Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/12-НД НИЙТЛЭГДСЭН

Гурван ээлжээр хичээллэдэг "Эрдмийн өргөө" цогцолборын өргөтгөлийг барихад зөвшөөрөлгүй гараашууд саад болж байна

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 6 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Баянгол дүүрэг дэх "Эрдмийн өргөө" цогцолбор сургуулийн нэг ангид 50-60 хүүхэд, гурван ээлжээр хичээллэж байна. Энэ жил 85 хүүхэд тус сургуулийг төгсөж буй бол ирэх жил 700 орчим хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцах төлөвтэй байгаа юм.

Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ, даацыг төдийлөн тооцолгүйгээр орон сууцны хотхон, хороолол ихээр баригдаж байгаа нь ачаалал хэтрэх нэг шалтгаан болж байгаа тухай албаныхан хэлж байв.

Тухайлбал, X хороололдоо ганц байгаа улсын цогцолбор сургууль нь "Эрдмийн өргөө". 2018-2019 оны хичээлийн жилд тус цогцолборт нийт 4,300 сурагч суралцаж байна. Цогцолбор сургуулийн захирал З.Байгалмаа “2019 оны зургаадугаар сарын 7-ны өдрийн байдлаар нэгдүгээр ангид 560 хүүхэд элсэн суралцахаар бүртгүүлсэн. Хороодоос ирүүлсэн жагсаалтаар манай хамран сургах тойрогт 890 хүүхэд шинэ хичээлийн жилд сургуулийн босго алхана.

Түүнээс хувийн болон өөр сургуульд зарим нь суралцана гэж үзэхэд багадаа 700 хүүхэд манайд сурах болов уу. Гэтэл манай даац хэдийнээ хэтэрсэн. Тиймээс өргөтгөл барих зайлшгүй шаардлагатай болсон” гэж байлаа.

Харин өргөтгөл барихын тулд ойр хавьд нь олон барилга баригдсанаас талбай нь хумигдаж, хөлбөмбөгийн талбайгаа танахаас өөр сонголтгүй болжээ. Тодруулбал, нийслэлдээ ховорт тооцогдох олон улсын стандартад нийцсэн хөлбөмбөгийн талбайнхаа 1/3-ийг өргөтгөлийн хэсэгтээ зориулж байна. Энэ хэсэгт 640 хүүхдийн суудалтай өргөтгөл баригдана. Үүнийг 3.8 тэрбум төгрөгөөр барихаар төлөвлөж, гурван жилийн төсөвт хуваан суулгажээ.

Эрдмийн өргөө цогцолборын өргөтгөлийн гүйцэтгэгчээр “Солид констракшн” ХХК ажиллаж байна. Барилгын ажил дөрөвдүгээр сарын 16-нд эхэлж, сууриа бүрэн цутгаж дуусжээ. 

Тус компанийн захирал Г.Болд “Барилгын ажил графикийн дагуу явагдаж байна. Суурийн ажил дууссан. Наадам гэхэд каркасаа бүрэн дуусгах төлөвлөгөөтэй байгаа. Бидний хувьд энэ ондоо багтан сургуулиа хүлээлгэн өгч, хүүхдүүдээ шинэ сургуульд нь оруулахыг хүсэж байна. Гэхдээ технологийн хугацаагаа сайн тооцоолох ёстой. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас ч энэ жилдээ багтаан ашиглалтад оруулах чиглэл өгсөн” хэмээлээ. 

 

Энэхүү өргөтгөл нь зоорийн давхар, үндсэн гурав буюу нийт дөрвөн давхартай бөгөөд спорт заал нь хувцас солих, амралтын өрөөтэй байхаар зураг төслөө гаргасан байна. Биеийн тамирын заалыг жижгээр төлөвлөсөнд цогцолбор сургуулийн захирал нь шүүмжлэлтэй хандаж байв. Тэрбээр "Манайх олон сурагчтай. Цаашид ч нэмэгдэнэ. Тиймээс жижиг заал хүрэлцэхгүй тул хэмжээг нь томруулах саналыг БСШУСЯ-нд уламжилна" гэлээ. 

"Гараашууд төвийн шугамд холбох хэсгийн дээр байрлаж байна"

 

Барилгын баруун болон хойд талд хэд хэдэн гарааш байв. Тэдгээр нь бүгд албан ёсны зөвшөөрөлгүй аж. Үүнээс болж өргөтгөлийг төлөвлөсөн зайнаасаа зүүн тийш шилжүүлэн барьсан байна. Түүнээс гадна эдгээр гарааш өргөтгөлийн төвийн шугамд холбох хэсгийн дээр байрлаж байгааг “Солид Констракшн” ХХК-ийн захирал Г.Болдоо хэллээ. Тиймээс холбогдох албаны хүмүүсийг шийдэж өгөхийг хүсэж байв.  

 

БСШУСЯ-наас төлөөлөл ирж, барилгын явцтай танилцахдаа БГД-т тэдгээрийг холдуулахыг даалгасан байна. Харин энэхүү саналыг дүүрэг нь нийслэл рүү уламжилсан ч тэндээ хариуцах эзэн нь тодорхойгүй буюу гацаанд оржээ. Хэрэв гараашуудыг буулган, талбайг чөлөөлбөл өргөтгөлийн ойр орчимд мод тарьж, тохитой орчин бүрдүүлэх хүсэлтэй байгаагаа "Эрдмийн өргөө" цогцолбор сургуулийн захирал З.Байгалмаа хэлж байлаа. Тус цогцолборын анги бүр сургуулийнхаа хашаанд нэг мод тарьж, түүнийгээ арчилдаг ажээ.

 

Хэдийгээр хөлбөмбөгийн талбай чухал ч анги бүр нь 50-60 хүүхэдтэй, гурван ээлжээр хичээллэж буй тус сургуулийн сурагчид, ирэх жилүүдэд нэгдүгээр ангид шинээр элсэх хүүхдүүд ая тух, аюулгүй орчинд суралцах ёстойг онцлон тэмдэглэж байв.