Зураг
Зураг
Индэр    
УИХ-ЫН ГИШҮҮДЭД ЗОРИУЛСАН ХИЧЭЭЛ #2: ТӨГРӨГИЙН ХАНШ
Зураг
2018 оны 10 сарын 19
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор
Зураг
iKon.mn сэтгүүлч, Эдийн засаг, Санхүү

УИХ-ЫН ГИШҮҮДЭД ЗОРИУЛСАН ХИЧЭЭЛ #2: ТӨГРӨГИЙН ХАНШ

Валютын зохицуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг энэ өдрүүдэд хэлэлцэж байгаатай холбогдуулан 2016-12-15-нд нийтэлж байсан өгүүллийг дахин нийтлэв.

 

СЭДЭВ: ТӨГРӨГИЙН ХАНШИЙН САВЛАГАА

Хоёрдугаар хичээлээрээ бид ханшийн хэлбэлзэлд хүчтэй нөлөө үзүүлж буй ХҮЛЭЭЛТ түүнээс үүдэн гардаг ШОК хэрхэн үүсч буй талаар үзье.


ӨГӨГДӨЛ: 

Монголд сард 400 орчим (өдөрт 15-25) сая доллар эргэлдэж байна. Сайн саруудад арай их.

Гэтэл нөгөө талд нь 8.3 их наяд төгрөгийн хадгаламж, 12.5 их наяд төгрөгийн зээл буюу нийт 21 орчим их наяд төгрөгийн санхүүгийн хөрөнгө цаг, минут бүр хамгийн өгөөжтэй байршлаа хайж байдаг. Өөрөөр хэлбэл энэ мөнгөнүүд байшин болох уу, үйлдвэр болох уу, валют болох уу эсвэл гадаадад (оффшор) амрах уу гэдгээ хүлээж байдаг аж. 

Харин төгрөгийн ханшийн хувьд сард 0.5–1 хувь дээшээ, доошоо хөдлөх нь энгийн зүйл. Зарим сард хоёр хувь байх нь нэг их гайхах хөдөлгөөн биш.

Тэгвэл, энэ оны эхний хагас дуустал тайван байсан валютын зах яг юунаас болоод 8-11-р саруудад өдөрт/сард 100-400 төгрөгөөр огцом хөдлөв гэдгийг зах зээлийн ХҮЛЭЭЛТТЭЙ холбон тайлбарлая. 

Ханш сүүлийн 10 жилийн хугацаанд гурав дахь удаагаа л ингэж огцом савж байгаа нь энэ. Гурав дахь нь 2016 он буюу сүүлийн зургаан сарын хугацаанд болсон үйл явдал.

График 1, 2008/2009, 2013/2014, 2016 оны ханшийн огцом савлагаа,

Дээрх онуудад гарсан савлагааг харахад бид нэгэн чөтгөрийн тойрог дунд эргэлдээд буйг анзаарч байна уу. 

Эдгээр онуудад мэдээж манай экспортын 90 хувийг бүрдүүлдэг ашигт малтмалын бүтээгдэхүүний үнэ шалдаа бууж уул уурхайг дагалдан орж ирдэг гадаадын шууд хөрөнгө оруулалт багассан нь нөлөөлсөн байх. Тэгвэл 2016 онд нөхцөл байдал арай өөр байгааг та анзаарч байгаа байх.

АКСИОМ: 

Дээрх онуудад яагаад ийм их хэмжээний савлагаа үүсч байна вэ гэхээр зах зээлийн ХҮЛЭЭЛТ огцом өөрчлөлтөд орж байгаагаар тайлбарлаж болохоор байна. 

Хүлээлт гэнэт эсвэл аажмаар өөрчлөгдөхөд 21 их наяд төгрөгийн зах дээр яг нэг оройдоо бэлэн хонож байдаг 400-800 тэрбум төгрөг 15-25 сая долларын үнийг, тухайн сард эргэлдэх 400 орчим сая долларын ханшийг огцом өөрчилж байна гэсэн үг. 

Түүнээс "муу" түшмэл, атгаг санаатай бизнесмен энэ ханшийг хөдөлгөөд байгаа юм бол огт биш. 

Бизнесийн онолоор бол их мөнгө өөрөө удаан хугацаанд тогтвортой, ашигтай байхыг зорьдог. Харин бага мөнгө л хоногийн ашиг хонжоо хайж байдаг билээ.

Тэгвэл хэний ч хүсэхгүй байгаа тэр огцом өдрийн/сарын хөдөлгөөн яг яагаад бий болдог нь олон нийтийн хүлээлт бодож бэлдэж байснаас тэс өөр болсных буюу зах зээл дээр нэг төрлийн ШОК үүсч буй хэлбэр юм. 

Хүлээлт их өндөр байгаад огцом сарнивал ШОК төдий чинээ хүчтэй. Харин тэр ШОК нь эргээд ханшид ийнхүү огцом хэлбэлзэл үүсгэдэг байна. 

ТОМЬЁО:

ХҮЛЭЭЛТ->ШОК->ХАНШ

“График 1” –ээс харвал УИХ-ын сонгуулийн жил бүрт нийгмийн хүлээлтийг хий хоосон өрддөг байна. Харин тэр хүлээлтийг улстөрчид эргэн унтрааснаар зах зээлд ШОК үүсдэг. Энэ ШОК нь ханшид ийм их савлагааг бий болгодгийг сүүлийн 10 жилд болсон гурван том савлагаагаар нотолж байна. 

Гэхдээ нэг зүйлийг УИХ-ын гишүүн та ажиглав уу. Өмнөх сонгуулиудаар буюу 2008, 2012 оны УИХ-ын сонгуулиас үүссэн олон нийтийн өндөр хүлээлт ихэвчлэн дараах онуудад нь буюу 2009, 2013 онд замхарч ШОК үүсдэг байж. 

Харин энэ удаад бидний хамар он гарахаасаа өмнө ГАЗАР ХАТГАВ. 2016 онд юу болов. 

БОДЛОГО: “2016” 

2016 оны хувьд ч төдийгүй сүүлийн гурван жил валютын орох урсгал муу байгааг бүгд л мэдэж байсан. Засаг солигдоход энэ муу байгаа урсгал огцом нэг өдөр сайжрахгүй нь учир мэдэх хүмүүст тодорхой зүйл. 

Гэвч шинэ УИХ/Засгийн газар бидэнд юу ч үлдээсэнгүй гэх өмнөхөө үгүйсгэх тактик хагас жилийн хугацаанд үргэлжлэв.

Хамгийн гол нь маргааш яг яах талаар нэг ч мессеж байсангүй. Гэхдээ яваандаа хэдэн сарын дотор арай дээрдэх болов уу, ядаж энэ тэндээс түр ч гэсэн орж ирдэг валютаа нэмэх болов уу гэсэн ХҮЛЭЭЛТ зах зээлд ноёлж эхэлсэн. Том төслүүд, Олон Улсын Валютын Сан, Хятадын 4 тэрбум долларын зээл яг л өнөө маргаашгүй л ороод ирэх валют юм шиг ойлгогдож эхэлсэн. Өөрөөр хэлбэл эрх баригчид та бүхэн хүлээлтийг улам бүр л нэмсээр байв. 

Нөгөө талд шинэ УИХ-д олонх болсон нам өнгөрсөн хугацаанд “өр нэмэхгүй” гэсэн тактикаар улстөрийн сонгуульд ялалт байгуулсан. Тиймээс ч шинэ 65 гишүүн ямар ч л байсан өр нэмэхгүй юм байна гэсэн давхар хүлээлт байв.  Гэвч УИХ 2017 оны төсвөө тэрбум долларын дутагдалтай баталчихав (хичээл #1)

Дээрээс нь валютын орох урсгалыг сайжруулах төслүүд яах нь тодорхойгүй байсаар. Үүний дүн юу болов?

“2016” БОДЛОГЫН ХАРИУ:

Зах зээлд бий болсон өндөр хүлээлт замхарч энэ нь ШОК үүсгэж байна. ШОК нь ханшийн огцом хэлбэлзлээр илэрч байгааг УИХ-ын гишүүд маань ойлгох цаг болжээ. 

Хагас жилийн хугацаанд уг нь өөр сонголтууд зөндөө л байсан биз. Бид харин наадамлах, томилгоо хийх, цас тоолох, ажиглалт хийх гэсээр байгаад зах зээлийнхээ тэвчээр, тамирыг барж байх шиг.

Өмнөх олон сонгуулиар сөрөг хүчин хэн ч байсан улс орны эдийн засаг баларчихсан байна.  Бид маш хурдан сэргээх жорыг нь мэдэж байгаа гэж амлаж сонгогдохыг хичээж ирсэн. 

Нөгөөтэйгүүр, УИХ-ийн гишүүдийн ханшийн улстөржилт Төв банк нөөцөө хамгаал/үр гэсэн хоёр эсрэг тэсрэг даалгаврыг өгсөөр олон жил болж байна. Үүний үр дүнд үнэндээ л учраа олохгүй ажлаа өгсөн олон Төв банкны Ерөнхийлөгчийн нэрс нэмэгдсээр л.

2016 оны сонгуулийн эдийн засгийг сэргээх жор нь үнэтэй зээл авбал өр нэмэгдэх болохоор ба-ба бага хүүтэй зээл аваад л болоо гэсэн тактик байв.  Үнэхээр л хүнээ (даргаа) солиод зээлийн хүү бууруулаад "Аз Жаргал"-тай болно гэсэн хүлээлт үүсчихсэн байв.

Гэвч дэлхийн санхүүд, онолд ч тэр, амьдрал дээр ч тэр Засгийн газрын бондоос хямд мөнгө байдаггүй бөгөөд байвал заавал нэг "Но"-той мөнгө байдгийг сүүлийн 4-5 сар бид бүгдэд ойлгуулж байх шиг байна. Бид нөгөө "хямд мөнгөө" хайгаад 5-6 сар болоод ирэхээр зах зээл дээрх хүлээлт эргэлзээгээр солигдож байх шиг байна.

"Но"-той мөнгө гэдэг нь шашнаа эсвэл улсын баялгаа, үгүй бол бүгдийг нь барьцаалсан зээл. Ийм төрлийн зээлийн жишээ ч бидний ердөө саяхны түүхэнд бий. Одоо ч бид горыг нь амсаж яваа алдарт "Чалько"-гийн зээл билээ. 

БНХАУ-аас энэ удаад зээлэх 4 тэрбум доллар бүтэхгүй болсонд буруутан одоогоор хайж байх шиг. Хятадаас бид 20 жилийн хугацаатай, 2.0 хувийн хүүтэй “ХӨГЖЛИЙН ЗЭЭЛ” хүссэн. 

Та бүхэн бодлого бодохдоо тэгвэл ямар алдаа гаргав. 

Хөгжлийн зээл өөрөө төсөлтэй байх ёстой. Харин манайд тийм зүйл нь байсан уу. Байсангүй. Мөддөө бий болох ч үгүй байх. Ойрын саруудад л лав үгүй байх. 

Одоо бидэнд өмнөх жилүүд шиг хагас шарталтын байдалтай "нормальдаад" намгаас гарах бус хамаг ачаагаа гаргаж хаяад, огцом "хаазлаад" Олон Улсын Валютын Сандах л хувилбар үлдэж байх шиг байна. 

ОУВС бол үнэндээ нэг л жортой... Тэр нь хүн эмчлээд эдгээсэн тохиолдол цөөн. Эмчлэх явцад өвдөлт бол харин байна аа байна.

Эцэст нь дүгнэхэд "Ханш чанга бол улс баян" гэдэг амьдралгүй, онолгүй томьёогоо "Валют их бол улс баян, инфляц нам бол иргэд баян" гэдгээр өөрчилж "ПоП"-дооч.