Өнөөдрөөс буюу Бямба гарагаас эхлэн Саудын Араб улсын засгийн газар шашны бус зорилгоор тус улсад зочлох хүсэлтэй гадаадын иргэдэд анх удаа виз олгож эхэлсэн байна.
Эдийн засгаа газрын тосноос хамаарал багатай, олон төрөлтэй болгох үүднээс аялал жуулчлалыг хөгжүүлж, эхний ээлжинд дэлхийн 49 орны иргэдэд виз олгодог болж байгаа ажээ.
Эдгээрт нь АНУ, Их Британи зэрэг өрнөдийн орнууд багтаж байна.
Визийг ердөө долоон минутад багтаж олгох амлалт өгсөн Саудын эрх баригчид эмэгтэй жуулчдыг бүх биеэ халхалсан уламжлалт хувцаснаас чөлөөлж, харин “даруу төлөв” хувцаслах нөхцөл тавьжээ.
Саудын Араб улсад зочид буудал, зам тээврийн дэд бүтэц сайн хөгжсөн ч эдгээр нь зөвхөн тус улсад мөргөл үйлдэхээр ирсэн муслимуудад зориулагддаг байв.
Газрын тосны эрин үе өндөрлөсний дараа улс орноо Арабын ертөнцийн хамгийн хүчирхэг эдийн засагтай улс болгох зорилтыг тус улсын угсаа залгамжлах ханхүү Мохаммед Бин Салман тавьж байгаа.
Энэ хөтөлбөрөө тэр Vision 2030 гэж нэрлэсэн юм.
“Саудын Арабыг олон улсын жуулчдад нээж байгаа нь манай орны хувьд түүхэн үйл явдал юм. Юнескогийн дэлхийн өвд багтсан таван газар, өвөрмөц соёл, байгалийн үзэсгэлэн зочдыг маань гайхшруулах болно” гэж тус улсын аялал жуулчлалын сайд Ахмед Аль Хатеб мэдэгджээ.
Өнөөдөр аялал жуулчлалын салбар Саудын Арабын дотоодын нийт бүтээгдэхүүний 3 хувийг бүрдүүлдэг бол 2030 онд 10 хүртэл хувийг бүрдүүлдэг болгох зорилт тавьсан байна.
2030 онд жил бүр гадаад, дотоодын нийлээд 100 сая жуулчин хүлээж авдаг болох гэнэ.
Эх сурвалж: The Guardian
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!