Нийслэлийн зам талбайн үйлчлэгч нарын ажлын ачааллыг хөнгөвчлөх зорилгоор цэвэрлэгээний тоног төхөөрөмжийг нийлүүлэх тендерийг Хот тохижилтын газраас зарлаж, тус тендерт “ДАЛУ” ХХК шалгаран цэвэрлэгээ, усалгаа, үйлчилгээний 20 ширхэг бага оврын төхөөрөмж болон том оврын агаар чийгшүүлэгч таван машиныг энэ онд богино хугацаанд нийлүүлсэн байдаг.
Тэдгээр тусгай зориулалтын машины нийт төсөвт өртөг нь 4.2 тэрбум төгрөг болохыг ЭНД-ээс харж болно.
Харин энэхүү өртөг нь бодит ханшаас хэт өндөр байгаа талаар зарим иргэн олон нийтийн сүлжээгээр шүүмжлээд буй.
Үүнтэй холбоотойгоор бид “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбадоржоос энэ тухай тодрууллаа.
-Улаанбаатар хотын цэвэрлэгээнд ашиглах болсон хог цэвэрлэх 20 ширхэг, агаар цэвэршүүлэгч таван ширхэг машины тус бүрийнх нь үнийн талаар та мэдээлэл өгөхгүй юу?
- Нийслэлийн Засаг даргын 2019 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн А/290 захирамжаар нийслэлийн Хот тохижилтын газарт тусгай зориулалтын машин, механизмыг худалдан авах эрх шилжиж ирсэн.
Үүний дагуу цахим хэлбэрээр, нийтэд нээлттэй байдлаар хоёр багцад хувааж тендер зарласан.
Ингээд Сангийн яамны хяналт дор зам цэвэрлэх зориулалт бүхий бага оврын тусгай зориулалтын 20 ширхэг машиныг оруулж ирэхээр гурван компани нээлттэй тендерт оролцсон.
Нэг бичил цэвэрлэгээний машиныг нь 145 сая төгрөг байхаар төсөвлөгдсөн. Харин тендерт шалгарсан компани нь 142 сая орчим төгрөгөөр нийлүүлсэн.
Том оврын тусгай зориулалтын агаар цэвэршүүлэгч, усжуулагч машины тухайд нэг бүрийн үнэ нь 250 сая төгрөгөөр төсөвлөгдсөн байсан. Үүнийг 245 орчим сая төгрөгөөр авсан.
Зам угаах, агаар чийгшүүлэх болон бичил оврын, зам шүүрдэж цэвэрлэх машиныг оруулж ирэх нийт 4.1 тэрбум төгрөгийн тендер зарлагдсан гэсэн үг.
Захиалагч байгууллагын хувьд бид техникийн үзүүлэлтийн шаардлагыг нь маш сайн тавьсан.
Барууны стандартад нийцсэн, техникийн тодорхойлолтад заасан үзүүлэлтийнхээ дагуу машинуудыг хүлээн авсан. Бичил техник буюу бага оврын Герман, Английн машин 120-140 мянган еврогийн ханштай байгаа.
Та бүхэн зах зээл дээр ямар үнэтэй байгааг өөрсдөө ороод үзэж болно.
-Тухайн машинуудыг онлайнаар 20-30 сая төгрөгөөр буюу та бүхний худалдаж авсан өртгөөс 4-5 дахин багаар худалдаалагдаж байна гэсэн шүүмжлэл дагуулсан. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Тэрийг бол би мэдэхгүй. Манайд өмнө жил хүртэл нэг бүрийн үнэ нь 60 бил үү 80 саяар ирсэн бага оврын 10 ширхэг цахилгаан бичил төхөөрөмжийг нийлүүлсэн. Түүнийг ашиглалтын шаардлага хангахгүй гээд хүлээж аваагүй.
Техникийн хүчин чадал муутай бичил төхөөрөмжүүд зөндөө л байна. Хятад улсад янз бүрийн машин миханизм үйлдвэрлэдэг.
Гэвч тэдгээр нь ашиглалтын шаардлага хангахгүй, техникийнхээ тодорхойлолтод хүрэхгүй.
-Тэгвэл энэ онд оруулж ирсэн дээрх машинуудыг та ашиглалтын шаардлага бүрэн хангаж байгаа гэж үзэж байна уу. БНХАУ-аас оруулж ирээгүй бол хаанаас оруулж ирсэн бэ?
- Энэ ажил дээр ганц манай байгууллага биш Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Худалдан авах ажиллагааны газар, Замын цагдаагийн газар гэх мэт төрийн албаны бүх комисс нь томилогдоод, судлаад, шаардлага хангасан техник гэж үзээд хүлээж авсан шүү дээ.
Хамгийн гол нь тэдгээр машиныг ашигласнаар хөдөлмөрийн бүтээмж эрс сайжирсан.
Хот тохижилтыг ийм машинтай болгох нь нийслэлийн Засаг даргын бодлогын хүрээний ажил байсан учраас Засаг дарга ч өөрөө хяналтаа тавьсан.
Эдгээр төхөөрөмж нь БНХАУ-д Герман улсын лицензээр үйлдэрлэгдсэн бичил оврын төхөөрөмж юм шүү дээ.
БНХАУ-ын зах зээлд цахилгаанаар ажилладаг, стандартын шаардлага хангахгүй буюу нэг хоёрхон сар ажиллаад эвдэрчихдэг техникүүд маш олон байгаа гэдгийг дахин сануулья.
Мэдээж нийслэлийн ЗДТГ-аас судалгаа хийсний үндсэн дээр дундаж үнийг тодорхойлсон болов уу.
Миний санаж байгаагаар 2010 онд ч гэсэн нийтийн тээврийг сайжруулах зорилгоор нийслэлийн ЗДТГ-аас Солонгосын машиныг хямд үнээр авчирч байсан. Өнөөдөр Улаанбаатар хотод явж л байна.
Харин урд нь тэрнээс хямд үнээр оруулж ирж байсан, шаардлага хангахгүй Хятадын техникүүд нь эвдрээд дуусаж байсан.
Тухайлбал, Хятадад Hovo гэдэг машиныг л гэхэд хэдэн янзаар үйлдвэрлэдэг. Улсын үйлдвэрүүдэд нь үнэтэй байдаг бол хувийн хэвшлийн үйлдвэрт нь хямд үнэтэй байдаг.
Хувийн үйлдвэрийн хямд машин нь төмрийн зузаанаас эхлээд чанар нь муу байдаг. Түүн шиг гадуур тийм хямд дүнтэй машинуудын чанар тийм л байгаа.
Жижиг оврын тусгай зориулалтын төхөөрөмж нь 4-5 хүний ажиллах ажлыг гүйцэтгэж байна.
Өнөөдөр манай авто бааз дээр цахилгаанаар ажилладаг 10 ширхэг жижиг оврын тусгай зориулалтын техникийн шаардлага хангахгүй машин байж л байна. Түүнийг хүлээж авахгүй байгаа.
Тэр нь хоёр цаг болоод унтарчихдаг учраас хөдөлмөрийн бүтээмжгүй. Харин одоогийн 20 машин бол дизелээр ажилладаг, хөдөлмөрийн бүтээмж нь хамаагүй өндөр.
Мөн олон үйлдэлтэй тусгай зориулалтын машин гэдгийг ойлгох хэрэгтэй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!