Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

Төрийн тэргүүн зэргийн "Чингис хаан" одонг The Hu хамтлагт гардууллаа

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 11 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд улс орныхоо тусгаар тогтнол бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан иргэнд  Монгол Улсын Төрийн тэргүүн зэргийн "Чингис хаан" одонг гардуулдаг уламжлал тогтоод байгаа билээ. 

Энэ удаагийн "Чингис хаан" одонг The Hu хамтлагт гардуулах болсныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өмнө нь мэдэгдсэн юм. 

The Hu хамтлагт "Чингис хаан" одон гардуулах ёслолын ажиллагааг шууд дамжуулж байна. 

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/553190762130712/

"Чингис хаан" одон гардуулах ёслолын ажиллагааг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ "Монгол Улсын иргэд ээ, дэлхий даяарт тархан суурьшсан Монголчууд аа, Эзэн богд Чингис хааны мэлмий гийсний 857 жилийн ой, Монгол бахархлын өдрийн халуун дотно мэндийг та бүхэндээ өргөн дэвшүүлье. Он цагийн урсгалт олон түүхэн хүн, түүхэн үшйл явдлууд алсарч, мартагдаж байхад Их эзэн Чингис хааны маань алдар гавьяаг хүмүүн төрөлхтөн улам бүр тодруулан онцолсоор байгаа билээ. 

Германы филисофич Г.Хегэл 1837 онд бичиссэн түүхэн филисофийн бүтээлдээ “Хүн төрөлхтөний түүх Монголчуудтай хамт эхэлсэн. Чухамдаа Монголчууд түүхэн дэх анхны хууль цаазат төрийн суурийг байгуулж чадсан үндэстэн бөгөөд тэдний үзэл санааны дор өнөөгийн бүхий л их гүрнүүд дэлхийн үндэснүүд замнаж яваа” хэмээн дүгнэж бичиж байжээ. Гайхамшигтай. 

Гэм буруутанд таарах хариуцлагыг ногдуулах, гавьяатанд зохих шагналыг олгох нь төрийн нэгэн чухал үүрэг хэмээн Чингис хаан маань үздэг байжээ. Монголын төр өнөөдөр гавьяатнуудаа шагнан алдаршуулж байна. Их хааныхаа хүрээгүй газар хүрч, Монголын алдар суу, Монголын соёлын өвийг түгээж, Монгол хэмээх нэрийг ертөнцийн чихнээ дуурсгаж яваа Хүннү рок хэмээх шинэ рок барилыг үүсгэн гялалзаж буй The Hu хамтлагт олгохоор шийдвэрлэлээ. Би та нараар бахархаж байна. 

Энэ бол Монгол залуусын хамтын хүч, хамтын хөдөлмөр юм.

The Hu хамтлагийнхан эхний цомгоо “Гэрэгэ” гэж нэрлэсэн нь оножээ. Та бүхний уран бүтээл Их эзэн Чингис хааны соёрхсон алтан гэрэгэ адил дэлхий даяар Монголын нэрийг түгээн хүмүүсийн сэтгэлд нэвтэрч байна. Та нарын зам мөр тод байж, олон олон залуус, уран бүтээлчдийг дагуулна хэмээн ихэд билэгшээн итгэж байна. 

Монголын Хүннү рок хамтлагийн уран бүтээн интернэт орчинд нэг жилийн хугацаанд 26 сая сонсогчдод хүрч, өдрөөс өдөрт энэ тоо нэмэгдсээр байна. 2019 оны зургаадугаар сараас тус хамтлаг Европын 13 орны 23 наадмаар аялан тоглоүлтоо хийжээ. Одоо АНУ мөн Канад улсаар 60 орчим бие даасан тоглолтоо хийгээд явж байгаа юм байна. Амжилт хүсье. Энэхүү шагналыг та бүхэнд олгох мөчид 1965 оны тавдугаар сард алдарт Битлз хамтлагт Британийн эзэнт гүрний гавьяаны одон гардуулсан явдал санаанд орж байна. Английн хатан хаан Битлз хамтлагт шагнал гардуулах болсон шалтгаанаа Британы нэр хүндийг дэлхий даяар өсгөсөний төлөө хэмээн тайлбарлаж байсан юм байна. Өнөөдөр Монголын төр та бүхнийг тэргүүн зэргийн “Чингис хаан” одонгоор шагнахдаа үүнтэй ижил шалтгааныг дурдах таатай байна" гэлээ.

Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга "Чингис хаан" одонг The Hu хамтлагийн ерөнхий продюсер Б.Дашдондогт гардууллаа.