Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

Гайхамшиг үргэлжилсээр, Бид омогшсоор...

Б.Мөнхзул, Үндэсний шуудан
2019 оны 10 сарын 7
Үндэсний шуудан
Зураг зураг

Нэгэн цагт монголчууд чөлөөт бөх, жүдо, боксын тамирчдынхаа огшоосон тулааныг харж сэтгэлээ баясгадаг байсан.

Тэгвэл энэ цагт багийн спортынхон биднийг баярлуулж, гайхамшгийг бүтээсээр байна. Сагсан бөмбөгийн 3x3 төрлөөр манай залуучууд болон насанд хүрэгчдийн баг дэлхийд шуугиан тарьж, спортод хайртай монгол түмнээ омогшуулсаар.

Дэлхийн томоохон мэргэжилтнүүд ч манай залуусыг онцолж байгааг харах үнэхээр бахархууштай. Хятадад 23 настнууд дэлхийн анхаарлын төвд байгаа бол Солонгост насанд хүрэгчдийн баг 2019 оны хамгийн сүүлчийн гран прид аваргаллаа.

Тэр ч бүү хэл хөлбөмбөгчид гуравхан хоногийн дараа Азийн тэргүүн баг Японы эсрэг түүхэн тоглолт хийх гэж байна. Тэд өмнө нь талбайдаа хоёр тоглолт хийхдээ нэг хожиж, нэг хожигдсон. Монгол залуусын ур чадвар багийн спортын төрөлд мэдэгдэхүйц өөр түвшинд хүрсэн гэдгийг спорт сонирхогчид харж байгаа биз. Энэ бол багийн тамирчдаас гадна тэдний арын албанд зүтгэж буй хүн бүрийн хичээл зүтгэлийн үр дүн.

Ямартай ч гайхамшиг үргэлжилж, бид залуусаараа бахархаж омогшсоор байна. Ингээд өнгөрсөн амралтын өдрүүдэд монголчуудыг огшоосон хоёр тэмцээний талаар тойм мэдээлэл хүргэе.

МОНГОЛ ЗАЛУУС АНХ УДАА ДЭЛХИЙН ГРАН ПРИД ТҮРҮҮЛЭВ

Сагсан бөмбөгийн 3x3 төрлийн энэ улирлын сүүлчийн дэлхийн гран при тэмцээн БНСУ-д болж өндөрлөлөө. Тус тэмцээнд Монголоос “Улаанбаатар ММС Энержи” багийнхан өрсөлдсөн. Багийн бүрэлдэхүүнд Э.Цэрэнбаатар, Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, Г.Цэнгүүнбаяр нар багтжээ. Өмнөх тоглолтуудаас ялгаатай нь Г.Цэнгүүнбаяр бэртлээс эргэн ирсэн явдал байлаа.

Тэрбээр дөрөвдүгээр сараас хойш талбайд гараагүй бөгөөд Чэжүгийн гран прид оролцсон юм. Энэ нь Монголын багийн уур амьсгал, тоглолтын хэмнэлд маш том өөрчлөлт оруулсныг онцлох нь зүйтэй. Манай залуус шөвгийн наймд Сербийн алдарт “Земун”-ыг 17:16-гаар буулган авч хагас шигшээд шалгарлаа. Энэхүү багтай өмнө нь дөрвөн удаа таарахад гуравт нь хожигдож, нэг хожиж байв.

Тэгвэл Чэжүгийн гран пригийн дараа хоорондын хожил, хожигдлын харьцаа 3:2 боллоо. Том багийг буулган авсан манайхан хагас шигшээд Оросын хамгийн хүчтэй хоёр багийн нэг “Нева”-г хүнд тоглолтын эцэст 14:12-оор хожлоо. Ингэснээр дэлхийн гранприд Азийн төлөөлөл анх удаа шигшээд шалгарч үлдсэн нь өнөөх л монголчууд. Азидаа нэгдүгээрт гэдгээ хэд хэдэн удаа баталсан манай залуус Монголынхоо нэрийг шар тивийн нэр хүндтэй хамтад авч яваа нь энэ.

Шигшээ тоглолт Словенийн тэргүүн баг “Пиран”-ыг 13:10-аар хожсоноор түүхэндээ анх удаа дэлхийн гран прид түрүүлэв.

Түүнчлэн Ази тивийн баг анх удаа гран прид түрүүлж байгаа юм. Ийнхүү Монголын шигшээ баг Токиогийн олимпод өрсөлдөх маш өндөр оноо аваад зогсохгүй 15 мянган ам.доллар халаасалж байна. Түүгээр ч зогсохгүй Монголын багийн ахлагч, олон улсын хэмжээний мастер Д.Дэлгэрням Чэжүгийн гранпригийн MVP буюу үнэ цэнтэй тоглогчийн шагнал хүртэж давхар бэлэг барив. Сагсан бөмбөгийн 3x3 төрлөөр монголчууд Токиогийн олимпод шилдгүүдтэй өрсөлдөхийг харах завшаан тохиох биз. Боломж ч нэмэгдсээр.

Ямартай ч Монголын хөвгүүд монголчуудаа төдийгүй Азийн сагсан бөмбөг сонирхогчдыг 3x3 төрлөөр байлдан дагуулж чадлаа. Тэднээр бахархъя. Тэдний төлөө нойр хоолоо умартан хөдөлмөрлөж буй арын албаныхнаар бахархъя. Монголчуудыг баярлуулсан та нартаа баярлалаа.

ОХИД АНХ УДАА ШӨВГИЙН НАЙМД
 

Ах нар нь Солонгост шуугиан тарьсан бол дүү нар Хятадад од болж болж байна.

Тодруулбал, Хятадын Ланьжоу хотноо болж буй сагсан бөмбөгийн 3x3 төрлийн U23 насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын охид, хөвгүүд бужигнуулсаар. Хэдийгээр хөвгүүд хэсгээсээ шалгарч чадаагүй Нидерланд, Сербийн багт хожигдсон ч Литва, Солонгосыг хожсоноор тэмцээнээ дуусгасан. Хожигдсон ч, хожсон ч монгол түмнээ омогшуулж, олон нийтийн анхаарлын төвд байсан хөвгүүдээрээ бахархмаар. 

А.Анандыг дэлхийн топууд онцолсныг дурдах хэрэгтэй. Тэгвэл охидын тоглолт бүр ч янзтай. Ялангуяа Германы эсрэг хийсэн тоглолт олон хүний нүдний аягыг нулимсаар дүүргэж, германчуудыг шоконд оруулж, дэлхийн мэргэжилтнүүд монгол охидын тухай ярихад хүргэсэн.

Хожлын шидэлт гүйцэтгэсэн Г.Минжин, тоглолтын дундуур бэртэл авч талбайг чөлөөлсөн ч шийдвэрлэх тоглолт буюу Угандагийн эсрэг тоглосон М.Цэрэнлхам, самбарт найдвартай байсан Б.Ариунцэцэг, хамгаалалтын гол ачааг нуруундаа үүрсэн О.Хулангаар хүн бүр бахархаж байгаа нь дамжиггүй. Мөн тэднийг чиглүүлсэн дасгалжуулагч С.Тулга, С.Төгсжаргал, Г.Ундрах нарт баяр хүргэе.

Манай охид эхлээд Румынд 21:22 хожигдсон ч Ираныг 21:15, Германыг 13:11, Угандагийн шигшээг 19:17-гоор хожлоо. Ингээд “С” хэсгийг тэргүүлж, хасагдах шатанд Беларусьт дийлдсэнээр тэмцээнээ өндөрлүүлсэн. Хэдий тийм ч Монголын охид анх удаа удаа дэлхийн аваргын шилдэг наймд шалгарсан түүхэн амжилтын эзэн болов.

Өмнө нь манай улсад болсон U18 насны дэлхийн аваргад хөвгүүд шилдэг найман багийн нэг болсон амжилтыг охид давтлаа. Ямартай ч Монголын сагсан бөмбөгийн тамирчид дэлхий нийтийн анхаарлын төвд багтаж, мэргэжилтнүүд манайхны талаар ам уралдуулан ярьж байна. Энэ бол бахархал, гайхамшиг.

Эцэст нь, монгол залуусын гайхамшиг цаашид ч үргэлжилнэ. Магадгүй 2020 оны Токиогийн олимпийн гол сэдэв нь Монголын ЗхЗ-ын тамирчид байж болох юм.

Зураг