Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсад тэгш бус байдал дундаж наслалтыг 13.1, боловсролыг 11.9, орлогыг 15.7%-аар бууруулж байна

Б.Ану
2019 оны 12 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Хүний хөгжлийн илтгэл 2019  хэвлэгдэн гарлаа.

Монгол Улс өнгөрсөн 10 жилд дундаж наслалт, сургуульд суралцах хугацаа, нэг хүнд ногдох ДНБ зэрэг хүний хөгжлийн гол үзүүлэлт дээр ахиц гаргаж, 0.735 оноогоор хүний хөгжлийн өндөр индекстэй орны тоонд багтжээ.

2019 оны 12 дугаар сарын 10-нд нээлтээ хийсэн Хүний хөгжлийн илтгэлийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс эрхлэн бэлтгэдэг бөгөөд энэ жил “Орлогоор хязгаарлахгүй, дунджаар баримжаалахгүй, өнөөдрөөс чанагш: тэгш бус байдал 21 дүгээр зуунд” нэртэйгээр хэвлэгдсэн байна.

Улс орнуудын ахиц дэвшлийг дан ганц эдийн засгийн хэмжүүрээр харах бус, хэмжүүрийг тэлж, дэлхий даяар хэчнээн хүн эдийн засаг, эрх мэдэл, соёлын тэгш бус байдалд өртөж байгааг, мөн тэгш бус байдлыг цаашид дордуулах ямар хүчин зүйлс байж болох талаар уг илтгэлд дурджээ.

Илтгэлээс Монгол Улсад ч тэгш бус байдал анхаарал татсан асуудал болоод байгааг дурдсан байна. Тэгш бус байдал нэмэгдэх тусам хүний хөгжилд сөрөг нөлөөтэй.

Монгол Улсад тэгш бус байдал дундаж наслалтыг 13.1 хувиар, боловсролыг 11.9%, орлогыг 15.7%-иар бууруулж байна.

Тэгш бус байдлыг гүнзгийрүүлж байдаг хүчин зүйлийн нэг болох уур амьсгалын өөрчлөлт л гэхэд нийгмийн бүлгүүдэд харилцан адилгүй нөлөөлдөг. Зуд, гангийн давтамж нэмэгдэхэд хөдөө, орон нутаг, малчид илүү өртөнө. Монгол Улсад сүүлийн 75 жил уур амьсгалын өөрчлөлт явагдаж, дундаж хэм 2.24-өөр нэмэгджээ.

Олон улс, бүс нутгийн хэмжээнд тэгш бус байдлыг нэмэгдүүлж буй өөр нэг хүчин зүйл нь жендэрийн тэгш бус байдал юм.

Өмнөд Азид эмэгтэйчүүдийн 31% нь хамтран амьдрагчийн хүчирхийлэлд өртсөн байдаг бол энэ тоо Монгол Улсад ч ижил түвшинд байна.

Эмэгтэйчүүдэд тэгш бус тусдаг бусад асуудлын нэг нь эрэгтэй, эмэгтэй сурагч, оюутнуудын тоо тэнцүү атал хөдөлмөрийн зах зээл дээр эмэгтэйчүүдийн цалин, хөлс бага байгаа явдал юм. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо бага буюу УИХ-ын гишүүдийн 17% нь эмэгтэй байгаа нь бүс нутгийн дунджаас доогуур үзүүлэлт юм.

“Монгол Улс энэ удаагийн тайлангаар хүний хөгжлийн өндөр үзүүлэлттэй оронд багтаж буй нь сайн хэрэг ч өнгөрсөн жилүүдийн 92 дахь байрнаас урагшлаагүй байна. Хүний хөгжил гэдэг нь тогтмол тоон дүн бус улс орны хөгжил дэвшлийн хувьсан өөрчлөгдөж байдаг ойлголт юм. 2030 он гэхэд энэ байрыг 70 дотор болгон урагшлуулах зорилгыг Монгол Улсын алсын хараа 2030 баримт бичигт дэвшүүлсэн бөгөөд бид энэ зорилгыг биелүүлэхийн төлөө хичээх ёстой” хэмээн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч хатагтай Илейн Конкиевич хэллээ.

Тэгш бус байдлыг бууруулахад хүүхэд наснаас нь эхлэн эрх тэгш байдлыг хангах бодлого, арга хэмжээ, үйл ажиллагаа хэрэгтэйг уг илтгэлд онцолжээ.

Хүндээ зориулсан хөрөнгө оруулалт нь эргээд нийгэм, хөдөлмөрийн тэгш боломж эдлэх хөрс суурь болдог.

“ Xүн бүрийн саналыг тусгаж чадаагүй шийдвэр олшрох аваас бидэнд тулгамдаж буй жинхэнэ, бодит асуудал шийдэгдэлгүй үлдэнэ. 2030 он гэхэд Тогтвортой хөгжлийн зорилгуудад хүрсэн байхын тулд тэгш байдлыг хангах нь нэн чухал. Тиймээс Монгол Улс цаашид тэгш бус байдлыг бууруулж, хүн бүрт хүртээмжтэй өсөлтийг хангахыг чухалчилна гэдэгт итгэлтэй байна” гэж Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Тапан Мишра хэллээ.

 

Илтгэлийн дэлгэрэнгүйг ЭНД дарж унших боломжтой. 

Холбоо барих: Bulganchimeg.bayasgalant@undp.org