Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Улаанбаатарчуудын тал нь хөрсний бохирдлоос үүдэлтэйгээр өвчлөх нөхцөл бүрдчихсэн. Гэхдээ хүйтэрдэг учраас гайгүй байна"

Г.Номин, iKon.mn
2019 оны 12 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Авто замын эвдрэл болон хүний буруутай үйл ажиллагааны улмаас Улаанбаатар хотын хөрсний 4.1 хувь нь сул, 25.7 хувь нь дунд зэрэг, 70.1 хувь нь хүчтэй эвдэрч доройтсон байна.

Хот, суурин газрын хөрсөн дэх хүнд металлуудын агууламжийг бэлчээрийн эрүүл хөрстэй харьцуулахад, Хром (Сг) 76.3 хувь, Хар тугалга (РЬ) 71.1 хувь, Цайр (Zn) 80.3 хувь, Зэс (Си) 65.8 хувь. Кадми (Cd) 48.7 хувь, Никель (Ni) 52.6 хувь тус тус их байгаа аж.

Хөрсний нянгийн бохирдолт 88 хувь, органик бохирдол 52.6 хувь, шивтрийн бохирдол 88.4 хувь, сульфатын бохирдол 72 хувь болсон байна.

Улсын хэмжээнд нийт 396 хог хаягдлын төвлөрсөн цэг байгаагаас Улаанбаатар хотод байдаг 6 цэгт 2017 онд 1.1 сая тн хог хаяжээ. Эдгээр нь нийт 125 мянган га талбай эзэлж байгаа бөгөөд жил тутам хог хаягдлын хэмжээ 500 мянган тн-оор нэмэгдэж байгаа зэрэг нь хөрс бохирдоход ихээр нөлөөлж байгааг судлаачид онцолж байгаа.

Дээр дурдсанчлан хотын хөрсөнд нүхэн жорлон, угаадас зэргээс үүдэлтэй органик буюу нянгийн бохирдол, үйлдвэрээс үүдэлтэй хүнд металлын бодисуудын бохирдол зонхилж байгаа юм.

 
Гэрэл зургийг mpa.mn

Эдгээр бохирдол хөрсний усанд хэрхэн нэвтэрдэг, иргэдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа талаар ШУА-ын Газарзүй-геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, хөрс судлаач П.Оюунбаттай ярилцлаа.

-Сүүлийн 10-аад жил хөрсний бохирдлын асуудал анхаарал татаж эхэлсэн. Бохирдлыг хоёр ангилж болох талаар судлаачид хэлдэг. Энэ тухайд тодруулж өгөөч?

-Нянгийн бохирдол нүхэн жорлонгоос үүдэлтэй бол хүнсний худалдаа эрхэлдэг зах, худалдааны төвүүдийн булан тохой, хогийн цэгт шивтрийн бохирдол их хэмжээтэй байдаг.

Хүнд металлын бохирдол бол шууд үйлдвэрлэлээс үүсдэг. Манайд үйлдвэрлэл бага хөгжсөн хэдий ч ноос, ноолуур, арь, шир боловсруулах үйлдвэрүүд нэг дор шахуу буюу ХУД-ийн хоёрдугаар хороонд байрлаж байна. Тус бүсийн 10 га орчим газар хүнд металл тэр дундаа хромын бохирдол стандартад зааснаас 15-20 дахин их хэмжээтэй байдаг.

Малын арьснаас үсийг салгах үйлдвэрийн технологид хромын сульфат гэх бодисыг ашигладаг бөгөөд тухайн үйлдвэрийн дэд бүтэц муу, цэвэрлэх байгууламж буюу Харгиагийн хүчин чадал хүрэлцэхгүй байгаа. Ингээд гадна орчинд бохирдолтой ус асгардаг. Ус нь ууршсан ч бохирдол нь хөрсөн дээрээ үлдэж, хүн, машины хөдөлгөөнөөр агаарт дэгдэж, амьсгалаар дамжин хүний биед нэвтэрч эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж эхэлдэг.

Өөр нэг хүнд металлын бохирдолтой байршил нь Да хүрээ зах орчим. Түүнээс баруун тийш Баянбүрд хүртэл хэсэг нефтийн гаралтай бүтээгдэхүүний бохирдолтой болчихсон. Нефтийн гаралтай бүтээгдэхүүнээс хар тугалга, кадми ялгардаг. Гэхдээ бохирдол нь нэлэнхийдээ биш тодорхой цэгүүдэд байрлалтай байгаа.

- Хүнд металлын бохирдолтой бүсийн агаарт хийсэн хэмжилт байдаг уу?

- Байгаа. Бид хүн амьсгалах түвшин буюу газрын гадаргаас дээр 2 метр хүртэлх орчны агаараас дээж авч бохирдлыг нь хэмжиж үзсэн. Ингэхэд агаарын чанарын стандартад зааснаас 1.5 дахин их агууламжтай байсан. Тэгэхээр өндөр агууламжтай химийн хортой элемент шууд амьсгалаар дамжин хүний биед орж байна гэсэн үг.

Ингээд амьсгалын замын харшил, арьсны ил хэсгүүд дээр тогтмол буугаад байвал арьсны харшил мөн үүсгэнэ.  

-Нянгийн бохирдлын хувьд хөрсний гадаргаас доош 40-50 метрт хүртэл хүрсэн байна гээд байгаа. Энэ талаар хийсэн сүүлийн үеийн судалгааны дүнгээс танилцуулаач?

-Улаанбаатар хотын хөрсний 80-90 хувь нь нянгийн бохирдолтой. Нянгийн бохирдол үүсгэж байгаа гол хүчин зүйл болон нүхэн жорлонгийн бохирдол дандаа гүн рүүгээ нөлөөлж байдаг.

Улаанбаатар хотын хөрсний 80-90 хувь нь нянгийн бохирдолтой.

Газрын гадаргаас доош 40 метр өрөмдлөг хийгээд үзэхэд гэдэсний халдварт өвчин үүсгэгч бактериуд илэрсэн. Гэтэл  Сэлбэ, Улиастай, Туул голын орчмын гүний ус ойрхон байгаа учраас гүний усыг бохирдуулж байгааг үгүйсгэх аргагүй. Тиймээс эхний ээлжинд гүний ус ойрхон голын сав газруудад нүхэн жорлон ашиглахыг хориглох шаардлагатай байна.

Улаанбаатар хот бүхэлдээ Туул голын хойд дэнж дээр байрлалтай учраас хөрсний гадарга дээр бохирдол үерийн усаар угаагдаад, нүхэн жорлонгийн бохир халиад тэр чигээрээ  ус зайлуулах хоолой, гадаргын урсацаар дамжаад Туул гол руу урсан орж байгаа.

Янз бүрийн өвчтэй хүний биеэс гадагшилсан өвчин үүсгэгч нян, бактериуд гүний усанд орох эсвэл хөрсөн дээр хатаж, агаарт дэгдээд өвчлөл үүсгэх боломжтой. Ийм их бохирдолтой орчинд амьдарч байгаа бид өвчлөхгүй байгаа нь температуртай шууд холбоотой. Хэрвээ Монгол жилийн дөрвөн улиралгүй, халуун орон байсан бол Улаанбаатарчуудын тэн хагас нь хөрсний бохирдлоос үүдэлтэйгээр өвчлөх нөхцөл бүрдчихсэн.

-Хотын хувьд хөрс бараг бүхэлдээ нянгийн бохирдолтой, тодорхой хэсгүүддээ хүнд металлын бохирдолтой байгааг та хэллээ. Тэгвэл бохирдлыг арилгах, саармагжуулах боломж бий юу?

-Хүнд металл буюу химийн бохирдолтой газрыг тоолоод, бүртгээд, үнэлж эрэмбэлээд, ямар элементээр бохирдсон, хүн, амьтны эрүүл мэндэд ямар хэмжээний сөрөг нөлөөтэй вэ, байгальд хэрхэн нөлөөлж байна вэ гэдгийг тооцоолдог дэлхий нийтийн жишиг бий. Ингээд бохирдсон хэсгийн хорыг саармагжуулах зардлыг тухайн орон нутгийн төсөвт нь суулгаад өгдөг. Манай улсад бол ийм жишиг огт байхгүй.

Бохирдлыг бууруулах 7, 8 төрлийн технологи, химийн, биологийн, физикийн гээд янз янз аргууд байж байгаа. Дэлхийд жишиг болоод туршигдчихсан технологиудаас сонгоод хэрэгжүүлэхэд Улаанбаатар хот 5-10 жилийн хугацаанд химийн бохирдлоо саармагжуулах бүрэн боломжтой. Ингэхдээ мэдээж хэрэг бохирдол үүсгэж байгаа үйлдвэрт хариуцлага тооцох, нэмж бохирдуулахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх ёстой.

Бид хромын бохирдлыг саармагжуулах, арилгах чиглэлээр нэг туршилт судалгаа хийж үзсэн. Хромын бохирдолтой хэсэгт нэг жилийн хугацаанд наранцэцэг, эрдэнэшишийн ургамал тариалаад үзэхэд, хөрсөн дэх хромын агууламж 30-40 хувиар буурсан. Наранцэцэг, эрдэнэшиш нь биомасс ихтэй, том ургамал учраас хөрсний хүнд металлын шимж авдаг. Зургаа валенттай хромыг өөртөө шингээж аваад идэвхгүй болгож буюу гурав валенттай хром болгодог. Ингээд тухайн ургамлыг хатаагаад шатааж устгалд оруулдаг.

-Нянгийн бохирдлын хувьд?

-Нүхэн жорлонгоос татгалзаагүй тохиолдолд буюу эх үүсвэрээ арилгаагүй тохиолдолд цоорхой хувинд ус хийхтэй л адил үйл явц.

Дээрд дурдсанчлан жилийн бараг зургаан сард нь 0 градусаас хүйтэн, хөлдүү байдаг учраас ихэнх нян бактериуд идэвхтэй амьдарч чадахгүй байгаа юм. Нийт бактериудын 70, 80 хувь нь хүйтнийг тэсвэрлэхгүй үхдэг хэдий ч эх үүсвэр нь байгаад байгаа учраас хэлхээ нь тасрахгүй.

Нянгийн бохирдлын эх үүсвэрээ арилгасны дараа сүүн хүчлийн бактери буюу эерэг микроорганизмаар устгадаг технологи бий. Бохирдолтой хөрсөнд сүүн хүчлийн бактерийг их хэмжээгээр хийхээр амьдрах орчноо булаацалдаад тулалддаг. Их хэмжээтэй байх тусмаа тулаанд ялах магадлал өндөр бөгөөд сүүн хүчлийн бактери 6-12 сарын настай байдаг. Ингээд үндсэндээ хөрс эрүүлжинэ гэсэн үг.

-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.