АНУ-ын засаг захиргаа дайны галыг зогсоосны дараа Украин улсад НАТО маягийн аюулгүй байдлын баталгаа өгөхөд бэлэн байгаагаа өчигдөр мэдэгджээ.
Тус улсын албаныхан Берлин хотод Украин болон Европын төлөөлөгчидтэй уулзсаныхаа дараа ийм санал илэрхийлсэн байна.
НАТО-гийн гэрээний тавдугаар зүйлийн зарчим дээр үндэслэсэн “маш хүчтэй” баталгааг өгөхөд бэлэн байгаа бөгөөд үүнийг Оросын тал хүлээн зөвшөөрнө гэдэгт найдаж байгаагаа АНУ-ын албаны эх сурвалж мэдээлжээ.
Тавдугаар зүйлд НАТО-гийн аль нэг гишүүн орон халдлагад өртөхөд бусад гишүүд нь хамгаалах үүргийг заасан байдаг.
Даваа гарагийн уулзалтыг Украины ерөнхийлөгч Володимир Зеленский “үр бүтээлтэй” боловч амаргүй гэж тодорхойлсон байна.
Тэрбээр Украины тал бусад маргаантай асуудлаар шийдвэр гаргахаасаа өмнө “аюулгүй байдлын баталгааны талаар бүрэн ойлголттой болох” шаардлагатайг энэ үеэр илэрхийлжээ.
Ням гарагт Зеленский хэрвээ холбоотнууд нь аюулгүй байдлын хангалттай баталгаа өгч чадвал НАТО-д гишүүнээр элсэх санаанаасаа татгалзахад бэлэн байгааг анх удаа мэдэгдсэн билээ.
Үүний хариуд АНУ-ын тал ийм баталгаа өгөх санал тавьсан бололтой.
Энэхүү амлалтын дараа Украины эзлэгдсэн бүс нутаг болох Донбассын асуудал яриа хэлэлцээний гол сэдэв болж байна.
Энэ бүс нутгийн ихэнх хэсэгт хяналтаа тогтоосон Оросын тал үлдсэн хэсгээс цэргээ гаргаж, бүхэлд нь шилжүүлж өгөхийг Украинаас шаардаж буй ч Киев үүнийг нь зөвшөөрөхгүй байгаа юм.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзахдаа Зеленский болон Европын удирдагчидтай утсаар “маш сайхан яриа” өрнүүлснээ мэдээлжээ.
“Бид одоо тохиролцоонд хүрэхэд урьд урьдынхаас илүү ойрхон байна” гэж тэр энэ үеэр хэлсэн юм.
Берлиний уулзалтыг зохион байгуулсан Германы канцлер Фридрих Мерц бас “гал зогсоох асуудал анх удаа биелэх боломжтой харагдаж эхэлснийг” илэрхийлээд АНУ-ын санал болгосон баталгааг “гайхалтай” гэж тодорхойлсон байна.
Энэхүү уулзалтаас гарсан үр дүнд үндэслэсэн төлөвлөгөөг дараа нь Оросын талд танилцуулах ёстой.
Кремлийн хэвлэлийн алба Берлиний уулзалтын үр дүнгийн талаар мэдээллийг хүлээж байгаагаа өчигдөр бас илэрхийлсэн байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!