Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

О.Байгаль: Бүтээлч үйлдвэрлэл бол Монголын экспортын салбарын хамгийн том зэвсэг

Р.Оюунцэцэг, IKON.MN
2019 оны 10 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монголчууд зөвхөн газар доорх баялгаа ухаж гадны орнуудад борлуулан валют олохоос өөр маш том нөөц боломж байгааг “The Hu” хамтлаг тод томруунаар харуулж буй. 

Экспорт, импортыг хариуцсан төрийн байгууллагын орон зай үгүйлэгдэж байгаа энэ үед Дэлхийн Эмэгтэйчүүдийн худалдаа аж үйлдвэрийн холбоо(IWFCI)-ны Монгол дахь салбар байгууллагыг үүсгэн байгуулаад зогсохгүй бүтээлч үйлдвэрлэл, тэр дундаа соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд анхааран ажиллаж буй О.Байгальтай ярилцлаа. 

Тэрбээр өнгөрсөн долоо хоногт БНСУ-ын Бусан хотноо болсон “Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт” болон “Дэлхийн эмэгтэй лидерүүд форум”-д оролцоод иржээ. 
 
-Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэй удирдагчид юуг чухалчилж байгаа тухай шинэхэн болсон форумын сониноос тань яриагаа эхлүүлье?

-Дэлхийн бизнесийн ертөнц маш хурдтай хувьсан өөрчлөгдөж байна. 

“Дэлхийн Эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлт ба дэлхийн эдийн засгийн өсөлт дэх эмэгтэйчүүдийн оролцоо” сэдвийн хүрээнд дэлхийн 22 орны бизнес эрхлэгч эмэгтэй лидерүүд энэ удаа чуулж улс орнууд дэд бүтэц болон томоохон төслүүдэд хамтарсан хөрөнгө оруулалтуудыг хийх, ингэснээр экспорт, импортыг нэмэгдүүлэх, түүнчлэн эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх мөн уур амьсгалын өөрчлөлт зэрэг чиглэлүүдийг голчилж хэлэлцлээ. 
Ялангуяа, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, технологийн салбар хурдацтай хөгжихийн хэрээр хөдөлмөр эрхлэлт буурч байгаа энэ хандлагыг ирээдүйд хэрхэн зохицуулах талаар нэлээд ярилаа. Дэд бүтцүүд хөгжсөнөөр соёлын харилцаа нэмэгдэж, нийгмийн шинэ дэг журмууд гарч буй тухай онцолж байлаа. 

-Эмэгтэйчүүдийн оролцоог илүүтэй нэмэгдүүлснээр бизнест ямар ач холбогдолтой гэж үзэж байна вэ?
 
-Эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлснээр дэлхийн эдийн засагт гарах ахицын талаар Дэлхийн банкнаас гаргасан “Жендерийн эрх тэгш байдал ба хөгжил” судалгаанд дурдсан байдаг. Бусан хотноо болсон хурлын үеэр АСЕАН (Зүүн Өмнөд Азийн Холбоо) эмэгтэйчүүдийн зөвлөлийн төлөөлөгч ярихдаа хүйсийн тэгш оролцоотой эдийн засаг эмэгтэйчүүдийн бизнес дэх оролцоог нэмэгдүүлэх нь бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн чухал зүйл гэж онцлон тэмдэглэж байв. 

Нөгөө талаар, энгийнээр хэлбэл эдийн засгийн оролцоогүй, орлогын хараат байдал нь цаашлаад нийгэмд болж буй сөрөг үзэгдлүүдийн нэг шалтгаан юм.

“Хариуцлагатай бизнес гэдэг бол хандив тусламжаас өөр”
 
Гэрэл зургийг MPA.mn

-Олон орны бизнес эрхлэгчидтэй уулзаад явахаар дэлхийн бизнесийн чиг хандлага ер нь хааш явж байна вэ. Манай улс хаах нь явна?
 
-Дэлхий даяар бизнесийн зарчим, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангаж ажиллахад чиглэж байна. Үүнээс нэгийг нь онцолбол, нийгмийн хариуцлагатай бизнес эрхлэлт. 

ISO 26000 нь бизнес, байгууллагууд нийгмийн хариуцлагатай байдлаар хэрхэн ажиллах талаар удирдамж өгдөг. Энэ нь нийгмийн эрүүл мэнд, сайн сайхан байдалд хувь нэмэр оруулдаг ёс зүйтэй, ил тод байдлаар ажиллах гэсэн үг юм. Тэдний явуулж буй үйл ажиллагаа, хүрээлэн буй орчинтойгоо харьцах харьцаа нь тэдний үр дүнтэй үйл ажиллагаагаа явуулахад чухал хүчин зүйл болдог. Энэ нь тэдний ерөнхий гүйцэтгэлийн хэмжүүр болгон улам бүр ашиглагдаж байна.

Өөрөөр хэлбэл, бизнес, байгууллагууд тодорхой төсөл хөтөлбөрүүдэд мөнгөн болон бусад төрлийн хандив туслалцаа үзүүлэх зэргээр нийгмийн хариуцлагыг хязгаарлаж ойлгодог. Тухайн бизнес, үйл ажиллагаа нь байгаль орчинд ээлтэй, хуулийн хүрээнд эрүүл ахуйн шаардлага хангасан, хүний эрхийг дээдэлсэн гээд үйл ажиллагаа нь зөв зохистой байх гэх зэргээр нийгмийн хариуцлагыг үнэлж байна. 

Тухайлбал, Unilever компанийн Dove бренд нь зар сурталчилгаандаа “Body Positivity” аяныг өрнүүлж эхэлсэн. Эмэгтэйчүүдэд зориулсан бүтээгдэхүүний сурталчилгаанаас шалтгаалаад өсвөр насны охидын 10-аас найм нь өөртөө итгэлгүй буюу сэтгэл хангалуун бус гэсэн судалгаа гарсан. Тэгэхээр бүтээгдэхүүний зар сурталчилгаа өөрөө хэрэглэгчийг сэтгэл ханамжгүй болгож, илүү сөрөг нөлөөг компанид үзүүлж байна гэж үзсэн. 

Иймд бид ISO 26000-г нэвтрүүлэх нь бизнес болон байгууллагуудын шинэ шатанд хөгжих шалгуур болоод байна. 

-Нийгмийн хариуцлагыг нэлээн өргөн хүрээнд авч үзэж байгаа юм байна. Манай компаниуд нийгмийн хариуцлагын чиглэлээр харьцангуй ажлууд хийдэг ч хамрах хүрээ нь үнэхээр жижиг байдаг л даа. Харин олон улсад огт өөр түвшинд хүрч байх шиг байна.

-Монголд нийгмийн хариуцлагаар түүчээлж буй олон компанийг дурдаж болно.

Тогтвортой хөгжлийн 17 зорилгыг хангаж ажиллах бизнесийн зарчмуудыг таниулах чиглэлээр SDG Compass хөтөлбөрийг эхлүүлэхээр бид ажиллаж байна. Тухайлбал, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарч өнгөрөгч долдугаар сард “Нийгмийн хариуцлагатай бизнес эрхлэлт” сургалтыг хоёр өдөр зохион байгуулж, гишүүн байгууллагуудаараа дамжуулан “Хүүхдэд ээлтэй бизнес эрхлэлтийн 10 зарчим”-ыг таниулан, хангаж ажиллахаар төслүүдийг эхлүүлээд байна.  

Хүүхдэд ээлтэй компани байна гэдэг нь хүүхдийн баяраар чихэр тараана гэсэн үг ерөөсөө ч биш. Харин тухайн бизнесийн шат дамжлага, үйл явц бүр хариуцлагатай, хүүхдэд ээлтэй  байхыг өнөөгийн зах зээл шаардаж байгаа юм. 

Дэлхий даяар засгийн газрууд эдгээр зорилтуудыг хүлээн зөвшөөрсөн байдаг. SDG Compass нь өмнө нь хэлсэнчлэн Тогтвортой хөгжлийн зорилтууд нь таны бизнест хэрхэн нөлөөлж байгааг тайлбарлаж өгдөг, мөн стратеги бизнесийнхээ төвд тогтвортой байдлыг хангах хэрэгсэл, мэдлэгийг санал болгодог. Энэхүү гарын авлага нь компаниудын тогтвортой хөгжилд оруулсан хувь нэмрийг нэмэгдүүлэх таван алхмыг танилцуулдаг.

Тогтвортой байдал нь бизнесийн үндсэн стратегийн үр дүн гэдгийг баталгаажуулахын тулд аль түвшинд явж байгаагаас хамааран компаниуд чиглэлээ тохируулах буюу өөрчлөх таван алхмыг ашиглаж болно.

-Манайх шиг газрын баялгаа гадаад зах зээлд түлхүү гаргаж байгаа улсын хувьд энэ зорилгуудыг хангахын ач холбогдлыг бизнесүүд тэр бүр сайн ойлгох болов уу гэсэн бодол төрж байна. Нөгөө талаар нэлээд цаг хугацаа шаардах болов уу? 

-Үнэхээр бид дэлхийн стандарыг хангаж, гадаад худалдааны хэлэлцээр хийгээд, бүтээгдэхүүнээ бусад зах зээлд гаргамаар байвал ийм замаар явахаас өөр аргагүй. Өөрөөр хэлбэл, даяаршсан бизнесийн хэв маяг хөгжиж буй энэ үед тогтвортой хөгжлийн зорилгуудыг хангахгүйгээр цаашид улс орнуудтай худалдаа хийхэд хүндрэлтэй болноо л гэсэн үг. Үүний тулд нийгмийн хариуцлагатай бизнес эрхлэлтийг хөгжүүлэх шаардлагатай.

Цахим эдийн засагт зориулсан шинэ бодлого хэрэгтэй
 
Гэрэл зургийг MPA.mn

-IWFCI-ийн Монгол дахь салбарыг байгуулаад удаагүй ч өнгөрсөн жил Монгол Улсад эмэгтэй бизнес эрхлэгчдийн чуулга уулзалтыг зохион байгуулж байсан. Ер нь өнгөрсөн хугацаанд худалдааг дэмжих талаар юу хийсэн тухайгаа ярихгүй юу?

-Анх энэ байгууллагын салбарыг байгуулах болсон шалтгаан нь Монголтой холбоотой олон улсын экспорт, импортыг нэмэгдүүлье, энэ бол дэлхий ертөнцтэй холбоо харилцаагаа бэхжүүлэх гол хөшүүрэг юм байна, үүнийг дагаад бидэнд соёлын харилцаа үүснэ, буцаад соёлын солилцоо бий болно гэж харсан учраас байгуулахаар шийдсэн. 

Бид байгуулагдаад хамгийн түрүүнд тавьсан гол зорилт маань эдийн засгийн болон дипломат харилцаа харилцаа сайтай орнууд руу бус, харин шинэ тутам, хүчтэй хөгжиж байгаа эдийн засагтай харилцах байв. Тэр дундаа АСЕАН (Зүүн Өмнөд Азийн холбоо) шинэ бөгөөд сонирхолтой байсан. IWFCI байгууллагын Зүүн өмнөд Ази дахь салбар орнууд жишээлбэл, Малайз, Индонез, Веьтнам зэрэг орнууд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг нь АСЕАН руу татагдах гол шалтгаан болсон. 

АСЕАН-ы чөлөөт худалдааны гэрээг Сингапурт 1992 онд анх байгуулахдаа АСЕАН нь Бруней, Индонез, Малайз, Филиппин, Сингапур, Тайланд гэсэн зургаан гишүүнтэй байв. Вьетнам нь 1995 онд, Лаос, Мьянмар, 1997 онд Камбож улсууд нэгдсэн. Одоо AFTA нь АСЕАН-ы 10 орноос бүрддэг. Сүүлд элссэн дөрвөн улс орнууд АСЕАН-д элсэхийн тулд AFTA гэрээнд гарын үсэг зурах шаардлагатай байсан боловч AFTA-ийн тарифыг бууруулах үүргээ биелүүлэх хугацааг сунгасан байдаг.

Тэр ч үүднээсээ 2017 онд бид Малайз, Сингапурын барилгын консорциумыг болон Малайз, Индонезийн бизнес эрхлэгчдийн уулзалтыг Улаанбаатар хотноо хоёр ч удаа зохион байгуулсан. Мөн IWFCI байгууллагын гишүүн байгууллагууд Малайз, Сингапур улсад хоёр удаагийн биенес аялал хийсэн.

2017 оны есдүгээр сард л гэхэд бид Сингапур дахь ЭСЯ, Сингапурын менежментийн сургууль(SMU), IWFCI Сингапуртай хамтран “АСЕАН-Монгол худалдааны зорилтууд” сэдвийн хүрээнд нэг өдрийн томоохон хурлыг тус сургууль дээр зохион байгуулсан. Мөн Малайзад болсон “GLOBAL WOMEN’S TRADE SUMMIT” чуулга уулзалтад 13 төлөөлөгч оролцож, Малайзын бизнес эрхлэгчидтэй уулзалтыг зохион байгуулсан. 

2018 онд “АСЕАН-Монгол худалдааны зорилтууд” 14 хоногийн бизнес аяллыг АСЕАН-ы зургаан орон, найман хотоор зохион байгуулж, эдийн засгаа хэрхэн тэлэх боломж байгааг олж харсан. 

2017-2018 онд гадаад худалдааны чиглэлээр ажилласны үр дүнд одоогоор манай гишүүн байгууллагуудын гурван ч компани Сингапурт байгуулагдсан. Мөн хүнс, болон косметикийн бүтээгдэхүүнүүдийг экспортод гаргах чиглэл дээр нэлээд ажиллаж байна. Барилга болоод санхүүгийн чиглэлийн бизнесүүд дээр хөрөнгө оруулсан болон хамтын ажиллагаа эхлүүлсэн төслүүд явж байгаа. Ер нь Малайз, Сингапур, Вьетнамынхаа салбар байгууллагуудтай харьцангуй үйл ажиллагаа идэвхтэй явуулж байна. 

-Импортыг орлох бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэхийг манай улс илүүтэй дэмждэг. Гэтэл гадны хөрөнгө оруулалттай компани Монголд байгуулж байгаа нь нөгөө талаас энэ бодлогын эсрэг мэт харагддаг. 

-Дэлхийн зарим орны жишээг бид мэднэ. Үйлдвэрлэлийн зардал, ажиллах хүчний зардлыг бууруулах зорилгоор БНХАУ болон АСЕАН-ы зарим оронд бусад орон үйлдвэрлэлээ явуулдаг.

Тэгвэл бид хоёр жилийн өмнөөс дээр дурдсан орнуудад бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх боломжийг судалж ажиллаж байна. Ингэснээр жишээлбэл, Вьетнамд бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд тухайн орноос нь гадна чөлөөт худалдааны гэрээтэй Зүүн Өмнөд Азийн орнуудад нь бараа бүтээгдэхүүнээ борлуулах боломжийг эрэлхийлж ажиллаж байна. Нэг үгээр бол айлын зах зээл дээрээс чадавхжих гэсэн оролдлого юм л даа. Энэ бол Монголын бизнес эрхлэгчдийг олон улсын зах зээлд гаргахаар ажиллаж байгаа бидний нэг зорилт юм. 

Үр дүнд нь өртгийг л бууруулах гээд байгаа болохоос биш үйлдвэрлэхгүй гэж байгаа хэрэг биш. Тодорхой хэмжээнд хүртлээ үйлдвэрлэнэ. Үнэхээр зах зээлийн боломж нь байвал үйлдвэрээ байгуулахын төлөө л явна. 

Нөгөө талаар, гадны зах зээлд гаръя гээд байгаа нь тэр чигтээ мөнгөө тийш өгөх гээд байгаадаа биш. Гадны зах зээл дээр чадавхжаад эргээд Монголын эдийн засагтаа л дэмжлэг болно. 

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бид олон улсаас гадна дотооддоо хамтарч бизнесээ өргөжүүлж, шинэ санаачилгууд гаргасан. Энэ нь эргээд

  • Бие биетэйгээ харилцаа холбоогоо бэхжүүлж байна
  • Мэдээлэл солилцож байна
  • Боломж байгааг олж харж байна
  • Нөлөөлж байна
  • Хамтрах нь илүү боломж бий болгож байна

Үүний үр дүнд олон бизнес хамтарч, шинэ төсөл эхлүүлж, илүү зоригтойгоор ажиллаж байгаа. 

Монголоос олон улсын түвшинд хөрөнгө оруулалтын чиглэлээр ажилласан компаниудыг дурдаж болно. Одоогоор Малайз, Сингапур, Индонезийн хөрөнгө оруулалттай хэд хэдэн компани байгуулагдаад байна. 

Монгол Улс экспортын хувьд уул уурхай, ноолууран бүтээгдэхүүн гээд тодорхой танигдсан салбар болон бүтээгдэхүүнүүд бий. Харин бусад салбар, бүтээгдэхүүнүүдийн тухайд дэлхийн ижил төрлийн бараа бүтээгдэхүүнтэй өрсөлдөх чадвар бодит байдал дээр амаргүй. Ажиллах хүч, тээврийн зардал, татвараас гадна тухайн улс оронд байрших зардлаас эхлээд өрсөлдөх чадвар, санхүүжилт, туршлага дутдаг.  

-Инновац, бүтээлч үйлдвэрлэлийн талаар ярья. Улс орон болгон үүнд анхаарч байна. Бусанд болсон уулзалтаар ч мөн энэ талаар түлхүү онцолж ярьсан гэж байсан?

-Бүтээгдэхүүнээ яаж инновацлаг болгох уу гэдэг нь өөрөө бүтээлч үйлдвэрлэл, бүтээлч сэтгэлгээ юм. Хүмүүс инновац гэхээр нано технологийн үйлдвэрлэл ч юм уу, их хүндээр бодоод байх шиг санагддаг. Инновац бол үдээстэй эсгий шаахайг яаж цахилгаантай болгох, зузаан улыг яаж нимгэн болгох вэ гэдэг л санаа буюу бүтээлч сэтгэлгээ мөн хэрэглэгчдэдээ бүтээгдэхүүн үйлчилгээгээ ойртуулах, хялбаршуулах арга технологи гэж би ойлгодог. 

Бүтээлч үйлдвэрлэлийн салбар, тэр дундаа соёлын бүтээлч үйлдвэрлэлийн нэг тод жишээ нь “The Hu” хамтлаг. Зүгээр нэг хамтлаг гэж харах биш, тэд соёлоо экспортолж байна. “Мишээл & Амазонка” жишээ нь олимпын наадамд орох тамирчдын хувцсыг урлахаар болсон нь бүтээлч үйлдвэрлэл мөн “Ariunaa Suri” бренд олимпод бүтээлээ танилцуулж байсан. Манай кино уран бүтээлчдийг мөн дурьдаж бас болно. 

Олон талт эдийн засгийг дэмжихийн тулд бидэнд байгаа баялаг нь өөрөө соёл. Бидэнд бүрэн нөөц байна. Өөрөөр хэлбэл, энэ байгаль орчин, нүүдлийн соёл, баялаг уламжлалыг бүтээлч хэлбэрт хөрвүүлж зах зээлд гаргаад эдийн засгийн эргэлтэд оруулах нь чухал. 

Энэ бүхэн эргээд аялал жуулчлалын салбартайгаа холбогддог. Ингэхээр аялал жуулчлалын салбар нь өөрөө эдийн засгийн тэргүүлэх салбаруудын нэг болж байна.  

Дэлхийн соёлын экспорт болон энэ салбарт эргэлдэж буй мөнгө хэрхэн нэмэгдэж байгааг дараах зургаас харна уу.

 

Дэлхийн соёлын экспорт болон энэ салбарт эргэлдэж буй мөнгө хэрхэн нэмэгдэж байгааг дараах зургаас харна уу.

Монгол Улс дэлхийн зах зээлд соёлын бүтээлч үйлдвэрлэлээр тэргүүлэх боломж байна. Энэ бол бидний экспортын салбарын хамгийн том зэвсэг.

-Харин манай улс хоёр хөрштэйгөө л худалдаа хийж, далайд гарцгүй нь том тээг саад болж байна гэж байнга ярьдаг. Мөн ихэнх оронтой хийж байгаа худалдаанаасаа алдагдал хүлээдэг. Тэгвэл АСЕАН-ы бусад улсын бизнес эрхлэгчидэй холбоотой ажиллаж буйн хувьд сул талуудаа нөхөж болохуйц ямар бодлого шаардлагатай байна вэ?

-Бид бүс нутгийн хувьд, газар зүйн хувьд болохгүй бүтэхгүй зүйлээ яривал зөндөө бий л дээ. Би бодлогын хүн биш ч хувийн бодлооо л хуваалцъя. Өнөөдөр бүх зүйл шинэчлэгдэж байна. Одоогийн дэлхийд тэргүүлж буй 10 компанийн аль нь ч 20 жилийн өмнө огт байгаагүйг бид мэднэ.

Тэгэхээр бидэнд гадаад бодлого, ялангуяа экспорт, импортын чиглэлээр яг одоо цахим эдийн засагт зориулсан экосистемийг бүрдүүлэх, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах хэрэгтэй гэж ажиглагддаг. Ядаж л нэршлийн хувьд худалдаа гэхээр гараас гарт өгч, авах ойлголт төрүүлдэг. Тэгвэл цахимжсан өнөө үед гадаад худалдаа үүлэн дээр явагдаж байна. Үүнд ямар бодлого хэрэгтэй вэ гэдгээр гаргах хэрэгтэй байх. Ингээд онлайн худалдаа хөгжлөө гэхэд дахиад дэд бүтцийн асуудал яригдана. Ингэхээр хоёр хөрш маань хэр нээлттэй вэ гээд олон зүйл бий. 

Хоёрдугаарт, олон талт эдийн засгийг дэмжих бодлого дутагдаж байгаа санагддаг. Хамгийн гол нь бодлого гэхээсээ илүүтэйгээр бодлогын хэрэгжилтийг хангаж ажиллахад оролцогч талууд харилцан хамтран ажиллахад анхаарах ёстой болов уу.  

Тухайлбал, бид “Women in commerce (WICOM)” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Өмнөх хоёр жилийн туршлагаас харахад олон салбарын хүмүүс нэг дор цуглахаар аль нэг нь орхигддог. Тиймээс бид салбар хоорондоо хүртээмжтэй байх үүднээс 10-12 хүний бүрэлдэхүүнтэй дагнасан бүлгүүд үүсгэн асуудлаа ярилцаж, гаргалгаа гаргаж жишээ нь гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид нь нэг дор цуглаж, хуулийн зөвлөгөө авах ч юм уу, тулгарч буй асуудлуудаа хамтраад шийднэ гэсэн үг. 

-Төрийн бодлого, зохицуулалт дутагдаж байгаа нь бас том сул тал болж байх шиг байна, тийм үү?

-Бид өөрсдөө нэлээд сайн судалгаа хийгээд, боломжуудыг хайж ажиллаж байна. Гол нь нэгдсэн бодлого, ойлголт байвал илүү л хялбар болно. Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд болон бусад оролцогч талуудын үүрэг оролцоог ойлгомжтой тодорхойлох шаардлага байна. 

График 5. Гадаад худалдааны эргэлт 2000-2018 он (тэрбум ам.доллар)

Тайлбар: Монгол Улсын гадаад худалдаа өнгөрсөн онд түүхэн дээд хэмжээнд буюу 1.2 тэрбум ам.долларт хүрсэн. Харин нийт худалдааны 80 хувийг БНХАУ болон ОХУ эзэлж, үлдсэн 20% нь Монголтой худалдаа хийдэг 130 оронд ногджээ. Монгол Улсын зардаг нийт барааны 80 гаруй хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн. Одоогоор манай улсын гадаад худалдааг ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газар хариуцаж байгаа билээ. 

Манай гадаад худалдаа ДНБ-ий 17-18% буюу нэлээд том хувийг эзэлдэг шүү дээ. Тэгэхээр улам сайжруулахын тулд, олон талт болгохын тулд дэд бүтцээ яаж сайжруулах, ямар бодлого барих вэ, иргэний нийгмийн байгууллага нь юу хийх ёстой гээд маш их зохицуулалт шаардлагатай байгаа ч одоогоор тодорхой чиглэл алга. Дэлхий тэр чигээрээ даяарчлагдаж байна. Цахим эдийн засгийн шилжилтэд худалдаа, экспорт, импортын бодлогоо сайн суулгаж өгмөөр байдаг. Гэтэл дэлхийн эдийн засагт худалдааны асуудал, тэр дундаа дэд бүтэц, холболт маш чухал болж байгааг Америк, Хятадын худалдааны маргаан харуулж байна. 

Параг Ханнагийн “Холболтын газарзүй” номонд “Геополитик нь эдүгээ өөр хоорондоо холбогдон нийлсэн энэхүү ертөнцөд нутаг дэвсгэрийн төлөөх эрсдэлтэй тулаан бус, харин бодит хийгээд цахим дэд бүтцийн матриц илүү үүрэг гүйцэтгэнэ. Иймээс илүү нарийн түвэгтэй дэлхийн тогтолцоо руу шилжих ХОЛБОЛТ гол хөдөлгөгч хүч болох ажээ” гэж байгаа юм.

Олон улсын дэд бүтцийн ачаар манай дэлхийн ерөнхий тогтолцоо нь салбараас холболт руу, улс орноос зангилаа руу шилжиж байна. 

Жишээ нь: АСЕАН-ы орнууд хэрхэн холбогдож гадаад худалдаа, стратегийн чиглэлээр хэрхэн ажиллаж, эдийн засгаа эрчимтэй тэлж байгаа нь яалт ч үгүй сонирхолтой. 

Иргэний нийгмийн байгууллага бид өөрсдийнхөө санхүүжилтээр эмэгтэйчүүдэд хүртээмжтэй байх гээд оролдоод байгаа гол зорилго нь эдийн засгийн өсөлтөд бодит хувь нэмэрээ оруулах юм. Цахим шилжилтийн энэ үед бодлогын маш том шинэчлэл хэрэгтэй. Бизнесийн маш таатай орчныг бий болгох хэрэгтэй.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.