Apple компани өнгөрсөн сард өөрийн мобайл үйлдлийн систем iOS-ын 13 дахь хувилбарыг зах зээлд гаргасан билээ.
Энэхүү шинэ хувилбартай хамт Apple компани анх удаа монгол хэлний үндсэн гарны байрлалыг нэвтрүүлсэн юм. Монголын iPhone хэрэглэгчид iOS 13-ын өмнөх хувилбарууд дээр монгол хэлээр бичихдээ iKon.mn гарны аппликэйшнийг голлон хэрэглэдэг байсан билээ. Уг аппликэйшн өнөөдрийн байдлаар бараг 600,000 удаа татагдаад байгаа юм.
Гэтэл iOS 13 хувилбарт Apple-ийн шинэ монгол гар нэвтрэхдээ mn.* (жишээ нь mn.test.app.keyboard) гэж эхэлсэн давтагдашгүй ID (bundle id) бүхий гарны нэмэлтийг ажиллуулахгүй болгосон зөрчил үүссэн юм. Тодруулбал, iOS 13 хувилбарыг iPhone утсан дээрээ суулгахад өмнө нь ашиглаж байсан iKon.mn гар Apple-ийн монгол гараар шууд солигдож байгаа. Энэ нь Apple компанийн санаатай үйлдэл биш бөгөөд санамсаргүй алдаа гэж бид үзэж байна.
Тиймээс бид одоо Apple компанийн инженер мэргэжилтнүүдтэй уг алдааг арилгахаар хамтран ажиллаж байгаа болно. Хэрвээ Apple энэхүү алдаагаа засварлаж өгөхгүй бол бид аппликэйшн ID-гаа солих замаар давхцлыг арилгах боломжтой.
Гэхдээ iKon.mn аппликэйшнийг ашигладаг хэдэн зуун мянган iOS хэрэглэгчдэд хүндрэл учруулахгүй байх үүднээс бид Apple-ийн шийдлийг хүлээж, үр дүнг харсныхаа дараа хоёр дахь арга руу шилжих төлөвлөгөөтэй байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!