Жил бүр Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурах бичгийг 100 хувь, 6-12 дугаар ангийн сурагчдын сурах бичгийн 40 хувийг төрөөс даадаг.
Харин энэ жилээс Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн үлдсэн сурагчдыг буюу 181 мянган сурагчийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр түрээсийн сурах бичгээр хангахаар болсон билээ.
Гэвч хичээл эхлээд сар гаруй хугацаа өнгөрчихөөд байхад сурах бичгүүд сурагчдад хүрээгүй байна.
Тиймээс дунд, ахлах ангиудад хичээл хэрхэн явагдаж байгаа талаар тодруулахаар нийслэлийн Нэгдүгээр сургуулийг зорив.
Биднийг очиход хичээл дөнгөж завсарлаж байсан тул коридороор сурагчид холхилдож байв.
Хоёр давхрын шатны хажууд зогсож байсан наймдугаар ангийн сурагч н.Хүнбаяртай уулзахад "Надад одоо найман хичээлийн сурах бичиг дутуу. Сургуулиас удахгүй түрээсийн сурах бичиг өгнө гэсэн учраас худалдаж аваагүй.
Манай ангийн хүүхдүүдийн зарим нь өөрсдөө сурах бичигтэй, зарим нь хичээл дээр дундаа номоо тавиад хэрэглэдэг. Харин заримдаа интернэт ашиглаж "еcontent"-оос хардаг” хэмээн ярив.
Цааш хэд хэдэн хүүхдээс асуухад мөн ижил хариулт хэлж байлаа.
Тус сургуулийн Сургалтын менежерээс түрээсийн сурах бичиг ирэх хүртэл сургалтын үйл ажиллагаандаа хэрхэн анхаарч байгаа талаар тодруулахад “Нэгдүгээр сургуульд 1-12 дугаар ангийн нийт 69 бүлэгт 3,500 хүүхэд сурдаг.
Дунд ахлах ангийн сурагчдын хувьд зарим нь хувьдаа сурах бичигтэй, харин заримыг нь сургуулиас олгосон.
Засгийн газрын тогтоолоор сургуулийн орчинд ухаалаг утас хэрэглэхийг хориглосон. Түүнийг ч сайн мөрддөг. Тиймээс сурах бичиг дутмаг, хичээл дээр багш нар өөрсдөө хэвлэх маягаар сургалтаа явуулж байгаа" гээд нэмж хариулт өгөхөөс татгалзсан юм.
Урьдчилсан тооцооллоор нэг сурагч хичээлийн жилийн турш хэрэглэх бүх сурах бичгээ түрээсийн шугамаар хэрэглэхэд 20 мянга орчим төгрөг төлөхөөр байгаа аж.
Мөн бид нийслэлийн 39 дүгээр сургуулийг зорив.
Хичээл завсарлах арай болоогүй байсан тул өрөөндөө сууж байсан зарим багштай уулзаж тодруулсан юм.
Нийслэлийн 39 дүгээр сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш н.Баасанхүү “Зарим ангид сурах бичиг нь хүрэлцэхгүй, цөөн тоотой байна.
Сурагчдад түрээсийн сурах бичиг ирэх хүртэл худалдаж авахгүй, "Econtent" ашиглахыг зөвлөж байна.
Зарим тохиолдолд хүүхдүүдийн ажиллах хуудсыг хэвлэн өгч, дасгал хийлгэх маягаар хичээл орж байна” гэв.
Нийслэлийн 39 дүгээр сургуулийн Түүх, нийгмийн ухааны багш С.Энхбаяр “Манай ангийн сурагчдын 40-50 хувь нь сурах бичигтэй.
Сурах бичиг дутмаг зарим ангид хичээл ороход одоохондоо бага зэрэг хүндрэлтэй байгаа ч түрээсийн сурах бичиг хөтөлбөр энэ жилээс хэрэгжих болсонд баяртай байна.
Учир нь ихэнх сурах бичиг шинэчлэгдсэн, дээрээс нь сурагчид сурах бичгээр бүрэн хангагдчихвал сургалтын үйл ажиллагаа явуулахад ч илүү хялбар болох байх.
Нөгөө талаар түрээсийн сурах бичгийг хавар буцаан хураахад алга болгосон, солигдсон гэх мэт хүндрэл гардаг. Тиймээс эцэг, эхчүүд ч тухайн сурах бичгийг гамтай хэрэглүүлэх тал дээр анхаарах нь зүйтэй байх” гэлээ.
181 мянган сурагчийг бүх хичээлийн сурах бичгээр нь хангана гэж тооцоолвол нийт 2.6 сая ширхэг сурах бичиг хэрэгтэй болж байгаа бөгөөд Азийн хөгжлийн банк ойролцоогоор найман тэрбум орчим төгрөгийн санхүүжилтийг шийдэж өгсөн талаар БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын мэргэжилтэн Р.Балжинням хэлж байв.
Түүнээс тус сурах бичгүүд хэзээнээс сургуулиудаар тараагдах тухай тодруулахад “Сурах бичгүүдийн хэвлэх үйл ажиллагаа явагдаж байгаа.
Тодруулбал, 6-12 дугаар ангийн түрээсийн сурах бичгүүдийг хэвлэх тендерийг 6,7 дугаар анги, 8,9 дүгээр анги, 10-12 дугаар анги гэж гурав хувааж зарласан.
Одоогоор 10-12 дугаар анги болон 6,7 дугаар ангийн сурах бичгүүдийг хэвлэж байгаа бөгөөд 6,7 дугаар ангийн сурах бичгүүд тараагдаж эхэлсэн" гэсэн юм.
Харин 8,9 дүгээр ангийн сурах бичгийн хувьд хэвлэх зөвшөөрөл нь сүүлд ирсэн учраас өнөөдрөөс хэвлэлтэд орж буй аж.
"БСШУСЯам сурах бичгүүдийг хоёрдугаар улирлын хичээл эхлэхээс өмнө сургуулиудад тарааж дуусахыг зорьж байгаа аж. Мөн цахим орчинд байршуулсан сурах бичгүүдийг ашиглаж болно.
Багш нь хүсэлт гаргах юм бол эцэг, эхчүүд тухайн өдөр орох хичээлийн хуудсыг хэвлэж өгөх боломжтой гэсэн зүйл ярьж байгаа. Түрээсийн сурах бичиг тараагдаж дуусах хүртэл боломж зөндөө бий” гэдгийг нэмж хэллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!