Ням гарагт Австралийн далайн эргийн Бонди Бич амралтын газарт зэвсэгт этгээдүүд халдлага үйлдсэний улмаас 15 хүний амь үрэгдсэн билээ.
Даваа гарагийн байдлаар халдлагын үеэр шархадсан 27 хүн эмнэлэгт эмчлүүлж буйг Австралийн албаныхан мэдээлсэн байна.
Жүүдүүдийн уламжлалт баяр Ханука эхлэх өдрийг тааруулсан уг аллагыг антисемитист үзлээс үүдэлтэй террорист халдлага гэж эрх баригчид үзэж байгаа.
Халдлагыг 50 настай эрэгтэй 24 настай хүүгийн хамт үйлдсэнийг өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл Австралийн эрх баригчид өчигдөр тэдний нэрсийг зарлажээ.
Хэргийн газарт алагдсан 50 настай эрэгтэй нь 1998 онд Австралид цагаачилж ирсэн Сажид Акрам гэгч байсан байна.
Шархадсаныхаа дараа баривчлагдсан түүний хүү 24 настай Навед Акрам нь Австралид төрсөн нэгэн байжээ.
Ерөнхий сайд Энтони Албаниз тэднийг экстремист үзэл сурталд автсан хүмүүс байсан бөгөөд 2019 онд аюулаас хамгаалах албаныханд байцаагдаж байсныг мэдээлсэн байна.
Гэхдээ тэд ямар нэг террорист байгууллагатай холбоотой нь тогтоогдоогүй гэнэ.
Өчигдөр Албаниз бас Австралийн галт зэвсгийн хяналтын хуулийг улам чангатгаж, буу эзэмшигчдэд тавих шаардлагыг өндөрсгөхөө амласан байна.
Халдлага үйлдсэн Сажид Акрам нь галт зэвсэг эзэмших хууль ёсны эрхтэй хүн байжээ.
Энэхүү халдлагын үеэр 10-аас 87 насны 15 хүн алагдсаны дотор дэлхийн хоёрдугаар дайны үеийн Холокостоос амьд үлдсэн хүн, хоёр рабби (жүүдийн шашны санваартан) зэрэг хүмүүс байжээ.
Дэлхийн хамгийн үлгэр жишээ галт зэвсгийн хяналтын хуультай орнуудын нэг гэгддэг Австралид сүүлийн 30 орчим жилийн хугацаанд ийм их хор хохиролтой аллага гарч байгаагүй юм.
Эх сурвалж: CNN
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!