Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

Ө.Энхтүвшин, Б.Пүрэвдорж нарын ёс зүй, М.Оюунчимэг, Ж.Мөнхбат, Л.Болд нарын хөрөнгө орлого огцом нэмэгдсэн асуудлыг хэлэлцэнэ

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 10 сарын 16
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын Ёс зүйн дэд хорооны хуралдаан өнөөдөр болно. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ уг дэд хороог ахлах болсноос хойш анх удаа хуралдах гэж байгаа нь энэ юм. Өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүдийн ёс зүйн асуудал болон зарим гишүүний хөрөнгө орлогын мэдүүлгийг хянан шалгах тухай асуудлыг хэлэлцэнэ. 

Өмнө нь хоёр ч удаа тус дэд хороо хуралдахаар товлосон ч ирц бүрдээгүй гэдэг шалтгаанаар хойшилж байв. Тиймээс Төрийн байгуулалтын байнгын хорооноос Засгийн газрын гишүүн Д.Сарангэрэл, Х.Баделхан нарыг чөлөөлж, оронд нь Б.Баттөмөр, Д.Тогтохсүрэн нарыг оруулахаар шийдсэн билээ. 

Мөн АН-ын зөвлөлөөс Ёс зүйн дэд хорооны гишүүн Б.Наранхүүг өөрийнх нь хүсэлтийн дагуу чөлөөлж, түүний оронд Б.Пүрэвдоржийг оруулахаар болсон. Ийнхүү Ёс зүйн дэд хороонд Б.Бат-Эрдэнэ, Д.Тогтохсүрэн, Б.Баттөмөр, Б.Пүрэвдорж, С.Бямбацогт, Л.Мөнхбаатар, Г.Тэмүүлэн, М.Энхболд, Д.Эрдэнэбат нарын есөн гишүүн харьяалагдах болсон.  

Өнөөдрийн хэлэлцэх асуудлын тухайд, Шадар сайд Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын ёс зүй болон М.Оюунчимэг, Ж.Мөнхбат, Л.Болд нарын гурван гишүүний хөрөнгө орлого нь огцом нэмэгдсэн асуудлыг хэлэлцэх юм

Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэх үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин бусад сайд нарын картыг сугалж, ирцээс хасуулсан нь түүнийг Ёс зүйн дэд хороонд дуудагдах шалтгаан болсон. Харин Б.Пүрэвдорж гишүүн Хууль зүйн байнгын хороогоор хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой заалтыг хэлэлцэх үеэр байнгын хорооны даргын микрофоныг булаан, хуралдааны дэг алдагдуулсан. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө Ёс зүйн дэд хорооны гишүүн болсон бол өнөөдөр өөрийнхөө ёс зүйтэй холбоотой асуудлыг хэлэлцэх хуралд оролцох нь.   

Тус дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнийн хэлснээр "Бид уучлахгүй" хөдөлгөөнөөс хөрөнгө орлого нь огцом нэмэгдсэн гурван гишүүнтэй холбоотой шаардлага ирүүлснээр уг асуудлыг хэлэлцэх болсон байна.