Шашны хатуу дэг ёстой Саудын Арабын засгийн газар аялал жуулчлалын салбараа хөгжүүлэхийн тулд тус улсад ирсэн гадаадын зочдод тавьдаг зарим нэг шаардлагаа зөөлрүүлжээ.
Тухайлбал тус улсын иргэн эмэгтэйчүүд бие даан зочид буудалд өрөө захиалах эрхтэй болсон байна. Өмнө нь зөвхөн ойр төрлийн эрчүүд нь өрөө захиалж өгдөг байжээ.
Мөн гадаадын жуулчин хосууд заавал гэрлэлтийн баталгаа үзүүлэлгүйгээр зочид буудлын нэг өрөөнд орох эрхтэй болсон байна.
Саудын Арабын Аялал жуулчлал, Үндэсний өв соёлын зөвлөл шинэ журмыг Ням гарагт твиттер хуудсандаа нийтэлжээ.
Өнгөрсөн долоо хоногт тус улс анх удаа жуулчны визийг гадаадын иргэдэд олгож эхэлсэн юм. Өмнө нь зөвхөн исламын шашинтнууд мөргөл хийх зорилгоор энэ улсад нэвтэрдэг байжээ.
Дэлхийн 49 орны иргэд визээ онлайнаар эсвэл хил дээрээс авах боломжтой болсон бол бусад улсын иргэд өөрт хамгийн ойр Саудын Арабын элчин сайдын яамнаас виз авах юм байна.
Тус улс ирээдүйд эдийн засгаа газрын тосны орлогоос хамааралгүй болгохын тулд бусад салбаруудыг хөгжүүлэх зорилт тавиад байгаа. Тухайлбал өнөөдөр Саудын Арабын дотоодын нийт бүтээгдэхүүний 3 хувийг бүрдүүлдэг аялал жуулчлалын салбарыг ирээдүйд 10 хувийг бүрдүүлдэг болгох зорилготой байна.
Эх сурвалж: Associated Press