Зураг
Зураг
Индэр    
2018 оны 4 сарын 30
Зураг
iKon.mn сэтгүүлч, Эдийн засаг, Санхүү

Д.Индра: Улаанбаатар хотын түүх, оюуны чиг хандлага, соёлын хэмжүүр нь Төв номын сан байх ёстой

Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын Төв номын сангийн захирал Дашбалбарын Индратай таныг уулзуулж байна. Тэрбээр ажлаа аваад удаагүй байгаа ч номын сангийн үйл ажиллагааг идэвхжүүлэхээр санаачилгатай ажиллаж буй залуу боловсон хүчин юм.  

Олон нийт Монголчуудын хүндэтгэдэг яруу найрагч О.Дашбалбарын охин гэдгээр нь түүнийг сайн мэддэг. Д.Индра нь соёл судлаач мэргэжилтэй бөгөөд Монгол Улсын Их Сургуульд багшлахын зэрэгцээ Улаанбаатар хотын оюуны төв болсон номын санг удирдаж байна.  Ингээд түүний ажил болон ном унших соёлын талаар ярилцсанаа хүргэе. 

 
Гэрэл зургийг MPA.mn

-Ажлаа аваад хоёр сар гаруй хугацаа өнгөрчээ. Өнгөрсөн хугацаанд ямар шинэ ажлуудыг эхлүүлэв?

-Хамгийн түрүүнд Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын Төв номын сан гэдэг утгаараа брэнд ажилтай байх ёстой гэж үзээд сар бүрийн уулзалт зохион байгуулж эхэллээ. Уншигчийн соёлыг бий болгох, уншигчийг бэлдэхийн тулд Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолчидтой уншигчидаа уулзуулж байна.

Д.Нацагдоржийн нэрэмжит шагналыг хоёр жилд нэг удаа, 2-3 яруу найрагч, зохиолчдод олгодог. Тиймээс энэ уран бүтээлчид сар тутам уншигчидтай уулзаж, тэдний санал бодлыг сонсож, соёл урлагийн чиглэлийн лекц, сургалтууд хийж байгаа нь их ач холбогдолтой ажил юм. Хамгийн сүүлд зохиолч Б.Баярсайхан оролцсон байгаа.

Хоёрдугаарт, бид Дэлхийн оюуны өмчийн байгууллагын дэргэдэх "Accessible Book Service" буюу Хүртээмжтэй номын үйлчилгээг нэвтрүүлж эхэллээ. Ингэснээр хэвлэмэл бүтээл унших боломжгүй харааны бэрхшээлтэй иргэд 75 улсын 25 хэл дээрх 350 мянга гаруй номыг унших боломжтой болж байна.

-Тус номын сангаар жилдээ хэд орчим хүн үйлчлүүлж байгаа вэ. Энэ нь хангалттай тоо юу?

-Ер нь маш хангалтгүй байна. Нийслэл хот 1.5 сая хүн амтай байхад бид 0.2 хувьд нь л хүрч ажиллаж байна. Мөн номын фонд хангалтгүй байна. Манай салбар дөрвөн номын сан нийтдээ 350 мянган номтой. Миний тавьж буй зорилго бол номын тоог 1 саяд хүргэх. Дээр нь бид уншигчдын тоогоо 300-500 мянга болгоно гэсэн зорилт тавиад ажиллаж байна.

Дараагийн онцлох ажил бол хүүхдийн амралтын хугацаанд түргэн уншлагын хичээлийг үнэ төлбөргүй явуулж эхэлсэн. Эцэг эхчүүд хүүхдээ эрүүл, аюулгүй орчинд үлдээх боломжтой болсон гэсэн үг. Мөн “PC-нээс Номын сан руу” гэдэг төсөл хэрэгжүүлэхээр судалгааны ажлууд хийж байгаа. 

-Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын номын сан мөн адил өндөр хөгжсөн байдаг. Жуулчид ч томоохон хотуудын номын сантай нь эхлээд танилцдаг туршлага бий. Улаанбаатар хотын Төв номын санг өндөр түвшинд хөгжүүлэхэд хэний оролцоо чухал вэ?

-Тал бүрийн оролцоо чухал.

НЗДТГ-аас хотын төв номын санг хөгжүүлэх, хотын соёлтой иргэнийг номын санд бэлтгэхийн тулд онцгой анхаарч ажиллаж байна.

Нөгөө талаас бид үйлчилгээний байгууллага учраас үйлчилгээний стандартыг хангаж ажиллах, байгууллагаа сайн мэддэг хамт олныг бий болгохоор зорьж байна. Энэ сард үйлчилгээнийхээ ажилтнуудын хувцсыг жигдрүүлж, харилцааны соёлын сургалтад хамруулна.

Иргэдийн зүгээс ч номын сангаараа үйлчлүүлж, үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцдог байх нь хөгжүүлж буй нэг хэлбэр. 

Номын сан гэдэг чимээгүй, уйтгартай орчин биш. Би ойлгохдоо номын сан бол хүний сэтгэхүйг хөгжүүлдэг бүтээлч орон зай юм. Дэлхийн томоохон номын сангууд Makerspace төвтэй байдаг. Үүнтэй холбогдуулаад бид энэ тавдугаар сард Makerspace төвөө нээнэ.

 "Мэдээллийн эрин зуунд тархиа дархлаатай байлгах хамгийн зөв арга бол номтой нөхөрлөх юм"
 
Гэрэл зургийг MPA.mn

-Номын сангийн фонд хангалтгүй байгаа гэлээ. Ирэхэд нь хүссэн ном нь байхгүй бол номын санд ахиж үйлчлүүлэх магадлал буурах байх. Номын фонд баяжуулах ажлыг яаж хийдэг вэ?

-Тийм магадлал бий. Бид тухайн уншигчийн хүсэж буй ном байхгүй тохиолдолд татгалзлын хуудас бөглүүлдэг. Үүнээс хараад хэрэглэгчдийн дунд эрэлттэй байгаа номыг сар бүр худалдан авдаг.

Мөн номын фондоо сайжруулах зорилгоор вэб сайт дээрээ санал асуулга явуулж эхэлсэн. Уншигч ямар хэл дээр, ямар ном, судалгааны бүтээл уншихыг хүсэж байгаагаа мэдээлж, бид эрэлтийг нь хангахыг зорьж ажиллаж байна.

-Улаанбаатар хотын Төв номын сан, Монголын Үндэсний номын сан гээд хоёр том байгууллага бий. Хотын Төв номын сан бусдаас юугаараа онцлогтой байх ёстой вэ?

-Хотын үүх түүх Төв номын сан дээрээ төвлөрч байх ёстой. Бид ойгоо угтаад Улаанбаатар хотын номын каталог гаргаж байна. Мөн цахим сэтгүүл гаргана. Цахим сэтгүүлээрээ дамжуулж Улаанбаатар хотын түүх соёлыг сурталчлах, уран бүтээлч, судлаачдын лекц зохион байгуулахаар төлөвлөж байна.

Улаанбаатар хотын түүх, оюуны чиг хандлага, соёлын хэм хэмжүүр нь өөрөө Улаанбаатар хотын төв номын сан байх ёстой.

"Хотын соёлтой иргэний хэрэглээ гоё хувцас, гоё хөгжимөөс гадна тархиндаа зөв "хоол" өгч чаддаг, оюун санааны дархлаатай байхыг хэлнэ" Д.Индра

-Монголчуудын ном унших түвшин ямар шатанд байна гэж та дүгнэдэг вэ?

-Монголчууд эрхэм баян бол эрдэм ном гэдэг. Тэр ч утгаараа номонд хайртай, ном бичдэг хүнийг ямар ч хүнээс илүү хүндэтгэж, дээдэлж ирсэн. Нүүдлийн соёлын гол онцлог нь аман буюу оюуны соёлдоо илүү их ач холбогдол өгдөг. Бид барилга байшин барьж, уран зураг зурахаасаа илүү хүн төвтэй байж, юманд хандаж буй хандлагыг хардаг. Энэхүү хандлагыг зүгшрүүлж, зам мөрийг нь тэгшилдэг зүйл бол ном юм. Ер нь номын тавиургүй, номын сангүй Монгол айл өрх байдаггүй байх.

Ардчилсан хувьсгал бий болсноор суурин болон нүүдлийн соёлын огтлолцол дээр шинэ, өвөрмөц соёлыг бий болгож байна. Миний харж буйгаар номонд дуртай байх, ном сонирхдог, шимтэн уншдаг соёл сэргэж эхэлсэн.

"Хотын соёлтой иргэний хэрэглээ гоё хувцас, гоё хөгжимөөс гадна тархиндаа зөв "хоол" өгч чаддаг, оюун санааны дархлаатай байхыг хэлнэ. Мэдээллийн эрин зуунд тархиа “хогийн сав” болгочихгүй дархлаатай байлгах хамгийн зөв арга бол номтой нөхөрлөх юм. Зөв номоо, зөв орчинд уншиж сурах, ширээн дээрээ зөв номтой болох нь өөрийгөө олж, гэгээрэхэд тусална.

"Залуучууд энд ирж болздог, нэг нэгэндээ ном уншиж өгдөг, зохиолч, уншигч хоорондоо уулздаг амьд орчин байгаасай"
 
Гэрэл зургийг MPA.mn

-Шинээр гарч буй номнуудын борлуулалт хангалттай сайн байгаа нь анзаарагддаг. Хүмүүс номыг гэртээ аваад уншдаг болсон байна. Номын санд ном унших, гэртээ унших хоёрын гол ялгаа нь юу вэ?

-Эдийн засгийн талаасаа 30 мянгаар нэг ном худалдаж авах, манайхаас 1 хоногийн 300 төгрөгөөр авч унших ялгаатай.

Нөгөө талаас бид ном худалдаж аваад байдаг ч уншихгүй орхих тохиолдол их. Хүн өөртөө зорилго тавиад номын сангаас ирж аваад унших нь үр дүнтэй. Нөгөөтэйгүүр номын дэлгүүрүүдэд байхгүй ховор номнуудыг зөвхөн номын сангаас л олж унших боломжтой.

-Ном гэрээр авч явдаг гэж байна. Хүмүүсийн номтой харьцах соёл сайжирсан уу. Заримдаа номын сангаар үйлчлүүлэхэд хуудас нь дутсан, дээр нь элдэв юм сараачсан номнууд харагдах нь түгээмэл байсан шүү дээ?

-Соёл нь сайжирсан гэж хардаг. Сүүлийн жилүүдэд зөвхөн номтой гэлтгүй бүх зүйлд хандах хандлага маань эрүүл болж байна. Нүүдлийн соёлоос суурин соёл руу шилжээд дөнгөж 100 жилийг үдэж байгаа ч Монголчууд маань хэдэн мянган жилийн түүхтэй хотуудын иргэдтэй эн зэрэгцэхүйц болж хөгжиж байна.

-Хотын төв номын сангийн захиралтай уулзаж байгаа юм чинь ямар ном уншиж байгааг нь асуухгүй өнгөрч болохгүй байх?

-Яг одоо ширээн дээр маань байгаа Симон де Бовуарын “Дайвар хүйстэн” I, болон Summa-гаас гаргадаг “Культурология” номыг уншиж байна. Гэртээ Анна Ахматовагийн яруу найргийг уншиж байгаа.

-Номын сангаасаа авч уншдаг юм байна?

-Тийм ээ. Би байнгын үйлчлүүлэгч нь. 3-4 ном авч уншчихаад оруулаад өгчихдөг юм.

-Харьцангуй залуу хүн энэ том байгууллагын захирал болсон байна. Юугаараа өөр байж чадах вэ?

-Залуу хүн учраас эрч хүчтэй байна. Аливаа асуудалд хурдацтай, хөрвөх чадвар сайтай хандаж, шүүмжлэлийг хүлээн авна. Ямар нэгэн шинэчлэл өөрчлөлтийг зоригтойгоор хийж чадах байх.

Номын сан унтаа байж болдог салбар. Төсвөөс цалин орж ирээд л чимээгүй байж болно. Гэхдээ миний хувьд залуу хүн учраас гадаад дотоодын төсөл авах, уншигчийг идэвхжүүлэх, татах, соён гэгээрлийн ажлуудыг хийх зэргээр бүтээлчээр ажиллах төв гэж харж байгаа.

Залуучууд энд ирж болздог, нэг нэгэндээ ном уншиж өгдөг, зохиолч, уншигчид хоорондоо уулздаг амьд орчин байгаасай гэж хүсэж байна.

"эцэг эх хүүхдийнхээ ертөнцийг ямар байлгахыг хүснэ, багаас нь тэр орчныг нь бий болгох хэрэгтэй"
 
Гэрэл зургийг MPA.mn

-Таны хувьд Монголчуудын сэтгэл зүрхэнд ойр байдаг яруу найрагч О.Дашбалбарын охин. О.Дашбалбар гуайн хүүхдүүд салбар бүрт амжилттай яваа нь багаасаа номонд ойр байсантай холбоотой байх?

-Хүүхдийн ухамсар нь бүрэн төлөвшөөгүй, эцэг эхийн бэлдэж өгсөн орчноор хорвоог харж байгаа үе их чухал гэж боддог. Номонд хайртай, соёл урлагтай хайртай болгох суурийг эцэг эх нь тавьж өгдөг.

Манай гэрт орой болгон л яруу найрагчдын уулзалт өдөрлөг болдог байлаа. Миний хувьд номыг зохиосон хүмүүс нь өөрсдөө ямар ариун нандин, гэгээн хүмүүс байдгийг мэддэг учраас урлаг соёл, утга зохиолын ертөнцөд маш их хайртай. Гэр дүүрэн ном л байдаг байсан. Загнахдаа хүртэл Пушкины шүлгийн түүврийг өгөөд зогсоочих жишээтэй. Гэмших явцдаа шүлэг уншаад л.

Тэгэхээр эцэг эх хүүхдийнхээ ертөнцийг ямар байлгахыг хүснэ, багаас нь тэр орчныг нь бий болгох хэрэгтэй.

-Та номонд их хайртай гэлээ. Ном унших арга барилаасаа хуваалцаач?

-Танин мэдэхүй, ерөнхий мэдээллийн номыг уншихдаа нэг чиглэлийн 3-4 ном зэрэг тавьж байгаад уншдаг. Нэг номноос ойлгохгүй байгаа хэсгээс өөр номноос харах зэргээр уншвал илүү баялаг мэдээлэл олж авна.

Яруу найргийн хувьд ч тэр. Нэг яруу найрагчийн шүлгэнд хэт автах гээд байвал өөр яруу найрагчийн ертөнцөөр аялдаг. Харин роман юм уу том зохиол уншихдаа 1-3 хоногийн хугацаанд барьж суугаад уншдаг.

-Зун болж байгаатай холбогдуулан хүмүүс ажлаасаа түр хөндийрч аяны богцондоо хийх ном сонгох гэж байгаа байх. Таны хувьд ямар номнууд санал болгох вэ?

-Аяны богцонд нь шүлгийн түүврүүд байгаасай гэж бодож байна. Д.Нямсүрэн, Б.Явуухулан, О.Дашбалбар нарын байгаль, эх орны шүлгийн түүврүүдийг аваад явбал байгалийг мэдрэх мэдрэмжинд ойр байх болов уу.

Г.Мэнд-Ооёо гуайн “Шилийн богд” их гоё. Байгалийн сүнслэг чанарыг Монгол ахуй, уламжлал, зан заншилаар харуулсан байдаг. Монгол хүний байгалийг амьшуулах, эргээд хүнээ байгальшуулах сэтгэлгээг бүтээлдээ их оруулдаг зохиолч байгаа.

Мөн Д.Оюунчимэгийн “Оройн ганц мод” романыг санал болгоё. Дээр нь нэмээд О.Пүрэв багшийн “Бөө мөргөл” номыг санал болгож байна. Уул усанд явж байгаа хүмүүс байгаль дэлхийтэйгээ зөв харилцаж, байгальтай харилцах зан заншлуудын цаад мөн чанарыг ойлгоход тусална.

-Цаг гаргаж бидэнтэй ярилцсанд баярлалаа. 

-Баярлалаа.