Зураг
Зураг
Индэр    
2018 оны 4 сарын 3
Зураг
iKon.mn сэтгүүлч, Эдийн засаг, Санхүү

ХҮН ТӨРӨЛХТНИЙ МӨНХИЙН "ЗӨНЧ"

“Хүмүүс бүхий л цаг үеийн турш ирээдүйг урьдчилан мэдэх хүсэлдээ хөтлөгдөн, түүнийхээ төлөө хэн нэгэнд мөнгө хүртэл төлж иржээ. Гэхдээ ирээдүйг төгс хэлсэн нэг л “зөнч” байдаг нь Ванга эсвэл Нострадамус биш зөвхөн цаг хугацаа юм” Уртнасангийн Бямбаням

Ахлах ангийнхнаас ямар мэргэжил сонгох гэж байгааг нь асуувал эмч, багш, цагдаа, эдийн засагч, инженер эсвэл хуульч гэж дийлэнх нь нэрлэх биз. Харин “уран зохиол судлаач” болно гэж хэлэх сурагчтай та бараг л таарахгүй дээ. Хэрэв таарлаа гэж бодоход тэр сурагч ирээдүйд ямар ажил хийх бол?

 
Гэрэл зургийг MPA.mn

Миний өмнө уран зохиол судлаач У.Бямбаням сууж байна. МУИС-ийн уран зохиолын ангийг төгссөн тэрбээр саяхан “уран зохиолын эсээ” төрлөөр бичсэн “Цаг хугацаа хэлнэ” номоо уншигчдад хүргэсэн билээ. Зохиолын сонголт, орчуулгын чанар чансаагаараа бусдаасаа ялгарах болсон “Тагтаа” хэвлэлийн газрын Ерөнхий редакторын ажилтай тул шинэ номд нь өндөр хүлээлт тавьж, нэлээн хэдэн жилийн өмнө бичигдсан Г.Аюурзанын “Дэлхийн уран зохиолын 85 сод туурвил” бүтээлээс юугаараа өөр бол гэж дотроо ихэд сониучирхсан юм.

Уг номд нэн шинэ үеийн давамгайлсан 43 зохиолч, яруу найрагчийн бүтээлийг задлан шинжилсэн эсээнүүд багтжээ. Номын бусдаас ялгарах гол онцлог нь бичлэгийн төрөл зүйл, мөн нэн шинэ үеийн зохиолчдыг бидэнд танилцуулсанд оршино.

Төдийлөн сонсогдож байгаагүй уран зохиолын эсээ гэх төрөл зүйлийн талаар У.Бямбаням “Тухайн зохиолчийг нээж, зохиол бүтээлийг нь нарийн задалж, гүн рүү нь орж, гярхай ажиглаж, цоожтой хаалгыг тайлж өгдөг бичлэгийн арга хэлбэрийг уран зохиолын эсээ гэж хэлж болно.

"Тухайн зохиолчийг нээж, зохиол бүтээлийг нь нарийн задалж, гүн рүү нь орж, гярхай ажиглаж, цоожтой хаалгыг тайлж өгдөг бичлэгийн арга хэлбэрийг уран зохиолын эсээ гэж хэлж болно"

Одоогоор Монголд уран зохиолын шүүмж хоёр тал руу хэт ханарсан байна. Тухайлбал мэргэжлийнхний бичсэн уран зохиолын онолын бичвэрүүд нь олон нийтэд төдийлөн сонирхолтой, ойлгомжтой биш байдаг бол хэвлэл мэдээллээр гарч буй номын тоймууд энгийн, хялбархан. Тиймээс яг уншигч олонд зориулж уран зохиолыг тайлбарласан, тэднийг хөтөлсөн бичвэрүүд дутагдалтай байгаа.

Уран зохиолын эсээний ном бичих болсон гол зорилго гэвэл Монголын уншигчдад төдийлөн танигдаагүй байгаа нэн шинэ үеийн /1970-аад оноос хойш/ зохиолчдын бүтээлийг танилцуулах, тэднийг уншигчдад нээж өгөх юм” гэв.

Харин нэн шинэ үеийн зохиолчдын нийтлэг онцлогийн тухайд тэрбээр “1945 оноос хойш буюу дэлхийн II дайны дараа зохиолчид хүний оршихуй, утга учиргүй болсон амьдралын тухай их бичдэг байсан бол 1970-аад оноос хойшхи зохиолчид үндэстнийхээ зовлон жаргал, арьс өнгөний үзэл, шашин, цагаачлалын асуудлыг бичдэгээрээ онцлогтой.

Тэд уран зохиолоор дамжуулж хүн төрөлхтөнд өөрсдийнхөө зовлон жаргалыг мэдрүүлж байна. Тухайлбал БНСУ-ын зохиолч эмэгтэй Хан Кан дорнын хэт ягшмал соёл хүнийг хэрхэн хүнд байдалд оруулдаг тухай бичдэг байх жишээтэй” гэв.

Түүний ном таван бүлэгтэй.

  • “Уншихуй” бүлэгт монгол, гадаадаас заавал унших хэрэгтэй зохиолчдыг, 
  • “Оршихуй” бүлэгт хүний амьдралын утга учир, оршихуйн талаар хөндсөн зохиолчдыг,
  • “Мэдрэхүй” хэмээх гуравдугаар бүлэгт яруу найрагчдыг,
  • “Нээхүй” гэх дөрөвдүгээр бүлэгт бидний нэрийг нь ч сонсоогүй зохиолчдыг,
  • “Санахуй” гэх сүүлийн бүлэгт хуучин гэх малгай дор түр мартсан дотоодын уран зохиолын шилдгүүдийг онцолжээ.

Үүнээс өөрөөр зохиолчдод ямар нэг дараалал тавилгүйгээр сонголтыг хувь уншигчийн зүгээс хийсэн гэдгээ У.Бямбаням тодруулан хэлж байв.

"Энд байгаа зохиолчид нэн шинэ үеийнх учраас 50 жилийн дараа уншигдах эсэхийг хэн ч мэдэхгүй"

 

Нэн шинэ үеийнхний дунд бидний эчнээ танил Ф.Достоевский, А.Чехов, Абэ Кобо зэрэг зохиолчид орсон нь тоон дотор үсэг цохиж явна уу гэлтэй сонирхолтой харагдлаа.

Тэднийг номд оруулах болсон шалтгаанаа “Үнэнч уншигчдад нь зориулж алдартай зохиолуудынх нь мөн чанарыг нээж олж чадсан уу гэсэн асуултыг миний зүгээс ахин тавьсан, уншигчидтай нь ярилцахыг хүссэн” гэв.

Нээрээ л хайртай зохиолынхоо тухай жинхэнэ “Уран зохиол судлаач”-ийн бичсэнийг унших таатай байсныг энд дурдмаар байна.  

Ф.М.Достоевский

43 дугаар хүн 

...Ер нь Польш гаралтай газрын эзэн аавыг нь согтуу тариачид нүдэн дээр нь цааш харуулснаас эхэлсэн Достоевскийн амьдралын зовлонгуудаас хамгийн "өгөөжтэй" нь цөллөгийн жилүүд байсан шиг санагддаг. Нэг удаа татаж унадаг өвчин нь хөдөлж эмнэлэгт хэвтэхэд цөллөгийн эмч түүнд Сервантесын "Дон Кихот" романыг өгчээ. Би хувьдаа "Идиот"-ыг бичих санаа тэнд л төрсөн болов уу гэж харддаг. 1868 оны нэгдүгээр сарын 13-нд зээ дүү Софья Ивановад бичсэн захидалдаа "Сайхан хүнийг бүтээнэ гэдэг зохиолчдын туйлын хүслэн ажээ. Гэвч зохиолчид дүрслэхээс хэтэрсэнгүй. Би энэ үед сайн хүнийг бүтээсэн хоёрхон зохиолын талаар бодож байна. Нэг нь Христ, нөгөөх нь Дон Кихот. Өрөвдөх, хайрлах гоо сайхан байгаа аль ч газар уншигчдын сэтгэлийг хөдөлгөж чадах тийм дүрд тэрхүү сайхан хүний мөн чанар байдаг" гэжээ. Түүний "Идиот" романы Мышкин ванг бүрэн бүтнээр олж харахын тулд Библи болон Дон Кихотыг бүрэн сайн ойлгосон байх хэрэгтэй гэж хэлэх гээд байна. Өөрөөр хэлбэл, Мышкин бол Оросын ариун Маанаг, Дон Кихотын хамаатан, дэлхий дээрх Христийн нэгэн хувилбар ажээ.

Яг энэ үед тэрбээр "Русский вестник" сэтгүүлийн эзнээс мөнгө зээлж оронд нь "Идиот" романаа цувралаар нийтлүүлэхээр бичиж эхлээд байлаа. Энэ тухайгаа 1867 оны наймдугаар сарын 16-нд Женевээс дотнын нөхөр, яруу найрагч Аполлан Николаевичид бичсэн захидалдаа "Шинэ роман эхлүүлэхээр шийдлээ. Роман маань цувралаар “Русский Вестник" сэтгүүлд хэвлэгдэнэ. Урьдчилгаа нөхцөлөөр 4000 рубль авсан. Тиймээс зохиолоо нэгдүгээр сараас өмнө бичиж дуусгах хэрэгтэй байна" гэж бичжээ.

Түүний бүтээсэн утга зохиолын нүсэр байгууламжуудыг ядуу тарчиг амьдрал, тэр үеийн утга зохиолын хүрээнд ихэд алдаршиж байсантай нь холбон үзэх хүн цөөнгүй. Хэвлэлүүд зохиолуудыг нь хуудас бүрээр нь үнэлж байсан учраас хэтэрхий урт нуршуу бичдэг байсан ч гэлцдэг. Ер нь "Гэм зэм", "Идиот", "Карамазовын хөвгүүд" романыг уншсан хэнд ч ийм бодол төрөх вий. Оросын тэрс үзэлтэн, зохиолч Эдуард Лимоновын "Достоевскийн томоохон бүтээлүүд нулимсан далай, мянга мянган хийрхэл, бурхан, ертөнц, сэтгэл оюуны талаар цай уухдаа эсвэл архидаж байхдаа ярьж буй хүүрнэлээр дүүрэн. Түүний баатрууд яриандаа донтогчид, үг хэлээрээ өөрийгөө болон бусдыг зовоогчид байдаг" гэсэн нь бага зэргийн хэтрүүлэгтэй болохоос үнэн билээ.../"Цаг хугацаа хэлнэ" ном, 134 дүгээр тал/

Цаг хугацааны тухай яриа руугаа эргэн оръё. Зохиолчдын хамгийн том айдас нь “ирээдүйд уншигдсан хэвээр үлдэх” эсвэл үгүй ч байж магадгүй. Тэд үлдэхийн тулд бичдэг үү, эсвэл бичихийн тулд бичсэн нь үлддэг үү. Үлдэх эсэхийг уншигчид, уран зохиолыг шүүмжлэгчид одоо цаг дээр хэзээ ч хэлж чадахгүй. Тэгвэл хэн хэлэх билээ?

Анх харахад л сонирхол татах номын нэрний талаар У.Бямбаням “Цаг хугацаа гэдэг чин үнэнийг хэлэх цорын ганц зүйл. Цаг нь ирэхээр бүх зүйл тодорхой болно гэдэг утгаараа номоо ийнхүү нэрлэсэн. Энд байгаа зохиолчид нэн шинэ үеийнх учраас 50 жилийн дараа уншигдах эсэхийг хэн ч мэдэхгүй. Миний ном ч хэдий хугацаанд уншигчдын гарт үнгэгдэхийг бас л цаг хугацаа хэлж өгнө дөө” хэмээн тайлбарласан нь номын зорилго, агуулгатай яв цав нийцсэн сайн нэр болсныг харуулж байна.

“Хэрэв чиний дотор ямар нэгэн үзэн ядалт байгаа бол Монте Кристо гүнг өшөөгөө авч байхад цуг тайтгар”

 

Шинжлэх ухааны номнууд бидэнд тухайн салбарын тухай гүн гүнзгий мэдээлэл өгдөг бол хүн чанарын тухай, амьдралын тухай, ёс суртахууны тухай, магадгүй өөрийн тань тухай хамгийн сайн мэдлэг өгч, сургамжлах ганц номлолч нь уран зохиол юм.

Яагаад уран зохиол гэж? гэхэд “Хүмүүнлэг нийгмийг бүтээхийн тулд бид уран зохиол уншдаг. Уран зохиол уншсанаараа хүн гэгээрдэг. Хэрэв чиний дотор ямар нэгэн үзэн ядалт байгаа бол Монте Кристо гүнг өшөөгөө авч байхад цуг тайтгар. Бодит амьдрал дээр өшөө авах шаардлагагүй” хэмээн утга зохиолыг хувь хүнд өгөөжтэй талаас нь, “Уран зохиолын түүх бол хүний сэтгэлгээний түүх юм. Зохиолчид тухайн цаг үеийнхээ сэтгэлгээг хөгжүүлж, дараагийн цаг үетэй залгуулдаг” хэмээн зохиолчид хүн төрөлхтний оюун санааны түүчээ болох талаас нь тэр тайлбарлав.

"Хүмүүнлэг нийгмийг бүтээхийн тулд бид уран зохиол уншдаг. Уран зохиол уншсанаараа хүн гэгээрдэг"

Монголын Нууц Товчоог Монгол хүний бичсэн уран зохиолын хамгийн эртний дурсгалуудын нэгт тооцож үздэгээс эхэлбэл бидэнд уран зохиолын чамлахааргүй түүх бий. Энэ түүх үргэлжилж социализмын үетэй залгаснаар оросын сонгодгууд, дотоодын авъяаслаг зохиолчдын шилмэл бүтээлүүдийг уншиж өссөн нэгэн үе бий болсон нь Монголын ард түмний оюун санааны ээлжит том дэвшил байлаа. 

Харин энэ цаг үед уран зохиолоор дамжуулан оюун санаандаа ахин нэг дэвшил хийх цаг ирсэн үү. Хэрэв тийм бол уран зохиол судлаачид хөдөлмөрийн зах зээлд өндөр эрэлттэй биш ч ард түмний оюун санаа, нийгмийн хөгжилд хамгийн өндөр эрэлттэй хэвээр байхыг ЦАГ ХУГАЦАА БИДЭНД ХЭЛСЭЭР БАЙНА.