Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

Монголоос хэрхэн үл хөдлөх хөрөнгө худалдан авах вэ?

ikon.mn
2019 оны 9 сарын 2
iKon.MN

Монголын үл хөдлөх хөрөнгийн салбарт хөрөнгө оруулах сонирхолтой гаднын хөрөнгө оруулагчдад зориулсан зөвлөгөөг хүлээн авна уу.

Социализмд төгсгөл ирэх хүртэл Монголын бүх барилга байгууламж нь төрийн мэдэлд байв. 1992 оноос эхэлж барилга болон газар хувьчилснаар энд орон сууц худалдан авах боломжтой болсон. Нүүдлийн аж ахуй эрхэлдэг хүн ам олонтой оронд үл хөдлөх хөрөнгө худалдаж авах нь өөрийн гэсэн онцлогтой.

Санхүүгийн ямар нэг шийдвэр гаргахаасаа өмнө үл хөдлөх хөрөнгө худалдан авах үйл ажиллагааг сайн мэддэг үл хөдлөх хөрөнгийн агенттай холбогдоорой.

 

Гаднын иргэд Монголд үл хөдлөх хөрөнгө эзэмшиж болох уу?

Газраас бусад үл хөдлөх хөрөнгийн хувьд гаднын иргэнд ямар нэг хориг байхгүй. Худалдан авагчийн иргэний үнэмлэхний баталгаажуулсан хуулбарыг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт өгч, шинэ гэрчилгээний хүсэлт өгөх юм. 

Зөвлөлт холбоот улс задран унасны дараа Монголд барилгын салбарын шинэ хуулиудыг бичсэн байдаг. Шинэ Засгийн газар үл хөдлөх хөрөнгийн хөрвөх боломжтой шинэ систем нэвтрүүлж, үл хөдлөх хөрөнгө эзэмшигч газраас бусад хөрөнгийг хувьчилж авах боломжтой болгосон юм. Энэхүү системээс шалтгаалан гаднын иргэд Монголд орон сууц эзэмшиж болно. Энэ үед дотоодын иргэнтэй хамтрах шаардлагагүй.

Гаднын иргэдэд эд хөрөнгө өмчлөх гэрчилгээ хэрэгтэй юу?

Орон сууц эзэмших эрх нь газар эзэмших эрхээс ялгаатай байдгийг Монголын олон хууль тогтоомжид заасан байдаг. Гэхдээ Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн тухай хуульд орон сууц эзэмшигчийн эрхийг хамгаалсан байдаг. Үл хөдлөх хөрөнгө эзэмшигч нь Эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт яаралтай бүртгүүлэх хэрэгтэй.

Үл хөдлөх хөрөнгө эзэмшигчийн гэрчилгээ ихэвчлэн ажлын 5-30 өдрийн дотор гардаг. Хувь хүн эсвэл хуулийн этгээд нь худалдан авах гэрээг нотариатаар баталгаажуулсан байх шаардлагатай. Мөн тухайн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ болон хэмжээг заасан байх шаардлагатай. Түүнчлэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авахад бусад бичиг баримт ч хэрэг болдог.

Үйлчилгээний төлбөр 20 мянган төгрөг байх ба яаралтайгаар гаргуулах үед 40 мянган төгрөг болдог. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын веб сайтаас ЭНД дарж авна уу.

Үл хөдлөх хөрөнгө эзэмшигч нь тухайн өмчөө зарах, түрээслэх, бусдад шилжүүлэх, өвлүүлэх, барьцаалах болон баталгаа гаргах эрхтэй. Хуулийн хамгаалалтын дагуу бүртгэлийн үйл явц нь бүх төрлийн үл хөдлөх хөрөнгө эзэмшигчид хамаатай. Өөрөөр хэлбэл, монгол болон гаднын иргэн, хуулийн этгээд байхаас үл хамааран адил эрхтэй гэсэн үг юм.

Монголд орон сууц худалдан авахад өөр ямар төлбөр төлөх вэ? 

Үл хөдлөх хөрөнгийн ихэнх агент худалдан авагч талаас үйлчилгээний төлбөр авдаггүй. Ихэнх тохиолдолд борлуулагч тал нь үйлчилгээний төлбөр төлдөг. Нотариатын төлбөр нь үл хөдлөх хөрөнгийн үнэлгээнээс шалтгаалж 10-30 мянган төгрөг буюу 5-150 орчим ам.доллар болдог.

Нотариат болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний төлбөрийг худалдан авагч тал төлдөг. Тэмдэгтийн хураамжийн 2 хувийг борлуулагч болон худалдан авагч талын тохиролцсон үнийн дүнгээс тооцож төлнө.

Гаднын иргэд Монголд хэрхэн газар ашиглах вэ?

Гаднын иргэд Монголд орон сууц худалдан авах боломжтой боловч газрыг зөвхөн түрээслэх боломжтой. Газрын эрхийг гурван бүлэгт хуваадаг. Газар эзэмших, газар өмчлөх болон газрын ашиглалт.

Газар өмчлөх буюу зарах, түрээслэх болон бусдад шилжүүлэх эрх нь зөвхөн Монгол Улсын иргэнд бий. Газар эзэмших эрх нь харин түр хугацацаанд тухайн газрыг захиран зарцуулах эрхтэйгээр хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг хэлдэг.

Гаднын иргэдийн хувьд газрыг зөвхөн ашиглах эрхтэй. Газрын тухай хуульд зааснаар гаднын иргэнд газрыг тав хүртэл жилээр түрээслэх боломжтой. Энэхүү хугацааг хуулийн дагуу 60 хүртэл жил болгон сунгах боломжтой. Газар ашиглах эрхтэй болохын тулд тухайн гаднын иргэн Монголд нэг жилд 183 ба түүнээс дээш өдөр амьдарсан байх шаардлагатай. Газар ашиглах эрх нь компаниудад ч нээлттэй. Гаднын компанийн хувьд эхний ээлжинд Засгийн газраас зөвшөөрөл авах шаардлагатай.

 

Эх сурвалж: www.oly.mn (https://www.oly.mn/guides/Buying_property_in_Mongolia/)