Хар тэнгисийн боомт Новороссийскийн ойролцоо Оросын шумбагч хөлгийг тэнгисийн дроноор устгаснаа Украины аюулаас хамгаалах алба СБУ өчигдөр мэдээлжээ.
Шумбагч хөлөг ноцтой гэмтэж, ашиглагдах боломжгүй болсныг уг мэдэгдэлд дурдаад дэлбэрэлтийн дүрс бичлэгийг хавсаргасан байна.
Ажиллагаанд “Sub Sea Baby” нэртэй усны гүнд ажилладаг шумбагч дроныг анх удаа ашиглажээ.
“Дэлбэрэлтийн үр дүнд шумбагч хөлөг ноцтой гэмтэж, ашиглалтаас гарсан” гэж СБУ мэдэгдэлдээ дурдсан байна.
Харин Оросын тал боомтод халдлага гарсныг хүлээн зөвшөөрсөн ч үр дүнд хүрээгүй, ямар ч хөлөг хохирол амсаагүй гэж мэдэгджээ.
“Дайсан жолоочгүй шумбагч дрон ашиглан хорлон сүйтгэх ажиллагаа явуулахыг оролдсон ч зорилгодоо хүрч чадаагүй” гэж Хар тэнгисийн флотын хэвлэлийн албаны дарга Алексей Рулев хэлснийг Оросын төв хэвлэл мэдээндээ эш татсан байна.
Украины талын мэдээлснээр Кило ангиллын уг шумбагч хөлгийг Калибр далавчит пуужин харвахад ашигладаг бөгөөд нэг зэрэг дөрвөн пуужин харвах чадвартай гэнэ.
Дайны турш Оросын тал Украины нутаг дэвсгэрт пуужингаар довтлохдоо энэхүү шумбагч хөлгийг ашиглаж байжээ.
Дуу чимээг шингээж, радарт илрэх боломжгүй тул шумбагчийг “Хар Нүх” гэж нэрлэдэг болохыг СБУ тайлбарлаад үнэ өртгийг нь $400 сая орчим гэж мэдээлсэн байна.
Өрнөдийн хориг арга хэмжээтэй холбоотой эд ангийн хомсдолын улмаас ийм төрлийн шумбагч хөлгийг дахин үйлдвэрлэх зардал $500 сая давсан гэж тэд үзэж байгаа гэнэ.
Бараг дөрвөн жил үргэлжилж буй дайны турш Украины зэвсэгт хүчин тэнгисийн дрон ашиглан их хэмжээний хохирол учруулсны үр дүнд Оросын Хар тэнгисийн флот ихэнх хөлгүүдээ Новороссийск боомтод татаад байгаа билээ.
Эх сурвалж: CNN
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!