа бүрэн хийж дууссан. Тэд цөмийн зэвсгээ устгасан ч технологийг нь эзэмшчихсэнд гол асуудал бий. Жишээ нь Япон улсад цөмийн технологи байгаа ч цөмийн зэвсэггүй улс. Шаардлагатай гэж үзвэл Япон улс цөмийн зэвсэгтэй болоход 6 сарын хугацаа хангалттай. Тэр утгаараа Хойд Солонгос цөмийн зэвсгийг яаж хийхээ мэддэг болсон. Тив алгасах пуужин нь 13 мянган км-ийн тусгалтай гэхээр АНУ-ын хаана ч хүрнэ. Цөмийн зэвсгээ тив алгасагч пуужинд хийх боломжтой бөгөөд 2017 оны есдүгээр сард ус төрөгчийн бөмбөг туршсан гэдгээ өөрсдөө зарлачихсан шүү дээ.

Энэ бүх үйл явцыг харахад айдгаа авдартаа хийчихсэн Ким Жон Ун дипломат арга замаар цаашид АНУ-тай харьцах бодлогоо эхлүүлж байна.

-Үүнийг энхтайван батжиж байна гэж ойлгох уу, цөмийн зэвсгийн технологийг эзэмшчихсэн учраас илүү аюултай нөхцөл байдал үүсч байна гэж ойлгох уу?

-Одоогийн байгаа аюулгүй байдлын асуудал харьцангуй гайгүй болж байна гэж ойлгоно. Товчоор бол айлгах үйл явц үгүй болж байна.

Гэхдээ цаашид Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудал тааварлах боломжгүй нөхцөл байдал руу орж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл бүс нутгийн бусад орнуудын гадаад бодлого хэн гарч ирснээс хамаарч яаж ч өөрчлөгдөж болно. Түүнийг дагаад аюулгүй байдлын нөхцөл байдал яаж ч өөрчлөгдөж болно гэсэн үг.

-Тааварлашгүй энэ нөхцөл байдалд Монгол Улс ямар гадаад бодлого баримтлах нь хамгийн зохимжтой вэ?

-Бид энхийг эрхэмлэсэн, уламжлалт гадаад бодлогоо хэрэгжүүлж байгаа. Үүгээрээ явна. Төвийг сахих асуудал дээр албан, албан бус гэхээсээ үл  хамаараад бид төвийг сахисан бодлого явуулж байгаа. Энхийг эрхэмлэсэн, төвийг сахисан энэ байр суурь маань Зүүн Хойд Азид хэзээ нэгэн цагт хувь нэмрээ оруулах нь гарцаагүй. Яагаад гэвэл энэ бүс нутгийн орнуудын хооронд аливаа асуудал үүсэхэд Швейцарь, Швед гэхээсээ илүү газар зүйн нөхцөл байдлаараа Монголыг сонгох нь гарцаагүй. Тэр үед бид нэлээн туршлага суучихсан, эвлэрүүлэн зуучлах, тоглолт хийх хэмжээний чадвартай болчихсон байх хэрэгтэй. Одоохондоо бид эвлэрүүлэн зуучлах гэхээсээ илүү өндөр хэмжээний уулзалтыг зохион байгуулах туршлагатай болчихсон байгаа. Олон улсын харилцаа өнөөдөр дуусчихгүй. Ирээдүйд Монголын нөлөө зуучлах хэмжээнд очиж ихэснэ. Бид тэрний төлөө ажиллах хэрэгтэй.

-Одоогоор АНУ, БНАСАУ-ын уулзалтыг Монголд зохион байгуулах саналыг албан ёсоор тавиагүй байгаа. Энэ талаар Гадаад хэргийн яамнаас ямар ч мэдээлэл өгөөгүй. Саналаа албан ёсоор тавих шаардлагатай юу?

-Алхам хийсэн хийгээгүй нь бидэнд сонин биш. Хамгийн гол нь тухайн хоёр улс тохиролцоод уулзахаар бол Монголд хүлээж авахад бэлэн шүү гэдэг мессеж өгсөн нь чухал.

Асуудал нь Монголыг тоох уу гэдэгтээ л байна гэж дахин хэлье. Жишээ нь Монгол Улсын Ерөнхийлөгч Хойд Солонгост айлчлахад Ким Жон Ун хүлээн авч уулзаж байгаагүй. Хойд Солонгос жижиг улсыг тоодоггүй. Тэр ч бүү хэл Япон, Өмнөд Солонгосыг ч тоодоггүй. АНУ-тай л ярина гэдэг. Өмнө нь болсон зургаан талт уулзалтаар ямар ч үр дүнд хүрээгүйн шалтгаан нь Хойд Солонгос бодлогоо номлосонтой л холбоотой.

Пёнчаны олимпийн үеэр ч гэсэн Хойд Солонгос уулзъя гэхэд Өмнөд Солонгос бүх хоригоо нүдээ аниад л өнгөрөөж байна. Буулт хийж байна гэсэн үг. Хэвлэл мэдээллээр Хойд Солонгосыг буулт хийж байна гэж мэдээлж байгаа нь буруу ойлголт. Эсрэгээрээ Хойд Солонгос айдгаа авдартаа хийчихээд одоо яриа хэлэлцээрийн арга руугаа орж байна. Гадаад бодлогын чигээ өөрчилж, өөрт ашигтай болголоо. Үүнийг шатраар бол нэлээн сайн нүүдэл хийж тоглож байгаатай зүйрлэж болно.

-Хойд Солонгос, Монгол найрсаг, дулаан уур амьсгалтай орнууд. Гэхдээ сүүлийн үед Монголыг тоохоо больсон нь юутай холбоотой вэ?

-Ганц Монголыг гэхгүй. Олон улсын харилцаа гэдэг бодлогын шинжтэй нүүдэл байдаг. Энэ нүүдлээр бол Хойд Солонгосын хувьд АНУ, БНХАУ-тай л цөмийн хөтөлбөрийн асуудал дээр яриа хэлэлцээ тоож хийнэ. Монгол гэхгүй Өмнөд Солонгос, Япон хоёрыг ч тоодоггүй улс.

-АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрөө сонирхолтой сэдэв. Хувь хүнийх нь ямар онцлог энэхүү яриа хэлэлцээнд нөлөөлөх бол?

-Трамп анх АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшиж байхдаа л өмнөх бүх ерөнхийлөгчдийн Хойд Солонгосын талаар явуулж байсан бодлого үр дүнд хүрээгүй, “failed” гэж хэлж байсан. Дампуурсан гэсэн үг.

Өөрөө Ерөнхийлөгч болоод эхэн үедээ Хойд Солонгосыг айлган сүрдүүлэх, хүч хэрэглэх гэж үзсэн. Жишээ нь Номхон далайд байсан АНУ-ын хоёр ч хөлөг онгоцыг Хойд Солонгосын зүг явуулж, гурван ч удаа алсын тусгалын пуужинг Япон давуулж харваж байлаа. Тэрнээс нь болоод Япончууд айгаад пуужингийн дайралтаас эсэргүүцэн хамгаалах системийг хүртэл байрлуулсан. Сүүлдээ Трамп аргаа бараад БНХАУ-д айлчлахдаа БНАСАУ-д нөлөөлөх асуудлыг ярьсан. Дараагийн арга хэмжээ нь Хойд Солонгостой санхүүгийн харилцаатай орнуудыг хоригт оруулна гэсэн нэмэр болоогүй. НҮБ-ын хориг Хойд Солонгост нөлөөлснөөр буулт хийж байна гэвэл эндүүрэл. Хориг тавигдсан үед тэд пуужин, цөмийн туршилтаа хийж л байсан. Бүгд нэмэр болоогүй. Хойд Солонгос тоглолт хийгээд байна.

Үүн дээр Трамп ямар бодлоготой байна вэ гэдэг нь бас их сонин асуудал. Трампыг анх гарч ирэхэд АНУ-ын томоохон зүтгэлтнүүд ямар ч улсыг удирдах туршлагагүй, төрийн алба хашиж байгаагүй гэдгийг нь хэлж байсан. Өнөөдөр АНУ-ын гадаад бодлого, дотоод үйл ажиллагааг явуулж байгаагаас нь харвал Трамп компанийн захирал маягаар ажиллаж байгаа. Тэгэхээр яриа хэлэлцээ хийх урлаг талдаа Трамп бусад хүмүүсээс илүү дээр байж болохыг үгүйсгэхгүй. Гэхдээ тавдугаар сарын сүүлээр хоёр улсын уулзалт болох тохиолдолд Трамп хэр зэргийн хэлэлцээ хийж чаддаг хүн бэ, хэр зэргийн бодлого боловсруулагч вэ гэдэг нь харагдана.

-Болох тохиолдолд гэж ярьж байгаагаас үзвэл болохгүй ч байж магадгүй гэсэн үг үү?

-Ким Жон Уны характераас л хамаарна. Пёнчаны олимп дээр хоёр Солонгос хоорондоо уулзах ёстой байсан. Гэтэл яг уулзахаасаа өмнө Хойд Солонгосын талаас больчихсон. Тавдугаар сар хүртэл зай байна. Гэхдээ өөдрөгөөр харахад энэ уулзалт болоосой гэж бодож байна. Харин үр дүнг нь үйл явц л харуулна.

-Хойд Солонгос цөмийн зэвсгийн технологитой болчихлоо. Одоо Ким Жон Уны дараагийн зорилт юу байх бол?

-Эдийн засгаа хүчирхэг болгох бодлого руу орж байна. Энэ жил Ким Жон Ун ард түмэндээ зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувиар биш, барууны хэв маягаар хослол өмсөж мэндчилгээ дэвшүүлсэн нь нэг юм хэлээд байна. Ким Жон Ун дэглэмээ хамгаалахын тулд ертөнцөөс тусгаарлагдаж болохгүй гэдгээ урьдчилаад харчихлаа.

Учир нь дэлхийд эдийн засгаараа хоёрдугаарт ордог том гүрэн даргаа насан туршид нь байлгахын тулд саяхан Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулсныг бид мэдэж байгаа. Энэ нь Ким Жон Унд нэг хүний дарангуйллын тогтолцоо цаашаа явах боломжтой гэдэг дохио өглөө.

Дэлхий ертөнц эргэх тийшээ хандаад байна. Бид өнөөдөр либерал ардчилал гэж явж байна. Гэхдээ олон улсын харилцаа тааварлаж боломгүй. Хоёрдугаарт, хэн нэгэн дүрмийг нь зохиодоггүй. Хүчний тэнцвэр дээр л тогтдог.

"хүйтэн дайны үед байсан туйлын тогтолцоо дахиад хэлбэржиж эхэлж байна"

 
Гэрэл зургийг MPA.mn

-Дэлхий нийтийн гол өөрчлөлт, эргэлт нь юун дээр харагдаж байна?

-Олон улсын харилцаанд нэг “аюултай” өөрчлөлт гарч байгаа нь өнөөдрийг хүртэл барууныхны "диктатор" гэж цоллодог насан туршийн удирдлага оршин тогтнох асуудал эргэлзээтэй байсан. Гэтэл дэлхийд нөлөө бүхий, цөмийн зэвсэгтэй, эдийн засгаараа хоёрдугаарт, хүн амаараа нэгдүгээрт ордог улс /БНХАУ/ үйл явцыг өөр чиглэл рүү оруулах гэж байна. Энэ үйл явц нь яваандаа биднийг араасаа чирнэ. Монгол яваандаа тоталитар руу орж магадгүй. Гэхдээ үүнийг 10 жилээр ярихгүй. Ерөнхийдөө 10 жилээс цааш хийгдэх өөрчлөлт юм.

-Өөрчлөгдөхөөс аргагүй болохоор уу?

-Олон улсын харилцаанд аюулгүй байдал, тусгаар тогтнолын асуудал л хамгийн чухал зүйл байдаг. Алтны дэргэдэх гууль шарлана гэсэн үг бий. Хятад гэдэг том “алт”-ны дэргэд бид байгаа. Хятад  бол маш хүчтэй соронз. Европ руу чиглэсэн гадаад бодлоготой, нийслэл нь Европт байдаг ОХУ-ыг өөртөө татаж байгаа улсын хажууд Монгол юу вэ. Үндсэндээ бол ардчилсан тогтолцоотой гэж байгаа боловч ОХУ-ыг авторитар тогтолцоотой гэж хэлж болно. Казахстан бараг тоталитар. Тэгэхээр хүйтэн дайны үед байсан туйлын тогтолцоо дахиад хэлбэржиж эхэлж байна.

-Монголд Ерөнхийлөгчийн засаглалтай болох шаардлагыг нийгмийн зарим хэсэг бүлгээс тавьж эхэлсэн. Энэ нь таны хэлээд байгаа ирээдүй рүү чиглэж байгаа эхний үзэгдэл үү?

-Ерөнхийлөгчийн засаглалтай орон болгоныг нэг хүний дэглэмтэй гэхгүй. Харин ерөнхийлөгчийн дор байгаа хүмүүс хэлснийг нь үг дуугүй биелүүлэхийг нэг хүний дэглэм гээд байгаа юм. Гадаад нөхцөл байдал тухайн улсад хүссэн хүсээгүй нөлөөлдөг. Жижиг улсад орчин нь өөрийн эрхгүй нөлөөлнө. Орчин нөлөөлөөд эхлэхээр нийгэм энэ талаар ярьж эхэлдэг гэсэн үг. Авторитар, тоталитар дэглэмтэй хоёр том улсын дунд жижигхэн Монгол байна. Бид чадах чинээгээрээ л дэлхий рүү хашхирч байгаа.

-Баянбүрд гэсэн байдаг.

-Тийм. Баянбүрд гэдэг нь голоо олсон тодорхойлолт. Гэхдээ асуудал нь энэ чигээрээ хэр тэсэх вэ гэдэг л байна.