Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

С.Баясгалан: Монгол Улс ОХУ-ын аманд орж биш, зөвшилцөж явах ёстой

Б.Энхзаяа, Өдрийн сонин
2019 оны 9 сарын 6
Өдрийн сонин
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

-Оросууд "Бид санаачилгаараа татварыг чинь багасгаад өгье" гэж яаж хэлэх юм бэ-

ОХУ-ын ерөнхийлөгч B.В.Путиний айлчлал, айлчлалын хүрээнд хийсэн гэрээнүүд Монгол Улсад ямар ач холбогдолтой талаар МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн багш, доктор C.Баясгалантай ярилцлаа.

-ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад айлчлаад нутаг буцлаа. Халх голын ялалтын баярт оролцохоос гадна манай хоёр улс стратегийн иж бүрэн түншлэлтэй болж байна. Нийгэм, эдийн засгийн хүрээнд хэд, хэдэн гэрээнд гарын үсэг зурагдлаа. Хойд хөршийн Төрийн тэргүүний айлчлалыг геополитикийн зүгээс та хэрхэн харж байна вэ?

-Юуны өмнө хоёр улс гэж ярих нь зүйтэй байх. Эхлээд харьцуулах хэрэгтэй. Хятад, Оросыг харьцуулбал Оросын Төрийн тэргүүн Хятадаасаа арай илүү тооны айлчлал хийжээ. Нөгөө талаасаа хоёр улсын Төрийн тэргүүн нар ингэж их айлчилдаггүй байсан.

Одоо бол нөхцөл байдал өөрчлөгдөж Монголд ОХУ ач холбогдол өгч байна. Гадаад бодлогодоо Монголыг анхаарах нь ихсэж байна. Өмнө нь нэг их анхаардаггүй байсан. Жижиг улс, жийргэвч улс гэдэг байсан уу. Одоо бол өөр болж байна.

2000 оноос хойш Путин анх гарч ирснээр Оросын гадаад бодлого, аюулгүй байдлын тал дээр ерөнхий чиг шугам харагдах болсон. Тэр нь батлан хамгаалах, зэвсэгт хүчнээ бэхжүүлэх талын зүйл гэж хэлж болно. Та бүхэн анзаарсан бол Ялалтын баярын арга хэмжээ жилээс жилд нүсэр болдог боллоо. Харин Хятад бол ийм зүйлд ач холбогдол өгдөггүй. 

Эдийн засгийн хүчин чадал нь их учраас эдийн засаг, хүмүүнлэгийн салбарын үйл ажиллагаанд голчлон анхаардаг. Орос бол эдийн засгийн хүчин чадал нь сайнгүй байна. Тэр үүднээс батлан хамгаалах, аюулгүй байдлын салбараа илүү хөгжүүлж ард иргэдээ эх оронч, үндэсний үзэл дээр нэгтгэж барихыг чухалд үзэж байгаа нь харагдаж байна. Энэ үүднээс харахад өмнө нь нэг их ач холбогдол өгдөггүй байсан Халхын голын дайнд одоо тэд ихээхэн анхаарах боллоо.

“Оросын баатрууд” гээд сөнөөгч онгоцны үзүүлбэр түүхэндээ манайд байгаагүй. Цаашид байх эсэхийг бүү мэд. Гэхдээ ач холбогдол өгөөд эхлэх юм бол энэ дахиад давтагдахаар эд байна.

Монголд өөрийн нөлөөгөө бэхжүүлэх зорилгоор Халхын голын дайныг хүчтэй гаргаж ирж байна. Хэрэв нийгэм, хүмүүнлэг, солилцоо, эдийн засгийн бусад салбар хөгжихгүй бол Халхын голын асуудал дээр одоогийн айлчлал шиг ач холбогдол өгөх нь ихэснэ.

Дараагийн нэг зүйл нь манай хоёр улс 2006 онд стратегийн түншлэлийн харилцаатай болсон. Одоо иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай болж байна. Иж бүрэн стратегийн түнш байлаа гээд үнэндээ чанарын асуудал илүү гарч харагддаггүй.

Путин бол иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ байгуулахдаа биш, Халхын голын Ялалтын баярт ирсэн гэдгийг энд онцлох ёстой.

-Айлчлалын хүрээнд хэд, хэдэн гэрээнд гарын үсэг зурсан. Энэ айлчлалыг Монголын тал хэт их хүлээлттэй хүлээж авсан. Гэвч гарын үсэг зурагдсан гэрээнүүд нь орлогч сайдын хэмжээний айлчлалын үр дүн байлаа гэж зарим олон улс судлаачид онцолж байна. Таныхаар энэ айлчлалаас Монголд юу үлдэв?

-11 гэрээ хийгдсэн. Түүний гурвыг телевизээр шууд дамжууллаа. Хамгийн түрүүнд найрсаг харилцаа иж бүрэн стратегийн түншлэл байлаа. Гэрээний хувьд дээд түвшинд хүрч байна гэсэн үг. Болж байна гэж бодъё.

Дараагийнх нь бүс нутгийн хамтын ажиллагаа гэж байгаа. Гурав дахь нь терроризмын эсрэг хамтын ажиллагаа байсан. Үүнээс харахад Оросын гадаад бодлого, эрх ашиг, санаа зовоож байгаа асуудлын хүрээнд энэ гэрээнүүд байгуулагдлаа.

Терроризм гэхэд Монголд хар л даа. Хөндөх асуудал мөн үү. Бүс нутгийн хамтын ажиллагаа яах вэ байж болно. Гэхдээ Оросын бүс нутгийн хамтын ажиллагаа хоцрогдоод байгаа учраас хүчтэй байлгахын тулд эрх зүйн үндсийг нь нээлттэй болгож байгаа явдал. Сэлэнгэ аймгийнхан ОХУ-ын буриадтай хэлэлцээр хийх, Хөвсгөл нь Туватай хамтрах зэргээр явж болохоор юм.

Өөр бусад том зүйл яригдсангүй. Үүнээс нэг дүр зураг харагдаж байгаа нь Монголын талаас санаачилга муу байлаа. Уг нь бид нар өөрсдийнхөө санал, санаачилгыг тавих ёстой.

Гэтэл энэ гэрээг тэгж өгнө, ингэж өгнө гэж яригдлаа. Бид Оросоос юм нэхэх ёсгүй. Харин санаачлах ёстой. Хамтран ажиллах ёстой. Бид нэхэх биш “Манайд ийм асуудал байна, танайд ийм асуудал байна. Бидний зүгээс танайд ийм юм санал болгож байна" гэж явах ёстой. Янз бүрийн худалдааны тариф татварын асуудал яригдаж л байна. “Хөөрхий монголчууд ийм байгаа юм чинь бид ингэе” гээд ахын ёсоор хандахгүй.

Ах дүүгийн харилцаа 1990 оноос өмнө байсан, тэндээ үлдсэн. Оросууд бүр ч 1990 онд хэлчихсэн шүү дээ. “Бидэнд ах дүүгийн асуудал байхгүй. Хэлэлцээрт хамтрагч байна” гэдгээ аль эрт хэлчихсэн. Түүнийг нь одоо хүртэл монголчууд ойлгоогүй байна.

Бид нар санаачилгатай ажиллахгүй байгаа нь гэрээнүүдээс нь хүртэл харагдаад байна. Бид аманд нь орж биш, зөвшилцөж явах ёстой.

-Манай талаас төмөр зам, Эгийн голын цахилгаан станц, татварын хөнгөлөлт зэрэг томоохон салбаруудыг хөндөх болов уу гэсэн хүлээлттэй байсан. Таны хэлсэнчлэн Оросын талд ашигтай салбаруудад л гэрээ байгуулагджээ? 

-Нэгдүгээрт, төмөр зам бол хөгжүүлж болох салбар. Оросын ашиг сонирхолд нийцэх учраас бид санаачилгатай байх ёстой. Төмөр замыг нь тавиад өгчихье гэж байгаа. “Бид эндээс тэдэн хувийг өгье, цаанаас тэдэн хувийг нийлүүлээд хос төмөр зам болгоё” гэхэд Орос үгүй гэхгүй. Одоо бол цэвэр эдийн засгийн ашиг сонирхолтой байна.

-Төмөр замын бүтээн байгуулалтад 100 тэрбум рублийн хөрөнгө оруулалт яригдсан шүү дээ. Тэр нь Ханги, Зүүнбаян чиглэлийн шинэ төмөр замын асуудал байлаа? 

-Асуудал байхгүй. Оросын ашиг сонирхол Монголынхтой нийцэж байгаа. Тэр дундаас нь манайх ашиг олох хангалттай боломж бий. Дахиад л манай талын санаачилга яригдана.

Харин Эгийн голын цахилгаан станц Оросын ашиг сонирхолд нийцэхгүй байгаа учраас хөдөлгөхгүй байгаа юм Тэрэнд нь бид уурлаад байх шаардлагагүй. Энэ чинь их гүрэн. Орос хариуд нь “Бид та нарт атомын авсаархан цахилгаан станц бариад өгье. Сибирийн сүлжээнд нэгтгээд өгье” гэж байгаа.

Тусгаар улсын хувьд монголчууд зөвшөөрөх үү, үгүй юу гэдэг асуудал бий. Түүнийг нь бид урдаас нь чанга дуугаар тавих ёстой юм. Татварын асуудал бол цэвэр Монголын талын санаачилга яригдана. Монголын талаас асуудал тавихгүй байхад нь Орос “Бид санаачилгаараа татварыг чинь багасгаад өгье” гэж яаж хэлэх юм бэ. Асуудал тавихгүй бол тэр хэвээр байж л байна.

-Хамгийн гол нь татварын асуудал байсан. ОХУ-ын Монголд тавьдаг татвар олон улсын жишгээс хэт өндөр гэж эдийн засагчид шүүмжилдэг. Энэ асуудлыг айлчлалын хүрээнд ярилцах боломжтой байсан уу? 

-“Европод тэгсэн шигээ манайд тавиач” гэхэд “Үгүй” гэхгүй байлгүй дээ. Гэхдээ гол нь энэ асуудлаа манай улс тавьсан юм уу гэдэг нь бүрхэг. Их гүрнүүд өөрсдөө буулгахгүй. “Чимээгүй байгаа юм чинь байж л байя” гэнэ.

Миний өнцгөөс бол Монголыг Хятад ч бодохгүй, Орос ч бодохгүй. Монгол өөрөө өөрийгөө бодно. Монголчууд гомдоллох биш том болсон, өссөн хүний байдлаар зоригтойгоор “Манайх ийм саналтай байна, танайх ямар саналтай байна вэ” гэх ёстой юм.

Тулгалт ирэхийг үгүйсгэхгүй. Гэхдээ геополитикийн байр суурийг нь муугаар хэлэхэд Хятадаар айлгах байдлаар хандаж болно. “Та нар ийм байна шүү, Манайхыг анхаарахгүй юм уу.

Бид та нарт бас түүхийн үүднээс жийргэвчийн үүрэг гүйцэтгэж байсан. Угаасаа та нар биднийг үл ойшоох боломжгүй” гэдэг талаас нь нээнтэг маягийн зүйл тавьж байгаад санал оруулж болно шүү дээ.

Бид Оросоос юм нэхэх ёсгүй. Харин санаачлах ёстой. Хамтран ажиллах ёстой.

Гэтэл манайд санаачилга алга. Тэр бол манай дотоод байдлаас хамааралтай. Дотроо бодлого байхгүй, цэгцгүй гэдэгтээ л байгаа юм. Та хэрэв санаж байгаа бол Монголын төмөр замын удирдлагыг томилох асуудал дээр бөөн маргаан болж, хоорондоо хэрэлдэж байгаад эцсийн үр дүнд Оросын захирлыг сонгосон.

Оросууд хэлж байсан. “Та нар эхлээд дотроо учраа ололцчихоод бидэнтэй ярилц" гээд орхиж байсан. Энэ бол нэг жишээ.

Бид нар өөрсдөө эв нэгдэлтэй, геополитикийн нүүдлийг харж байгаад “Ингэвэл оросууд бидэнд үгүй гэж хэлж чадахгүй”, “Үгүй гэж хэлэхийг нь харъя” гэдэг хэмжээнд очтол тооцоолох ёстой. Түүнээс биш оросууд тэгсэнгүй гэж хандах нь өрөөсгөл. Энэ чинь хүүхдийн цэцэрлэг биш.

Олон улсын харилцаанд улс бүр өөрийн эрх ашиг, ашиг сонирхлоор явдаг. Гол нь бид эмзэг зүйлийг нь олж харж байгаад түүгээр нь барьцаалж байгаад Qpoc, Хятадтай ярих ёстой юм. Энэ удаагийн айлчлалаар Төрийн тэргүүний хэмжээнд хангалттай юм явчихлаа. Тэд чинь жижиг ажилтай ноцолддог улс биш.

Стратегийн том бодлогоор явж байгаа. Иж бүрэн стратегийн түншлэлээр замыг нь нээгээд өгчихлөө. Одоо Засгийн газар болон доод шатны байгууллагууд хэр авхаалжтай, хэр санаачилгатай ажиллах вэ гэдгээс шалтгаална.

-Одоо боломжууд байгаа гэж хэлж байна уу?

-Зөндөө боломж байна. Гол нь бид тэр бүрийг ашигладаггүй. Тэр байтугай харах юм бол АНУ, Европт хүртэл бидний бараа бүтээгдэхүүнийг импортоор татваргүйгээр авъя гэхэд түүнийгээ хүртэл ашиглаж чадахгүй байна. Уг нь үүнийг бид тултал нь ашиглаж байж сая хөгжил рүү явна. Их гүрнүүдийн дунд байгаа зальжин аргатай, сэргэлэн улс байдаг. 

Наанадаж эд нар шиг байгаа бүх гэрээ хэлэлцээрээ тултал нь ашигладаг байх хэрэгтэй байна. Тэгсний дараа ерөөсөө илт хөгжихгүй байхад нь илт хориг тавьж, гацаагаад байвал “Тэр хөрш новшийн хөрш” гэж үзэл бодлоо илэрхийлж болно.

-Манай улс цөөн хэдэн улстай стратегийн түншлэлтэй. Жишээ нь, тэдний нэг нь Энэтхэг улс. Энэтхэгтэй стратегийн түнш болсноор Монголд сүйдтэй ү р д ү н харагдахгүй байгаа. Стратегийн түншлэлээс яаж үр дүн гаргах ёстой вэ?

-Стратегийн түншлэл гэдэг хоёр улсын харилцаа хэр өндөр түвшинд хэр нягт байна гэдгийг харуулж байдаг. Иж бүрэн стратегийн түншлэл гэхээр хамгийн дээд түвшинд байна гэсэн үг.

Энэтхэгтэй бид стратегийн түвшинд хамтардаг. Үнэхээр ч Энэтхэгтэй бид харилцаад байх нэг их юм байхгүй. Гэхдээ геополитикийн хувьд бий. Манайх гэхээс илүү Энэтхэгт ашигтай байж мэдэх юм. Өөрөөр хэлбэл, бүс нутгийн аюулгүй байдлын ашиг сонирхлын асуудлаас үүдэлтэй. Бид бол оюун санааны хөршүүд гэж явдаг. Оюун санаа гэдэг бодит материаллаг юм байхгүй л дээ.

Энэтхэг гэхээс илүү Америктай жишээлж ярья. Америктай бид стратегийн түншлэл арай л тогтоочихоогүй байна. Гэхдээ стратегийн түншлэлийг хамгийн нааштай болгох хэмжээнд байгаа гэсэн үг.

-Орос, Хятад хоёр улс Монгол Улсын мөнхийн хоёр хөрш. ОХУ-ын хүчин чадал Хятадыг гүйцэхгүй байна гэж та дээр хэлсэн. Үүнийгээ дэлгэрүүлээч?

-Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалын тэргүүлэх чиглэл нь хоёр хөрш гэж байдаг. Тэр дундаа хоёр хөрштэйгөө тэнцвэртэй харьцана гэж байгаа. Тэнцвэртэй харилцах нь Монголоос ганц шалтгаалахгүй. Хятад бол Оросоос илүү чадамжтай. Бид хоёр хөршийн хоорондын харилцаагаа тэнцвэржүүлэх гээд байгаа боловч Хятадынх нь илүү байсаар байна. Өнөөдөр хятад хэл сурах нь илүү, хятадууд манайд олноор бүтээн байгуулалт хийж байна.

Нэг компани дээр очиход орос хэлтэй гэхээс илүү англи, хятад хэлтэй хүнийг авна гэсэн нь давамгай байх жишээтэй. Оросын аж ахуйн нэгжүүдээс илүү Хятадынх илүү манайд орж ирж байна.

Хятадын “Нэг бүс нэг зам” төслийг Орос сөргүүлэн тавьж чадахгүй, харин эсрэгээр Хятадын аманд ороод байгаа. Хүч нь сул байгаад байна. Оросын одоогийн чадаж байгаа зүйл нь түүхээ сөхөж, эх оронч үндэсний үзлээ сэргээж. мөр зэрэгцсэн ах дүүгийн сайхан харилцаатай байсан шүү гэдгийг чадах ядахаараа хийхийг оролдож байна гэж харагдаж байна.

Путиний айлчлалаас өмнө Оросын нэлээд хэдэн төлөөлөгч манайд ирсэн. Тэд нар бидний хүсэлтийг боломжоороо хүлээж авч байна. Жишээ нь, Оросод сургах оюутны тоог нэмье гэлээ. Оросын тал уг нь нөхцөл байдлаа мэдрээд байна. Гэхдээ л хүч хүрэхгүй байна. Та бүхэн саяхан харсан байх.

Хятад руу сургуульд явах гэсэн залуусын оочер Хятадын Элчин дээр ямар байв Хятадын Засгийн газрын тэтгэлэг хэр олон зарлагдаж байгааг харж байна. Тэгэхэд Орос гүйцэхгүй байна шүү дээ.

Яваандаа гүйцэхийг чармайх л байх. Хятад бүр бодлогын хэмжээнд авч үзэж жилд хэдэн зуун оюутныг тэтгэлгээр авч байна. Биднээс шалтгаалахгүй их гүрний бодлогоос шалтгаалж байгаа зүйлс энэ мэтчилэн олон бий.

-Гол нь Монгол Улсын эрх ашиг чухал. Хоёр хөршийн тэнцвэргүй байдал манай улсад ямар үр дагавартай вэ?

-Өнөөдөр даяаршил бол дандаа зөөлөн хүчний бодлогоор явж байна. Энэ утгаараа Орос сульдах маягтай байна. Энэ нь бидэнд сөрөг таатай. Оросод боловсорсон залуус ховордож Хятад, барууны талыг барьсан, баруунд суралцсан залуус ирж байгаа. Шинжлэх ухаан технологийн салбарт бол болж байна.

Гэтэл улс төр, нийгэм, олон улсын харилцаа талын боловсон хүчин нэг улсаас хэт давамгайлаад эхлэхээр пассив буюу идэвхгүй тархи угаалт явагддаг. Нэг талыг илүү баримтлаад эхлэхээр тэр тийшээ хэлбийж эхэлдэг. Тэгэхээр л нөгөө Оросын талын зүйл багасаад ирнэ. Энэ нь Монгол Улсыг болгоомжлоход хүргээд байгаа.

Гол нь бид Хятад гэдэг том гүрнээс болгоомжлох уу, яах уу гэдэг асуудал болоод байгаа. Барууныг баримтлах залуус ихсэж байгаа. Боловсрол эцсийн дүндээ хойч үеэ бэлддэг. Тэгэхэд Оросын судалгаа тасарч, орос хэлтэй хүмүүс цөөрч байна. Энэ чинь Оростой харилцахад ойлгомжгүй байдал үүсгэнэ. Эерэг тал нь шинжлэх ухаан технологийн ололтууд юм. Гол нь манай төр, Боловсролын яамнаас бодлоготойгоор оюутнуудаа явуулах ёстой.

Хятад руу нийгмийн салбарыг багасгаж, эсвэл тэнцвэржүүлэх шаардлагатай. Гол нь шинжлэх ухаан, технологи, байгалийн ухааны салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэмээр байна. Хятадаас бид зам барилга, байгуулах мэргэжилтнийг бэлтгээд өгөөч гэж хүсэхээс биш, Хятадын Засгийн газрын бодлогыг манайд баримтлах хүн бидэнд хэрэггүй. Монголд Монголын эрх ашгийг баримталдаг хүмүүс хэрэгтэй.

Гэтэл одоо Хятад улсад суралцаж байгаа монгол оюутнууд ихэвчлэн нийгмийн чиглэл давамгай байна. Гэхдээ Орос үнэндээ аль ч салбараараа хоцрогдоод байна. Энэ нь Оросын шинжлэх ухаан хоцрогдож байгаа гэсэн үг биш, хүч нь мөхөсдөөд байгаа юм.

Зураг