Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

З.Баянсэлэнгэ: Ирэх жилийн өдийд эхний 50,000 айл өрхийг орон сууцанд хамруулахаар тооцож байгаа

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 10 сарын 11
iKon.MN
 
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Ардын Хувьсгалт Намаас "Өрх бүрт орон сууц" хөтөлбөрийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тус намаас санаачилсан иргэдээс урьдчилгаа авахгүй, хүү төлүүлэхгүй орон сууцжуулах зорилт бүхий уг хөтөлбөр нь эхний ээлжид өөрийн сууцгүй иргэдийг дараах хоёр төрлийн орон сууцны хөтөлбөрт хамруулах юм байна.  

  1. Түрээсийн орон сууц
  2. Өмчлөлийн орон сууц           

Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн хувьд тухайн орон сууцанд 40 жилийн хугацаатай урьдчилгаагүй, хүүгүйгээр сар, сардаа тогтоогдсон хэмжээнд төлбөрөө төлж амьдрах боломжтой аж.  

Энэ талаар МАХН-ын гишүүн З.Баянсэлэнгэ “Гэр хорооллын айл өрхийн тоог багасгаж, иргэдээ орон сууцжуулъя. Ялангуяа 2016 онд дэвшүүлсэн 0 түрээстэй орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлнэ гэсэн МАХН-ын мөрийн хөтөлбөртэй холбогдуулан энэ ажлыг эрчимжүүлж байна. Хамгийн гол нь бодит боломж байгааг харсан. Сэтгэл байвал болохгүй зүйл байхгүй.  

Одоо хэрэгжиж байгаа зарчим

(50мкв байраар тооцсон үнэ)

МАХН-ын хэрэгжүүлэх зарчим (50 мкв байраар тооцсон үнэ)

2016 оноос хойш хэрэгжүүлж эхэлсэн түрээсийн орон сууцны 1мкв-ын төлбөр 5500 төгрөг буюу нэг сард 275,000 төгрөг төлж байгаа.

Бидний тооцоогоор хүү бодохгүйгээр иргэдээ түрээсийн орон сууцанд хамруулахад 1мкв-ын үнэ 3,920 төгрөг буюу нэг сард төлөх мөнгө 196,000 төгрөг болж байна.

Цаашид үүнээс ч багасаж болох талаар тооцоо, судалгааны ажил хийгдэж байна.

Түрээсийн орон сууцны давуу тал:

  • Инфляцаас хамааран төлбөрийн хэмжээ өөрчлөгдөхгүй буюу анх гэрээ хийж тохиролцсон үнийн дүнгээ төлнө
  • Үр хүүхдүүд нь үргэлжлүүлэн амьдрах боломжтой буюу ямар ч хэлбэрээр байрнаас хөөж гаргахгүй
  • Түрээсэнд төлсөн үнийн дүнгээ байрны төлбөрт тооцуулан өмчлөлд шилжих боломжтой.

Өөрөөр хэлбэл, иргэн таван жилийн хугацаанд төлж байгаад зургаа дахь жилээсээ байраа өөрийн өмч болгохыг хүсвэл өнгөрсөн 5 жилд төлсөн түрээсийн мөнгөө байрны үндсэн төлбөрөөс хасуулж, үлдэгдэл төлбөрийг гэрээ хийн өөрийн боломжит хугацаанд төлж, орон сууцаа өмчилж авах эрхтэй” гэдгийг мэдээллийн үеэр хэлэв.

МАХН-ын хэрэгжүүлж буй зарчмын дагуу тухайн орон сууцны үнэнд хүү бодохгүй, урьдчилгаа авахгүйгээр төр, барилгын компани, иргэний гурвалсан гэрээ байгуулан сар бүр эргэн төлөлт хийх зарчмаар сонгосон байранд нь оруулахыг мөн онцолсон.  

Тухайлбал, 100 сая төгрөгийн үнэтэй байр авсан гэж үзвэл өөрийн сонгосон хугацаандаа 100 сая төгрөгөө хуваан төлснөөр байраа өмчилж авах боломж бүрдэх юм.  

Харин өмчлөлийн орон сууцны давуу тал нь:

  • Иргэд өмчлөхийг хүссэн орон сууцны төлбөрөө шууд төлбөл 8% хөнгөлөлт үзүүлнэ.
  • Хасах хүү тооцно. 5 жил тутамд 1%
  • Өөрийн төлбөрийн чадвараас хамааран орон сууцны төлбөрөө 5,10,15,20 жилд хуваан төлөх боломжтой.
  • Өмчлөлөөс түрээс рүү шилжих боломжтой гэв.
Төр засгийн буруутай үйл ажиллагаанаас болж иргэн нас барвал нөхөн олговор олгох ёстой
 
Гэрэл зургийг MPA.mn

МАХН-ын Сонгинохайрхан дүүргийн мянгатын дарга С.Орхонбаяр “Төр засгийнхны хийж байгаа ажил 100 жилээр хоцрогдож байна. Олон улс оронд бидэнд өнөөдөр тохиолдож байгаа шиг ийм зүйлс болж байсан. Гэтэл төр засгийнхан ийм жишээнүүд мэдсээр байж энэ ажлыг эхлүүлсэн.  

Тэгсэн атлаа та нарын буруу, түлэхдээ буруу түлээд байна гэж хэлээд өөрсдөдөө огт буруу өгөхгүй байх юм. Өдөр болгон дуудлага ирж, угаартаж байна гэж байна. Одоо бол харьцангуй  дулаахан байгаа шүү дээ.

Төр засгийн буруутай үйл ажиллагаанаас болж иргэн нас барвал нөхөн олговор олгох ёстой. Иймд нас барсан иргэдээ төрөөс нөхөн олговор өг.  Хэрвээ иргэн олон сонголт дундаас өөрөө шахмал түлшийг сонгоод угаартсан бол хамаа алга буруу өгч болох юм. Гэтэл ямар ч сонголт өгөхгүйгээр шахалт хийсэн.

Мөн ийм юм болно гэдгийг мэдсэн хэрнэ урьдчилсан мэдээлэл, сэрэмжлүүлэг өгөөгүй” гэв.

 
Гэрэл зургийг MPA.mn

МАХН-ын гишүүн З.Баянсэлэнгэ “Бидний хэрэгжүүлэх гэж буй энэ хөтөлбөрийн талаар олон нийтийн дунд янз бүрийн яриа гарч байна. Улс орон, өрхийн хөгжил бол орон сууцны асуудал байдаг юм байна. Төр засаг өнөөдөр төрийн бодлогоо утаа, сайжруулсан түлш гэж харж байна.

Энэ нь өөрөө гэр хорооллын айл өрхийг багасгах бус харин ч та энэдээ амьдар, бид таныг утаагүй зуухаар хангаж, утааг чинь бууруулаад өгье гэж байгаа хэрэг. Түүнээс биш тэр айлын эдийн засгийг босгох, сайхан орчинд амьдруулах, орон сууцанд хамруулах төрийн бодлого дутуу байна.

Иймээс бид эдийн засгийнх нь тооцоо судалгааг гаргаж зорилт тавин ажиллаж байна. Бидний тооцооллоор ирэх жилийн өдийд эхний 50 мянган айл өрхийг орон сууцанд хамруулахаар тооцож байгаа.    

Хөтөлбөрийн хоёр дахь бүртгэл маргааш (2019.10.12) МАХН-ын байранд 11:00-17:00 цагийн хооронд хийгдэнэ" гэв.