2020/03/29
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,775.43₮
B30
УЛААНБААТАР
|
-6°
B30
УЛААНБААТАР
-1°
|
-5°
B30
УЛААНБААТАР
|
-12°
10:00
S32
11:00
S32
12:00
S32
13:00
S32
14:00
S32
10°
15:00
S32
10°
16:00
S32
10°
17:00
S32
18:00
S32
19:00
S32
20:00
S31
21:00
S29
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/05 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүн, малын хөлд талхлагдсан нуурын эргийн хөрс салхинд хийсэж усанд ороод ундаргыг нь даржээ

Г.Номин, iKon.mn
2019 оны 12 сарын 5
iKon.MN

Өнөөдөр тохиож буй "Дэлхийн хөрс судлалын өдөр"-ийн хүрээнд "Монгол орны хөрс судлал-2019" эрдэм шинжилгээний хурал болж байна.

"Хөрсний элэгдэл, эвдрэлийг зогсоох нь бидний ирээдүйн" уриан дор энэ жилийн өдрийн тэмдэглэж байгаа юм.

Дэлхийн нийт хүнсний бүтээгдэхүүний 98 хувь хөрснөөс, 2 хувь нь усны эко системээс бүрддэг. Далайд гарцгүй манай орны хувьд 100 хувь хөрснөөс хамааралтай.

"Хөрсийг хамгаалах, зөв зохистой ашиглах нь эдийн засгийн хувьд чухал ач холбогдолтой"

 
Гэрэл зургийг mpa.mn

ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн захирал А.Буянбаатар "Хөрс эдийн засгийн маш чухал ач холбогдолтой зүйл. Хөрсний үржил шим сайтай, доройтол, бохирдолгүй нөхцөл тухайн улс орны эдийн засаг сайн байдаг. Тийм учраас хөрсийг хамгаалах, зөв зохистой ашиглах нь эдийн засгийн хувьд чухал ач холбогдолтой. Энэ агуулгын хүрээнд жил бүр "Дэлхийн хөрс судлалын өдөр"-ийг тэмдэглэн, эрдэм шинжилгээний хурал хийж эрдэмтэн судлаачид чуулдаг.

Энэ удаагийн хурлын онцлог 2019 онд "Хөрс хамгаалах, газрын доройтлыг бууруулах" үндэсний хөтөлбөрийг иргэд, олон нийтэд танилцуулах, хөрсний элэгдэл, эвдрэлийн түвшинг нарийвчлан тогтоосныг танилцуулж байгаад оршиж байна.

Сүүлийн үеийн судалгаанууд ашиглалт тал руу чиглэж, улам бүр нарийвчлалтай болсоор байна. Бодлого боловсруулагчид, бизнес эрхлэгчид, тариаланчид судалгааны дүнг ашиглахаас гадна иргэдийн хандлага нааштай болж байгаа. Иргэдийн зүгээс ногоо тарих гэж байгаа газраа ч юм уу сонгохдоо тухайн хөрсний шинж чанарыг асууж, судалдаг болсон. Орон нутгийн иргэд нуур орчмын хөрсний доройтлоо хэрхэн нөхөн сэргээх талаар зөвлөгөө авдаг гэх мэт эерэг хандлагууд гарсаар байна" хэмээн ярилаа.

 
Гэрэл зургийг mpa.mn

"Монгол орны хөрс судлал-2019" эрдэм шинжилгээний хурлын үеэр нуур орчмын бохирдол, замын давсны ногоон байгууламжид үзүүлэх нөлөө, хилийн орчмын хөрсний нөхцөл байдал, ашиглалтаас хамаарсан онцлог хөрсний бохирдлуудын талаар судалгаануудыг танилцуулж байгаа юм.

"Олон малын хөлд доройтсон нуурын эргийн хөрс салхинд хийсэж усанд ороод ундаргыг нь дарж байна"

ХААИС-ийн судлаачдын хийсэн "Нуур орчмын экосистемийн судалгааны ажил" нэлээд эерэг үр дүнг дагуулсан байна. 2018 онд Хөвсгөл аймгийн Рашаанд суманд орших Дөрөө нуур, 2019 онд Булган аймгийн Могод суманд орших Загаст нууранд хийсэн судалгааны ажлын үр дүнд, эдгээр нууруудын ширгэж буй шалтгааныг тогтоон, нөхөн сэргээх ажлыг нутгийн иргэдтэй хамтран зохион байгуулжээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

Энэ талаар ХААИС-ийн Агроэкологийн сургуургуулийн Газар тариалан, Хөрс судлалын тэнхимийн багш, доктор Н.Дамбадаржаа "Хоёр нуурын усны хэмжээ нь багассан, загас, усны шувуудын тоо цөөрсөн гэдгийг нутгийн иргэд хэлж байсан. Ингээд судлаачид очоод ажилласан юм. Энэ явцад ажиглагдсан зүйл нь нуурыг тойроод малчин өрхүүд ихээр аж төрдөг, малын тоо хэт их гэх мэт байлаа.

Дөрөө нуурын орчимд л гэхэд гурван сумын малчид зусдаг учраас хөрсний бохирдол, доройтол бий болсон байсан. Энгийнээр тайлбарлавал, олон малын хөлд доройтсон нуурын эргийн хөрс буюу хамгийн үржил шимтэй чухал хэсэг үндсэн бүтцээ алдаж хамрын тамхи шиг болоод салхинд хийсэн нуурын усанд орж, ёроол руу нь тунаад лаг шавар болчихсон. Тэр лаг шавар нь нуурын ундаргыг дарж, усны хэмжээ багассан байв.

Ингээд үүсээд байгаа нөхцөл байдал, нуурын экосистем яагаад доройтож байгааг малчдад тайлбарлаад нуурыг тойруулж мал оруулахгүйгээр хашихаар болсон юм. Малчид маш эерэгээр хүлээж аваад, нуурыг хаших ажилд тусалд малаа оруулахгүй нэг зун болоход нуурын усны түвшин нэмэгдэж, сэргээд ирсэн. Олон жил усгүй байсан хуурай сайрт хүртэл ус ундарсан. Нөхөн сэргээе гэвэл маш богино хугацаанд сэргэх боломжтой гэдэг нь харагдаж байгаа" хэмээн ярьсан юм.

Нуурын орчмын хөрсийг хүн, малын хөлөөр талхлахгүй байх нь нуурын экосистемийг хамгаалахад хамгийн чухал гэдгийг судлаачид онцолж байв.

Давс хөрсний гадаргыг хатууруулж, доороос нь ургамал ургах боломжийг хязгаарлаж байна

Эрдэм шинжилгээний хуралд танилцуулагдсан бас нэг анхаарал татах судалгаа цас хайлуулахаар хэрэглэж буй давсны ногоон байгууламжид үзүүлж буй нөлөөний талаар байв.

ШУА-ын Газарзүй-геоэкологийн хүрээлэнгийн хийсэн уг судалгааны хүрээнд давс хөрсний гадаргыг хатууруулж, доороос нь ургамал ургах боломжийг хязгаарлаж байгааг тогтоожээ. Судлаачдын лабораторид хийсэн судалгаанаас харвал хөрсний хэсэгт байгаа давсны хэмжээ нэмэгдэхийн хэрээр ургамлын гарц багасах, өнгөн хэсэг нь хагарч гарсан заагаар ургамал ургах гэх мэт үр дүнгүүд ажиглагдсан байна.

Тиймээс цас хайлуулахаар хэрэглэж буй байгалийн давс болон бодисыг ногоон байгууламж руу хаяхгүй байх, ногоон байгууламжийг замаас тусгаарласан хашлага хийх шаардлагатай судалгааны дүгнэлтэд онцолсон байлаа.

Г.Нямдаваа: Хөрсний нөөцийг ашиглаж буй арга хэлбэрээ өөрчлөн, сайжруулах хэрэгтэй

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын зөвлөх Г.Нямдаваа эрдэм шинжилгээний хурлын үеэр Монгол орны хөрсөн бүрхүүл нь ялзмагт үе давхарга нимгэн, үржил шимээр ядуу, нэгж талбайгаас бий болох бүтээгдэхүүний хэмжээ бага, хөрс-уур амьсгалын чадавхи хязгаарлагдмал, хөрсний нөөцийг зохистой ашиглан, хамгаалах эрхзүйн орчин төгөлдөршөөгүй, ашиглагч, эзэмшигчдийн экологийн боловсрол, сэтгэлгээ тааруухан зэргээс шалтгаалан хөрсний элэгдэл эвдрэл, бохирдол эрчимтэй явагдаж, хөрсний нөөцийн зүй зохистой ашиглах, хамгаалахтай холбоотой асуудал хуримтлагдсаар эцэст нь шийдвэрлэхэд хүндрэлтэй нөхцөл байдалд хүргэж болзошгүй юм.

Сүүлийн жилүүдэд эрчимтэй явагдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс хөрс элэгдэж эвдрэх, үржил шим буурах, физик-химийн бохирдол манай орны байгалийн бүх бүслүүрийг хамарч газар ашиглалтын төрөл бүрд ихээхэн илэрч байгаа нь хөрсний нөөцийг ашиглаж буй арга хэлбэр, амьдралын хэв загвар болон аж ахуй эрхлэх үйл ажиллагааг өөрчлөн сайжруулах хэрэгтэйг илтгэж байна.

Газрын бодлогын хүрээлэнгийн судалгаанд нийт (1992 онд) 1206.4 мян.га  талбай хамрагдсанаас 561.5 мян.га нь элэгдсэн, үүний дотор 12.9 % нь хүчтэй элэгдсэн байсан бол УГТСЭШ–ний хүрээлэнгийн судалгаагаар  (2010 онд ) нийт 579.3 мян. га хамрагдсанаас 100 хувь  элэгдсэн  ба 60.6 % нь хүчтэй элэгдсэн байгаа гэсэн судалгааны дүн гарсан. Үүнээс үзэхэд сүүлийн 20 орчим  жилийн хугацаанд тариалангийн хөрсний үржил шимийн бууралт нь гамшгийн хэмжээнд хүрч болохоор байгааг хэллээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

Эрдэм шинжилгээний хуралд БОАЖЯ, ХХААХҮЯ, МХЕГ, ГХГЗЗГ, Нийслэлийн байгаль орчны газар, ХААИС, МУИС, ШУТИС, Дархан хот УГТХ, ГЗГЭХ, НЭМХ, Гацуурт ХХК, Оюу толгой ХХK зэрэг төр, хувийн хэвшлийн төлөөлөл эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүд хуралд оролцож, орхигдож буй судалгааны сэдвүүдийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж байна.  Түүнчлэн жилээс жилд хөрс судлаач мэргэжлээр суралцах оюутны тоо буурч байгаад анхаарал хандуулах шаардлагатайг онцолж байв.

 
Гэрэл зургийг mpa.mn

 

 

x