Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/25-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Болд: "Эрдмийн өргөө" цогцолборын спорт заалыг томруулахаар болсон

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 10 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас хэрэгжүүлж буй сургууль, цэцэрлэгийн барилгуудын ажлын явцыг IKON.MN сайт цувралаар сурвалжилж байгаа билээ. Энэ удаад “Эрдмийн өргөө” цогцолборын өргөтгөлийн явцтай дахин танилцлаа. 

Анх энэ оны зургаадугаар сард биднийг ирэхэд барилгын суурийг цутгасан байв. Энэ үед  “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн захирал З.Байгалмаа “Зурагт төлөвлөгдсөн биеийн тамирын заал нь жижиг байгаа. Манай сургууль сурагч олонтой. Цаашид ч нэмэгдсээр байх тул том заал шаардлагатай. Үүнийг уламжилж, хүсэлтээ яаманд хүргүүлнэ” хэмээж байсан юм.

Тэгвэл түүний энэхүү хүсэлтийг БСШУСЯ хүлээн авч, заалны хэмжээг томруулахаар болжээ. Ингэснээр өргөтгөлийн зааланд хоёр анги хамт биеийн тамирын хичээлдээ оролцох боломжтой болох юм. Харин ингэснээр барилга ашиглалтад орох хугацаа нэлээд сунасан хэмээн гүйцэтгэгч компанийнхан хэллээ.

Гүйцэтгэгч “Солид” констракшны захирал Г.Болд “Өргөтгөлийн нийт зардлыг гурван жилийн төсөвт хувааж суулгасан ч манай компани дотоод нөөц бололцоондоо тулгуурлаж, энэ ондоо багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байсан.

Гэвч заал томруулах болсноор хугацаа хойшиллоо. Урьдчилан тооцоолж буйгаар ирэх оны гуравдугаар улирал буюу наймдугаар сарын үед ашиглалтад орох магадлалтай. Энэ жилийн тухайд бид төсөвлөгдсөн дүндээ тааруулж, графикийн дагуу өргөтгөлийн А блокийг барьж дуусаж байна. Б блок нь биеийн тамирын заал, хувцас солих өрөө зэрэг байх юм” гэв.

 

Зөвшөөрөлгүй гараашуудын асуудал одоо ч шийдэгдээгүй

“Эрдмийн өргөө” цогцолборын өргөтгөлийн талбайн баруун талд байх гараашууд нь төвийн шугамд холбогдоход саад болж буйг өмнө нь мэдээлсэн билээ.

Тухайн үед дүүрэг, нийслэлийн удирдлагууд нөхцөл байдалтай танилцаж, тэдгээр гарааш нь зөвшөөрөлгүй тул зохих арга хэмжээг авч, шийдвэрлэнэ хэмээж байсан аж. Гэвч өнөөг хүртэл ямар нэг арга хэмжээ аваагүй байна. 

 

/2019 оны зургаадугаар сарын 11-ний байдлаар/

Хэдийгээр өргөтгөлд энэ жилдээ дулаанаа авахгүй ч ирэх жил сантехникийн холболтууд хийгдэнэ. Түүнээс өмнө холбогдох газрууд нь анхаарлаа хандуулна хэмээн найдаж байгаагаа барилгачид хэлж байв.

Мөн барилгын хойд талд бетонон гарааш бий. Энэ нь ирэх жил биеий тамирын заал барихад саад болох магадлалтай байгаа аж. 

Нэг жилд 500 гаруй сурагчаар бүл нэмжээ

2018-2019 оны хичээлийн жилд “Эрдмийн өргөө” цогцолборт 4,300 сурагч суралцаж байсан бол энэ жил 500 гаруй сурагчаар бүл нэмж, 4,800 сурагчтай болсон аж.

Ойр орчимд нь орон сууцны хотхон, хороолол ихээр баригдаж байгаа учир цогцолборын ачаалал нэмэгдсээр байна. Ирэх оны хичээлийн жил эхлэхээс өмнө урьтаж 640 хүүхдийн суудалтай шинэ өргөтгөл ашиглалтад орохгүй бол гурван ээлжид дахин шилжих эрсдэл байгаа юм. Энэ жил тус сургууль анги танхимаа шинээр зохион байгуулснаар хоёр ээлжээр хичээллэж байгаа аж.