OpenAI дэлхийн улс орнуудад өөрийн хиймэл оюуны системтэй болоход нь туслах санаачилга зарлалаа

Р.Түвшин, iKon.mn
2025 оны 5 сарын 8
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын OpenAI компани өөрийн хиймэл оюуны дэд бүтэцтэй болохыг хүсэж буй дэлхийн улс орнуудад туслах төлөвлөгөөтэй байгаагаа өчигдөр зарлажээ.

Энэ нь Хятадын DeepSeek компанийн санал болгож буй хямд өртөгтэй, нээлттэй эхийн загвартай өрсөлдөх бодлогын хүрээнд тус компаниас авч буй арга хэмжээ бололтой.

“Ийм төрлийн дэд бүтэц ирээдүйн эдийн засгийн өсөлт, үндэсний хөгжлийн тулгуур болох нь одоо бүгдэд тодорхой болсон. Тиймээс энэ бол бидний хувьд ардчилсан хиймэл оюун ухаан дээр тулгуурлан хөгжихийг эрмэлздэг улс орнуудад авторитар хувилбаруудаас зайлсхийх боломж олгох ёстой цаг мөч юм” гэж OpenAI компанийн мэдэгдэлд өгүүлсэн байна.

“The OpenAI for Countries” санаачилга нь энэ оны эхээр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын дэмжлэгтэй зарласан $500 тэрбумын хөрөнгө оруулалттай Stargate төслийн нэг хэсэг ажээ.

“Бид олон улс орноос ижил төстэй хиймэл оюуны дэд бүтэцтэй болоход туслах хүсэлт хүлээж авсан. Эдгээр орнуудад хиймэл оюуны эрин үеийн шинэ түншлэлийг OpenAI санал болгож байна” гэж мэдэгдэлд цааш нь өгүүлсэн байна.

АНУ-ын засаг захиргааны дэмжлэгтэйгээр OpenAI компани өөрийн ChatGPT платформын бусад хэл, соёл дээр тулгуурласан хувилбарыг бий болгох, үүгээрээ дамжуулан тухайн улсад боловсрол, эрүүл мэнд, төрийн үйлчилгээгээ сайжруулахад нь туслах зорилготой гэнэ.

Энэ төслийг тухайн оролцогч улс орнууд болон OpenAI компани хамтран санхүүжүүлэх юм байна.

 

Эх сурвалж: AFP