Трампын засаг захиргааны гурав дахь сайд ёс зүйгүй үйлдлүүдийн улмаас албан тушаалаасаа огцров

С.Мөнхцэцэг, ikon.mn
33 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын хөдөлмөрийн сайд Лори Чавес-ДеРемер албан тушаалаасаа огцорч байгааг ерөнхийлөгч Трампын засаг захиргаа Даваа гарагт зарлажээ.

Тэрбээр доод албан тушаалын ажилтантайгаа дотно харилцаатай байсан, ажлын байранд архи согтууруулах ундаа хэрэглэсэн зэрэг хэд хэдэн ёс зүйгүй үйлдэлд нэр холбогдон шалгагдаж байсан юм.

“Хөдөлмөрийн сайд Лори Чавес-ДеРемер хувийн хэвшилд шилжин ажиллах болсон тул манай засаг захиргаанаас гарч байна” гэж Трампын хэвлэлийн төлөөлөгч Стивен Чун сошиал хуудсаараа мэдээлжээ.

Трампын засаг захиргааны гурав дахь сайд албан тушаалаасаа огцорсон нь энэ бөгөөд тэд бүгд эмэгтэйчүүд юм.

Өмнө нь дотоод хэргийн сайд Кристи Ноэм, ерөнхий прокурор Пэм Бонди нар албан тушаалаасаа огцорч байлаа.

Чавес-ДеРемертэй холбоотой хэд хэдэн дуулианы мөрөөр шалгаж байгаагийн дотор аюулаас хамгаалах албаны ажилтантайгаа нууц амрагийн харилцаатай байсан, ажлын байрандаа их хэмжээний согтууруулах ундаа нөөцлөн хадгалж байсан, засгийн газрын хөрөнгийг хувийн аялалдаа ашигласан зэрэг хэргүүд багтаж байгаа.

Үүнээс гадна Чавес-ДеРемер болон түүний туслахууд, гэр бүлийн гишүүд яамны залуу ажилтнуудтай тогтмол хувийн мессэж солилцдог тухай мэдээлэл Нью-Йорк Таймс сонинд саяхан нийтлэгдсэн юм.

Тухайлбал сайдын аав, нөхөр хоёр нь яамны залуу эмэгтэй ажилтнуудтай ийм харилцаатай байжээ.

Дуулиан үүгээр дууссангүй. Чавес-ДеРемерийн нөхөр Шон ДеРемер яамны хоёр эмэгтэй ажилтанд бэлгийн дарамт учруулсан шалтгаанаар яамны төв байранд нэвтрэх эрхээ хасуулсан юм байна.

“International Brotherhood of Teamsters” үйлдвэрчний эвлэлийн зүтгэлтний охин Чавес-ДеРемер өмнө нь Бүгд Найрамдах Намыг төлөөлөн Орегон мужаас Конгрессын гишүүнээр сонгогдож байжээ.

Өнгөрсөн оны гуравдугаар сард Хөдөлмөрийн сайдын албан тушаалд түүний нэрийг Трамп дэвшүүлэхэд Сенатын танхимын 67:32 харьцаатай саналаар дэмжигдэж байв.

Түүний ажилласан нэг жил гаруй хугацаанд Трампын засаг захиргаа Хөдөлмөрийн яамаар дамжин хэрэгждэг олон улсын олон тусламжийн хөтөлбөрийг зогсоосны дотор сүүлийн 20-оод жилийн хугацаанд дэлхий дахинд 78 саяар бууруулсан гэгддэг хүүхдийн хөдөлмөрийн мөлжлөгтэй тэмцэх хөтөлбөр багтжээ.

Мөн хоцрогдсон шалтгаанаар хүчингүй болгосон буюу шинэчилсэн 60 гаруй ажлын байрны журам дотор гэрийн асрагчийн болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох, уул уурхайн салбарын аюулгүй ажиллагааг зохицуулах зэрэг хэд хэдэн дүрэм журам багтаж байв.

“Энэхүү түүхэн засаг захиргаанд алба хашиж, амьдралдаа үзсэн хамгийн аугаа ерөнхийлөгчийн төлөө ажилласан нь миний хувьд нэр төрийн хэрэг, аз завшаан байлаа” гэж Чавес-ДеРемер сошиал хуудсандаа бичжээ.

 

Эх сурвалж: Associated Press