Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Минжин: Хожлын шидэлтийн бичлэг үзэхээр өөрийн эрхгүй нулимс гардаг

Н.Отгонбаатар, Үндэсний шуудан
2019 оны 11 сарын 20
Үндэсний шуудан
Зураг зураг

Сагсан бөмбөгийн ЗхЗ-ын U 23 ангиллын залуучуудын багийн тоглогч, МУИС-ийн оюутан, спортын мастер Ганбатын Минжинтэй ярилцлаа.

-Сагсан бөмбөг сонирхогчид Г.Булган та хоёрыг “Эрдэнэтийн ихэр” гэдгээр чинь андахгүй. Энэ спортоор хэзээнээс хичээллэж эхэлсэн бэ?

-Бид Эрдэнэт хотод төрсөн. Дөрвөн настайгаасаа хойш спорт бүжгээр хичээллэн, орос цэцэрлэг, сургуульд сурсан. Долдугаар ангиасаа бүжгийн спортоо орхин, сагсан бөмбөгөөр хичээллэж эхэлсэн. Энэ үеэс аймаг болон УАШТ-нд оролцож, сагсан бөмбөгт улам их дурлах болсон. Анхандаа төдийлөн амжилт гаргаагүй. Хожил, хожигдол гэдгийг амсаж, мэдэрсээр л явав.

-Аав, ээж чинь спортын хүмүүс үү. Танайх ам бүл хэдүүлээ вэ?

-Спортын хүмүүс биш ээ. Урлаг, спорттой ойр өссөн гэдэг. Аав минь инженер мэргэжилтэй. Харин ээж Дархан хотын АУК-д сурч байгаад өөрийн сонирхлын дагуу ОХУ-д суралцаж, бүжигчин болсон. Одоо ээж соёлын ордонд, аав “Эрдэнэт” үйлдвэрт ажиллаж байгаа. Манайх ам бүл долуулаа. Таван хүүхэдтэй айл. Булган бид хоёр отгон хүүхэд нь. Дээрээ нэг ах, хоёр эгчтэй.

-Дунд сургуульд байхдаа өсвөр үеийн тэмцээнд Булган та хоёр Эрдэнэтийн бапг хамт тоглодог байсан. Одоо өөр, өөр багт тоглох болсон шалтгаан нь юу юм бэ?

-Бид 2015 онд аравдугаар ангид байхдаа дөрвөн жилд нэг удаа зохиогддог хүүхдийн спортын их наадам оролцсон юм. Тэр наадамд манай баг түрүүлж, ялалтын үнэ цэнийг мэдэрсэн. Их ч урам зориг, эрч хүч авч, цаашид илүү их амжилт гаргахыг эрмэлзэн, тууштай хичээллэх хүсэл тэмүүлэл оргилсон.

Булган бид хоёр өсвөр үед хамт нэг багт тоглож байгаад, 2016 онд оюутан бол* хоёр өөр сургуульд орж сургуулийнхаа багт тоглох болов. Би МУИС, Булган Этүгэний “Ирвэс” багаас тоглож байгаа. Түрүү жил Булганы баг лигийн аварга болсон.

Харин би МУИС-д ороод гавьяат дасгалжуулагч Ц. Цэвэрбал багшийн шавь болсон, энэ л үеэс миний сагсан бөмбөгийн тамирчин болох гараа эхэлсэн. Оюутны унирверсиад, оюутны лиг зэрэг томоохон тэмцээнд оролцож, гараагаа амжилтаа эхлүүлээд явж байна.

-Хэзээнээс 3хЗ-аар хичээллэх болов. Өөрөө сонирхож энэ төрөл рүү оров уу. Тулга дасгалжуулагч сонгон шалгаруулж авсан уу?

-2018 оноос 3x3 төрлөөр хичээллэж байгаа. С.Тулга дасгалжуулагч энэ төрлөөр цаашид амжилттай тоглох тамирчдыг өөрөө харж, сонгож авдаг. Тухайн хүүхэд энэ төрөлд илүү тохирох юм байна гэсний үүднээс сонголтоо хийдэг юм билээ. Сонгогдсон тамирчид бэлтгэл хийж, тэмцээнд оролцон өөрсдийн юу чаддагаа харуулдаг. Хичээл, зүтгэл мэрийлттэй ямар ч тамирчин амжилт гаргах боломжгүй төрөл.

-Холын шидэлтийг дунд сургуульд байхаасаа оновчтой шиддэг байв уу. Намхан нуруутай тоглогчийн хувьд маш давуу тал гэж хардаг.

-Аливаа тоглогчдод өөрийнх нь онцлогт тохирсон шидэлтүүд байдаг л даа. Би өөрөө холын зайн шидэлтийг хийх илүү дуртай. Бэлтгэл дээр болон чөлөөт цагаараа холын шидэлтдээ илүү анхаарал хандуулдаг. Тийм болохоор тоглолтын үед боломж гарвал гурваас шиднэ. Булган харин эсрэгээрээ дундаас шиддэг. Холбон тоглогч болохоор гоё пасс, дамжуулалтыг илүү оновчтой сайн хийнэ.

БЛИЦ:

Төрсөн он : 1998 оны арваннэгдүгээр сарын 2.
Жил: Бар
Орд: Хилэнц.
Биеийн өндөр: 168 см.
Биеийн жин: 59 кг.
Зэрэг цол: Спортын мастер.
Хэлэх дуртай үг: Хөдөлмөр хүнийг бүтээнэ. Эзэн хичээвэл, заяа хичээнэ.
Дуртай хоол: Ээжийнхээ хийсэн бүх хоолонд дуртай.
Дуртай өнгө: Хар, цагаан, саарал
Дуртай дуу, хөгжим: Шинээр гарч байгаа трэнд дуунууд

-Жижиг биетэй тоглогч холын шидэлтийг хийхэд техникээс гадна гарын хүч илүү шаардана биз?

-Зөв сурцтай техник илүү шаарддаг. Миний хувьд нэлээн доороос гарган, хөнгөн хөөргөж шиддэг онцлогтой.

-U23 дээр Герман Улсын багийг буулган авахад сүүлийн хожлын холын шидэлтийг цагтаа уралдаж амжилттай хийсэн. Энэ шидэлтийг урьдчилан төлөвлөсөн байв уу?

-Германы багтай хийсэн тэр тоглолт маш хүнд байсан. Бид энэ багийг хожихгүй бол хэсгээсээ гарах боломжгүй, хүндхэн асуудалтай тулгарсан юм. Германы баг маш хүчтэй бүрэлдэхүүнтэй. Өмнөх жил илүү өндөр амжилт үзүүлсэн баг.

Үнэнийг хэлэхэд тэднийг хожих итгэл бага байсан. Гэхдээ манай багийнхан бүгд л хожил авахын тулд хичээсэн юм. Тоглолтын эхнээс тэдэнд боломж өгөхгүй, хамгаалалт довтолгоогоо сайн хийж, оноогоор тэргүүлэхийг хичээв. Тэр хичээл, зүтгэлийн үр дүнд оноогоор Германаас илүү гарсан нь тэдэнд дарамт болсон байх. Германы охид биднийг сайн тоглоно гэж бодоогүй болохоор сандарч эхэлсэн.

Гэхдээ туршлагатай багийн хувьд тоглолтын төгсгөлийг үнэхээр сайн хийж оноо тэнцсэн. Манай багийн тоглогч хүнд бэртэл авч, тэдэнд хожил авах боломж гарсан. Сэлгээний тоглогчгүй, амралтгүйгээр тоглолтыг амжилттай дуусгах хүнд даалгавартай багийнхан минь нүүр тулж байлаа.

Тоглолтын сүүлийн гурван минут дутуу байхад Германчууд оноог ойртуулсан, цаг дуусах мөчид оноог тэнцүүлсэн. Ингээд нэмэлт цаг сунгаж, тоглолт хийх болсон юм. Багийн нэг тоглогч бэртсэн, оноогоор илүү явж байгаад оноо тэнцсэн зэрэг нь бидэнд хүнд цохилт, 3x3 төрөлд цаг сунгасан тоглолтод түрүүлж хоёр оноо авсан баг хожил авдаг. Бид гурав хамаг байдгаа шавхсан.

-Тэр гайхалтай холын зайн, хожлын шидэлт олон спорт сонирхогчдыг самсааг шархируулж, сэтгэлийг огшоож, баяр, бахархлын нулимсыг гаргасан шүү. Монголын 3x3 сагсан бөмбөгийн түүхэнд үлдэх ховор нандин, холын зайн, хожлын шидэлт байсан. Баг хамт олноо сэргээсэн хожлын дараах сэтгэл, мэдрэмж ямар байв?

-Тэрхүү холын зайн шидэлтийг хийхэд үнэхээр үгээр хэлэхийн аргагүй маш гоё мэдрэмж төрдөг юм билээ. Энэ миний шидэлт гэхээсээ илүүтэйгээр манай баг хамт олны хүч хөдөлмөр. Манай хоёр тоглогч сайн хамгаалж, надад шидэх боломжийг гаргаж өгсөн нь хожил авах үндэс болсон. Үнэхээр гайхамшигтай сайхан мөч.

Тэр холын зайн, хожлын шидэлтийн бичлэгийг одоо ч үзээд нулимс гардаг. Надаас олон ч хүн тэр шидэлтийн талаар сонирхож асуудаг. Зарим нь “Чи бидний эх орноороо бахархах, монгол хүн гэсэн бахархлыг сэргээж өгсөн шүү” гэж хэлэх нь үнэхээр сайхан.

-Германы багт өөртэй чинь ойролцоо өндөртэй тамирчин байв уу?

-Германы багийн дундаж өндөр нь манай багийн хамгийн өндөр тоглогчтой адилхан байсан. Манай багийн тоглогч О.Хулангийн өндөр 183 см. Тэгэхэд Германы багийн тоглогчид бүгд л 183 см-ээс дээш өндөртэй тамирчид байлаа.

-Өндөр тоглогчдын эсрэг довтлох, хамгаалахад хүнд байдаг уу?

-Бусад орны багт яг над шиг жижиг биш ч гэсэн, нам нуруутай нэг тоглогч байдаг. Миний өндөр 168 см шүү дээ. Би биеийн нам байдлаасаа болж оноо алдах магадлал өндөр ч, өөрийн сул талыг нөхөх боломж минь холын зайн шидэлт болдог. Манай багийн дасгалжуулагч нарын боловсруулсан комбинаци хувилбар л хожил авах, амжилтын гол түлхүүр юм. Бидэнд 13 хувилбар бий. Энэ 13 хувилбар дотроо задарч олон хэсэг болно. Тоглолтын байдлаас шалтгаалж комбинаци хувилбараа тохируулан өөрчилдөг.

-Манай ЗхЗ-ын ямар ч насны баг гадаадын тамирчдын эсрэг тоглоод сурчихлаа. Гаднын багууд монголчуудаас эмээдэг болсон байна. Энэ бүхэн С.Тулга дасгалжуулагчийн нэрийн хуудас болсон монгол комбинаци, хувилбартай холбоотой юу?

-Манай дасгалжуулагч бидний бие бялдрын онцлогт тааруулан хувилбарууд боловсруулдаг. Эдгээр хувилбар дасгалжуулагч хүний ур ухаан, чадварыг харуулж байгаа. Цаашид ч хөгжүүлэх олон хувилбарыг бодож боловсруулж яваа. Бидний бүх тоглолтын бичлэгт анализ, дүгнэлт хийж, улам сайжруулж байгаа. Эдгээр комбинаци хувилбарт тулгуурлан бидний тоглолтын агуулга сайн болж, ялалт, амжилт гаргах үндэс болж өрнөдөг.

-Танарыг гадаадын үзэгчид хэр хүлээн авч байна. Тэмцээний үеэр хэр их бухимддаг вэ?

-Монголын баг Ази тивийн бусад багаас огцом хурдтай дээшилж чамлахааргүй амжилт гаргаж яваа. Тийм болохоор сүүлийн үед Азийн хөгжөөн дэмжигчид биднийг илүү дэмждэг болсон. Сагсан бөмбөгийн 3x3 хамгаалалт, довтолгоон гээд зогсолгүй өндөр ачаалал авдаг онцлогтой спорт. Тэмцээний үргэлжлэх хугацаа богино болохоор бухимдах үе бий. Энэ бүхнийг хэвийн байлгахын тулд 3x3 сагсан бөмбөгийн холбооноос төсөл хэрэгжүүлэн, сэтгэл зүйч гарган, тамирчидтай нэг бүрчлэн ажиллуулж байгаа.

-Дэлхийн элсний анхдугаар наадамд тоглолт хийсэн. Үзэгчдийн хүсэж хүлээсэн амжилтыг гаргаж чадаагүй. Гадаадын насанд хүрэгчдийн, бараг л хагас мэргэжлийн багуудын эсрэг залуучуудын шигшээ тоглосон учраас түвшингийн зөрүү гарав уу?

-Дэлхийн элсний анхдугаар наадамд манай U23 насны залуучуудын баг эрх авч оролцсон. Ур чадвар, түвшингийн ялгаа гараагүй. Харин бидэнтэй адил өмнөх тэмцээнд оролцсон баг байгаагүй, юм. Бид 1123-ын дэлхийн аварга дуусаад нэг хоноод Катар руу ниссэн. Харин гадны багууд амралт, сэргээлт авчихсан өөр тамирчид байсан. Зөвхөн элсний наадамд оролцохоор бэлтгэгдсэн багууд байв.

Гэхдээ манай эрэгтэйчүүд сайн тоглож хүрэл медаль хүртсэн. Харин эмэгтэй багийн хувьд өмнөх тэмцээний ачаалал, ядралт, сэргэлт авч чадалгүй оролцсон байдал нөлөөлсөн. Тэнд очоод цаг агаарт дасаж, 40 хэмийн халуунд тоглох амаргүй байлаа. Энэ тэмцээн бидэнд туршлага хуримтлуулах боломжийг нээсэн.

-Монгол Улс багийн спортоор анх удаа олимпын наадамд оролцох эрх авлаа. Токиогийн олимпод танай U23 насны залуучуудын баг, эсвэл насанд хүрэгчдийн эмэгтэй шигшээ баг оролцох юм уу?

-Манай ЗхЗ-ын Үндэсний шигшээ багийн эгч нар олимпын эрх авсан. Гэхдээ одоогоор эцсийн шийдвэр гараагүй. Олимпод оролцох тамирчдын нэрсийг зарлаагүй байна. Эмэгтэй ЗхЗ-ын тоглогчдын хэнд нь ч олимпод оролцох боломж бий. Бүгд л бэлтгэлээ хийгээд байж байгаа. Ер нь бол эгч нарын багт тулгуурласан тамирчдыг бүрдүүлж олимпод оролцох байх.

-Хүмүүс U23 насны залуучуудын эмэгтэй баг дэлхийн аваргад амжилттай оролцож олимпын эрх авлаа гэсэн ойлголттой байгаа. Олимпын эрхийг нэр зааж багт нь биш, тухайн улсад нь өгдөг үү?

-Бидний хувьд хэн олимпод явах нь чухал биш. Монгол Улс багийн спортын төрлөөр анх удаа олимпын наадамд оролцож байна. Энэ нь багийн спортын түүхэнд том амжилт. Түүхэнд тэмдэглэгдэх энэ эрхийг Монгол Улс авсанд бид туйлын их баяртай байгаа.

Залуучуудын шигшээ багийнханд нас байна. Цаашид дараа дараагийн олимп, дэлхийн аваргад оролцох боломжууд бий. Бэлтгэл сургуулилалтаа чанартай хийгээд, урдах амжилтаа ахиулаад явахад бүх зүйл нээлттэй.

-МУИС-д ямар мэргэжлээр суралцаж байна вэ?

-Би МУИС-ийн Бизнесийн сургуульд бизнесийн удирдлагаар суралцдаг. Ирэх хавар сургуулиа төгсөнө. Сурахын хажуугаар бэлтгэлээ таслахгүй хийхийг хичээдэг.

-Шинэ онд ямар тэмцээнүүд хүлээж байгаа вэ. Нас залуу байна. Дараа жил U23 насны залуучуудын ангиллын олон улс, тив дэлхийн тэмцээнүүдэд оролцох боломж байна. Танай багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орох уу?

-Он гараад оюутны универсиад наадмын тэмцээн болно. Би нэгдүгээр курст байхдаа оролцож хүрэл медаль хүртэж байсан. Одоо тэр амжилтаа ахиулах зорилготой байгаа. Би 21 нас хүрч байна, ахиад 2-3 жил U23 насны ангилалд тоглох боломж бий. Манай багт бараг л өөрчлөлт гарахгүй. Манай багийн М.Цэрэнлхам эгч 23 настай.

Сая U23 насны залуучуудын ангиллын сүүлийн тэмцээндээ оролцсон. Удахгүй М.Цэрэнлхам эгч дараа, дараагийн насны ангилалд болон насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багт орж тоглоно. Манай багийн Б.Ариунцэцэг 18 настай. О.Хулан 1999 оных. Одоо 20 настай гэхээр дахиад 3-4 жил U23 насны залуучуудын ангилалд тоглох боломжтой.

-Гадаадын тэмцээн уралдаанд явах зардлыг хувиасаа гаргаж байна уу?

-Бидний хувьд ямар нэг тэмцээний зардалд санаа зовдоггүй. Бэлтгэл, сургуулилалт, тоглолт, сэтгэл зүйдээ л анхаарлаа хандуулдаг. Л.Мягмаржав ерөнхийлөгчтэй сагсан бөмбөгийн 3x3-ын холбоо, MCS Коко кола компанийн хамт олон, Шигшээ багийн хамтрагч Г.Батцэнгэл захиралтай “Energy Resources”-ийн хамт олон, MNBA-гийн ерөнхийлөгч С.Эрдэнэ, МВА-гийн ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч  Ц.Цэвэрбал, “Улаанбаатар Амазонс” гэх мэт ивээн тэтгэгч байгууллага, хувь хүмүүс бий. Эдгээр байгууллага, хувь хүмүүст баярлаж талархаж явдгаа багийн 3 хамт олны өмнөөс илэрхийлье.

Зураг