Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Жон Ун цагаан морь хөлөглөн улсынхаа хамгийн өндөр ууланд гарчээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 10 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Умард Солонгосын төрийн төв мэдээллийн агентлаг өнөөдөр удирдагч Ким Жон Уны цагаан морь хөлөглөсөн зургийг нийтэлжээ.

Зургийн тайлбарт их удирдагч нь тус улсын хамгийн өндөр оргил болох Пэктү ууланд гарч, Солонгосын хувьсгалын хүч чадал, ид хавыг гайхуулсан тухай мэдээлсэн байна.

Пэктү уул нь Кимийн гэр бүлийнхний хувьд ариун газарт тооцогддог бөгөөд улс төрийн томоохон шийдвэр гаргах цаг үедээ уг ууланд гардаг уламжлалтай.

KCNA агентлагийн мэдээнд “Удирдагч Ким Жон Ун уулын оргилд морьтой гарснаар дагалдаж явсан албан хаагчдын сэтгэлийг хөдөлгөж, Солонгосын хувьсгал дэлхийг дахин бишрүүлэх алхам хийнэ гэдэгт итгэх итгэлийг нь сэргээлээ” гэж мэдээлсэн байна.

 

2017 оны сүүлээр Умард Солонгос хамгийн том баллистик пуужингаа туршсаны дараа Ким Жон Ун энэ уулын оргилд гарч байв. Энэ явдлаас хэдхэн хоногийн дараа Пёньяны дэглэм Өмнөд Солонгостой яриа хэлэлцээ эхлүүлж, үүд хаалгаа нээх болсныг зарлаж байжээ.

Өнгөрсөн онд Ким Жон Ун Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Инийг дагуулан Пэктү уулын оргилд гарсан нь хоёр Солонгосын түүхэн уулзалтыг тохиолдуулсан явдал байв. 

Зарим ажиглагчид Ким Жон Уны энэ удаагийн үзүүлбэрийн дараа Умард Солонгос сансарт пуужин хөөргөж магадгүй гэж таамаглажээ.

Ямартай ч Пёньяны дэглэм технологи, батлан хамгаалах салбартаа ямар нэг томоохон дэвшил гаргасан байж магадгүй байна.

 

Эх сурвалж: Reuters