Зураг
Зураг
Индэр    
2018 оны 3 сарын 27
Зураг
iKon.mn сэтгүүлч, Эдийн засаг, Санхүү

Татварын хар жагсаалтаас хортой "Саарал жагсаалт"

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

Хулгайч бусдаас хулгайлсан гар утсаа худалдааны төвд борлуулаад, борлуулагч нь иргэдэд дахин худалдах нь мөнгө угаах гэмт хэрэг болдгийг та мэдэх үү?  Учир нь борлуулагч гэмт хэргийн замаар орж ирсэн эд зүйлсийг борлуулснаар хулгайчийн орлого нь хууль ёсны болж харагдаж байгаа юм. 

“Мөнгө угаах” гэж илт хууль бусаар олсон хөрөнгийг мэдсээр байж олж авсан, хувиргасан, шилжүүлсэн, эсхүл хууль ёсны байдалтай болгохын тулд эх үүсвэрийг нь халхавчилсан, нуун далдалсан, өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг шилжүүлсэн, бодит шинж чанар, хэлбэр, байршлыг нь өөрчилснийг хэлнэ гэж Мөнгө угаах, Терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Монгол Улсын хуульд тодорхойлжээ. 

Товчоор бол гэмт хэргийн замаар олж авсан хөрөнгийг гэмт хэргийн бус юм шиг харагдуулах аргыг мөнгө угаах гэнэ. 

Гар утасны жишээ микро түвшнийх бөгөөд улс төр, эдийн засгийн үлэмж эрх мэдэл бүхий хүмүүс мөнгө угаах гэмт хэргийг үйлдэж, авлига албан тушаалын хэргээ нуун дарагдуулах бололцоотой юм. Үүгээр ч зогсохгүй хар тамхи, хүний наймаа зэрэг үндэстэн дамнасан гэмт хэргээс олсон орлогоо цагаатгах гол арга нь мөнгө угаах. Чухам энэ шалтгааны улмаас л мөнгө угаах гэмт хэрэг дэлхий нийтийн анхаарлын төвд байж иржээ. 

"МОНГОЛ УЛСАД МӨНГӨ УГААХ ГЭМТ ХЭРГЭЭР ЯЛ АВЧ БАЙСАН ТОХИОЛДОЛ БАЙХГҮЙ"

Манайд энэ төрлийн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлээр зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар, хэрэв байнга, тогтвортой, албан тушаалаа ашиглаж үйлдсэн бол 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг. 

Гэхдээ Монгол Улсад Мөнгө угаах гэмт хэргээр Улсын дээд шүүхээс ял авч байсан иргэн, ААН байхгүй гэдэг нь бүр ч сонирхолтой үзүүлэлт юм. Тодруулбал хууль сахиулах байгууллагууд 2011 оноос хойш 4,345 хүнийг мөнгө угаасан байж болзошгүй асуудлаар шалгаснаас 46 хүний хэрэг мөрдөн шалгах шатанд шилжжээ. Улмаар 20 хүний хэргийг прокурорт шилжүүлснээс анхан шатны шүүхээр хоёр хүнд ял оногдуулсан аж. Прокуророос мөнгө угаах гэмт хэрэгт 2011 болон 2013 онд ял оногдуулж байжээ. Гэвч Дээд шүүхийн шатанд эдгээр хоёр хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. 

Ямар хоёр хэрэг байсан талаар сонирхоцгооё. 

Баримт 1: МИАТ-ийн хэрэг 

Төрийн өмчит МИАТ компаний 3 өндөр албан тушаалтанд байгууллагын хөрөнгө шамшигдуулж завшсан, мөнгө угаасан хэргээр анхан шатны болон давж заалдах шатны шүүхээс ял шийтгэл ногдуулжээ. Эдгээр албан тушаалтнууд 2 онгоцыг 2 өөр компанид давхар даатгуулах замаар 7.2 сая америк доллар завшсан хэрэгт буруутгагдсан юм. 2007-2010 оны хооронд тус албан хаагчид гадаадад байрлах хэд хэдэн банкны өөрсдийн дансаар нэг компанид төлбөр төлж, төлсөн мөнгийг эргүүлээд Монголын банкууд руу шилжүүлсэн байна. Дээд шүүх нь доод шатны шүүхийн оноосон 166'1 зүйл ангийг буруу ашигласан гэж дүгнэн Мөнгө угаах зүйл ангийг хүчингүй болгожээ. 

Баримт 2: Дээд шүүх хүчингүй болгосон Е-системийн хэрэг

Иргэний нисэхийн ерөнхий газрын 4 албан хаагч эрх мэдлээ урвуулан ашиглаж, тендерийн үйл ажиллагааг будлиантуулах замаар 426,904 ам.доллар (1,062,959,200 төг) завшжээ. Албан хаагчид үйлчилгээний төлбөрийн зарим хэсгийг хоёр албан хаагчийн гадаад дахь хамтарсан компани руу шилжүүлсэн. Анхан шатны болон давж заалдах шатны шүүхээс тэдэнд ЭХ-ийн 150.3 буюу мөнгө угаах, завшиж үрэгдүүлэх зүйл ангиар нийт 7 жил хорих ял оноожээ. Гэсэн ч Дээд шүүх Монгол Улсын банкны дансанд мөнгө хүлээн авсан албан хаагчдын үйлдэл нь ЭХ-ийн 166'1-р зүйл буюу “хууль бус эх үүсвэрийг нь нуух, далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах” хэмээн заасны дагуу үйлдэгдээгүй гэж үзэн доод шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгожээ.

Мөнгө угаах гэмт хэрэг нь банк, банк бус санхүүгийн байгууллага, даатгалын компаниуд, үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг этгээд, валют худалдах, худалдан авах үйл ажиллагаа эрхэлдэг этгээд, төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхэлдэг этгээд гэх мэт өргөн хүрээг хамарч болно.

Тиймээс энэ гэмт хэрэгтэй өргөн хүрээнд тэмцэх шаардлагатай байдаг. 

Х.Батчулуун: “Саарал жагсаалт”-д орох нь санхүүгийн системд ноцтой эрсдэл учруулах, банкны гадаад гүйлгээг зогсоох эрсдэлтэй

 
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын одоогийн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчин, FATF-аас /Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага/ өгсөн зөвлөмж, APG-ийн /Ази Номхон Далайн бүсийн Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх бүлэг/ харилцан үнэлгээний тайланг хэрэгжүүлсэн байдлаас хамаараад 2017 онд бид “саарал жагсаалт”-д орох тун эрсдэлтэй орноор нэрлэгдэж, эрчимтэй хяналтад орсон байна.

Мөн Монгол Улс хууль, эрх зүйн орчноо FATF-ын 40 зөвлөмжид нийцүүлэн  богино хугацаанд өөрчилж 2018 оны 10 дугаар сард эргэн тайлагнах үүрэг хүлээжээ. Одоогоор 40 зөвлөмжөөс 5-ыг нь л Монгол Улс хангасан байгаа. Гэхдээ FATF зөвлөмжийг 100 хувь хангах ганц л шаардлага тавьдаг хатуу байгууллага юм. 

Хэрэв "Саарал жагсаалт"-д орвол ямар эрсдэлтэй болох талаар Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албаны дарга Х.Батчулуун“Саарал жагсаалт”-д орох нь санхүүгийн системд ноцтой эрсдэл учруулах, банкны гадаад гүйлгээг зогсоох эрсдэлтэй байдаг.  Санхүүгийн системийн үйл ажиллагаанд доголдол үүсэхэд үр дагавар нь нийт эдийн засагт шууд мэдрэгдэж, аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулалт олоход  ч хүндрэлтэй болно. Оллоо гэхэд энэхүү хөрөнгө оруулалтынх нь зардал эрс нэмэгдэж, эцсийн бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлж, эцсийн хэрэглэгч болох энгийн хүмүүст дарамт болдог” гэдгийг онцлов. 

Олон улсын байгууллагуудаас хугацаатай даалгавар авсан Монгол Улс Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулиа зөвлөмжид нийцүүлэн өөрчлөх ажлаа эхлүүлжээ. Тухайлбал Хууль зүйн яам, Монголбанк зэрэг байгууллагууд хамтарсан ажлын хэсэг хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслөө боловсруулж энэ хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр болжээ. 

Гэхдээ зөвхөн хуулийн өөрчлөлт хийснээр FATF-ын шаардлагыг хангаж, санаа амарна гэж ойлгож болохгүй. Олон улсын байгууллагуудаас өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг хангах учиртай юм.

Тухайлбал APG-гээс хийсэн харилцан үнэлгээний тайланд "Монгол Улсад мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний бодлого үгүйлэгдэж байна" гэдгийг маш тодорхой дүгнэжээ.

Мөн 

  • Гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг Монгол Улсад болон гадаадад угааж байна. Монгол Улсад ийм орлогыг гол төлөв үл хөдлөх хөрөнгө, автомашин, хэрэглээний бусад барааг худалдан авахад ашиглаж, хуулийн этгээдээр дамжуулан угааж байгаа,
  • Авлигын хувьд гэр бүлийн гишүүдийн банкны дансанд хүлээн авсан мөнгийг гадны банк буюу оффшор дансанд шилжүүлэх, гадаадад компани байгуулахад ашиглаж байна,
  • Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх хууль тогтоомжийн үйлчлэл үл хөдлөх хөрөнгийн агентуудад хамаардаггүй. Үл хөдлөх хөрөнгийн секторт зохицуулалт байхгүйн дээр борлуулалтын шатанд олон төрлийн бизнес оролцдог. Тэд бэлэн мөнгө төлж буй худалдан авагчид хямдрал амладаг байж болзошгүй байна,
  • Монгол Улсад алт олборлож, улмаар албан бус дилерүүд, зуучлагчдад зарж борлуулдаг хууль бус уул уурхайн томоохон сектор ажилладаг байж болзошгүй байна" гэх мэт дүгнэлтүүдийг хийжээ.
2017 оны 12 дугаар сард Европын Холбооноос манай улсыг татварын асуудлаар хамтран ажилладаггүй орны хар жагсаалтад оруулж байсан билээ. Төр засгаас энэ асуудалд анхаарал хандуулж тун удалгүй жагсаалтаас гарсан. Тэгвэл 2018 оны 10 дугаар сар хүртэл мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх асуудлаар олон улсын байгууллагуудаас тавьж буй шаардлагуудыг хангаж чадахгүй бол бид татварын хар жагсаалтаас илүү хохирол учруулах FATF-ын "Саарал жагсаалт"-д орох дараагийн орон болох эрсдэлтэй байна. 

 

2018 оны байдлаар

FATF-ын саарал жагсаалтад орсон орнууд: Серби, Тунис, Ирак, Сири, Иемен, Этиоп, Шри Ланка

FATF-ын хар жагсаалтад орсон орнууд: Иран, БНАСАУ