Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

150 хүүхэд цэцэрлэгтэй, 25 хүн ажилтай болоход дахин нэг сарын хугацаа шаардлагатай

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 10 сарын 18
iKon.MN
Зураг зураг

“Зураг төслийн алдаанаас болж хоёр сарыг үр ашиггүй өнгөрүүллээ”

Нийслэлийн Баянгол дүүргийн 114-р цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг наймдугаар сарын 30-нд хүлээлгэн өгөх ёстой байсан ч өнөөдрийг хүртэл дуусаагүй байгаа билээ. Ямар шалтгаанаар ажил ийнхүү хойшилж байгааг тодруулахаар тус цэцэрлэгийн байранд очиход барилга хариуцаж буй инженер Я.Ганчулуун дээрх хариултыг хэлсэн юм.

Чадна гэж тендер авсан ч ажил нь хойшилж, олон хүүхдийн эрх ашиг хөндөгдөж буй жишээ энэ мэт олон бий. Алдаатай зураг төсөл гэх шалтгаанаар ажил нь хэдэн сараар хойшилж байгаа жишээ Баянгол дүүрэгт ч хэд хэд байгаагийн нэг нь 114-р цэцэрлэгийн өргөтгөл. 

Гэрээ ёсоор ажил явсан бол есдүгээр сарын 1-нд 150 хүүхэд цэцэрлэгтэй болох байв. 

Албан ёсны шийдвэр, зөвшөөрөл гэсээр нэлээд хугацаа алдсан

Ерөнхий инженерийнх нь хэлж буйгаар барилгын зураг дээр дулааны шугамыг үндсэн барилгаас салаалуулж авахаар төлөвлөсөн байж. Гэвч цэцэрлэгийн шугам нь хүчин чадал багатай бөгөөд давхар насос ажиллуулж байж өвлийг давдаг тул өөр газраас шугам татахаас аргагүйд хүрчээ.

Албан ёсны шийдвэр, зөвшөөрөл гэсээр нэлээд хугацаа алдсан хэмээн тэрбээр мөн тайлбарласан юм. 

"Ажлын явц 85 хувьтай байна. Дулаангүйгээс үүдэн замаск хөлдөж, ажил үргэлжлүүлэх нөхцөл алга. Дараагийн шатны санхүүжилт хараахан ороогүй учир өөрсдийн нөөц бололцоонд түшиглэн паар, замаск зэрэг шаардлагатай материалуудаа авсан. Одоогоор дотор засал хийх л дутуу. Паараа гурав хоногт суурилуулна гэж тооцсон. Энэ ажлаа дуусгаснаар дотор заслаа 15 орчим хоногийн хугацаанд хийнэ” хэмээн ерөнхий инженер Я.Ганчулуун ярив.

Ингэснээр барилгыг ашиглалтад оруулахад дахин нэг сарын хугацаа шаардлагатай болох нь. 

114-р цэцэрлэгийн ачаалал ямар байгааг тус цэцэрлэгийн эрхлэгч М.Сарантуяагаас тодрууллаа.

“150 хүүхэд, 25 ажилтны эрх ашиг зөрчигдөж байна”

 

Баянгол дүүргийн 6-р хороо цэцэрлэгийн насны 800 гаруй хүүхэдтэй аж. Өргөтгөлтэй болсноор 98-р цэцэрлэгийн хамран сургах тойргоос есөн байрны хүүхдүүд 114-р цэцэрлэгт шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Одоогоор тус цэцэрлэгт 520 хүүхэд хүмүүжиж байгаа юм. 2019-2020 оны хичээлийн жилд цахим бүртгэлээр тус цэцэрлэгт 300 гаруй хүүхэд бүртгүүлжээ. Үүнээс 220 нь тэнцсэн бол 97 хүүхэд гэртээ үлдэхээр болсон аж. 

114-р цэцэрлэгийн эрхлэгч М.Сарантуяа “Манай цэцэрлэгийн бага ангид 35-40, ахлах, бэлтгэл ангиудад 45-50 хүүхэд нэг анги болон суралцаж байна. Өргөтгөл ашиглалтад орсноор манайд бүртгүүлсэн 97 хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломж бүрдэнэ. Түүнээс гадна аав нь Баянгол дүүргийн 6-р хороонд харьяалалтай ч ээж нь өөр хаягтай зэрэг асуудалтай нэлээд хүүхэд нэрээ өгсөн. Тэднийг оролцуулан тооцвол 150 хангалттай болохоор байгаа юм. Гэвч эдгээр хүүхдийг оруулаад ч манай цэцэрлэг хамран сургах тойргийнхоо хүүхдүүдийн 90 хувийг л хамруулж чадна гэсэн үг" гэлээ.   

 

Цэцэрлэгийн үндсэн барилга 280 хүүхдийн хүчин чадалтай ч 520 хүүхэд хүмүүжиж байна. Харин өргөтгөлийн барилгад стандартын дагуу нэг ангид 25 хүүхэд байхаар тооцоолсон бол ачааллыг тэнцвэржүүлж, нэг ангид 30-35 хүүхэд байлгахаар төлөвлөжээ.

Мөн багш, ажилтнуудаа хэдийнээ шалгаруулж авсан байна. Гэрээлсэн огнооноос хойш хоёр сар гаруй хугацаа өнгөрч байх энэ хооронд 150 хүүхэд, 25 ажилтны эрх ашиг зөрчигдсөөр байгааг цэцэрлэгийн эрхлэгч М.Сарантуяа хэлж байв.