Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

Сато Хироши: Япон технологийг нэвтрүүлбэл Монголын цэвэр усны нөөц дуусах хугацааг олон жилээр уртасгах боломжтой

Н.Мөнхзаяа iKon.mn
2019 оны 8 сарын 20
iKon.MN

"Соёл-Эрдэм" дээд сургууль, Обирин их сургууль хоорондын уламжлал болгон хамтран зохион байгуулдаг Олон улсын эрдэм шинжилгээний хурал 7 дахь удаагаа "Монгол-Япон эрт, эдүгээ, ирээдүй" гэсэн сэдвийн  хүрээнд болж байна. 

Энэ удаагийн ОУЭШХ -д Япон улсаас их, дээд сургуулиудын багш, захирал, судлаач, оюутнууд, Монгол Улсаас олон улсын боловсрол судлалын академич, Монгол Японы харилцааг дэмжих нийгэмлэгийн тэргүүн гэх мэт нийт 30 гаруй зочид төлөөлөгч оролцож байна. 

 

Энэ жилийн эрдэм шинжилгээний хурлын онцлог болон үр дүнгийн талаар "Соёл-Эрдэм" дээд сургуулийн Удирдах зөвлөлийн дарга Макихара Соичигоос тодруулахад "Энэ удаагийн хурлын гол зорилго бол хоёр орны эрдэмтэн судлаач, залуу үеийн төлөөллүүд нийгмийн асуудлыг судлан Монгол Улсын засаг захиргаанд хүрч, бидний хэлэлцэж байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд дөхөм болгож өгөх явдал. 

Илтгэлүүдийн сэдвийн хувьд ч хоёр орны харилцаа, эдийн засаг, соёл урлаг, боловсрол, экологи гэх мэт маш өргөн хүрээг хамарч буй. Мөн зөвхөн Япон, Монголоос биш, АНУ-аас судлаач ирж, Монголын шашин болон исламын шашны харилцаа холбооны тухай судалгаагаа танилцуулж байгаагаараа онцлог болж байна" гэлээ. 

"Монгол Улсад аюулын харанга дэлдэж буй мөнгөн усны бохирдлын тухайд" сэдвийн хүрээнд Монгол орны уул уурхай, хууль бус алт олборлолт, зэргээс үүдсэн мөнгөн усны хэрэглээ нь ундны устай холилдож, байгаль орчинд хор хөнөөл ихээр учруулж байгаа тухай судалгааныхаа үр дүнг Чюоггакүин их сургуулийн Нийгмийн тогтолцооны судалгааны төвийн захирал, "Соёл-Эрдэм" дээд сургуулийн профессор Сато Хироши илтгэж байна. 

 
Гэрэл зургийг MPA.mn

Энэхүү илтгэлийн дараа Сато Хирошитай ярилцлаа.

- Монгол улсын ундны усны нөөц болон хэрэглээ таныхаар ямар байна вэ? 

-Миний харж байгаагаар Монгол Улс тэр дундаа Улаанбаатар хотод ундны усны хомсдол үүсэх магадлал их өндөр байгаа. Яагаад гэвэл хүн амын нягтшилт хотод ихсэж байгаа. Мөн монголчууд ундны ус болон хэрэглээндээ гүний усыг ашиглаж байна. Гүний ус гэдэг хязгаарлагдмал нөөц шүү дээ. 

-Энэ асуудлыг хэрхэн шийдвэл зохилтой вэ? Та өөрийн улсын жишээнээс хуваалцна уу.

-Манай Япон улсын хувьд гол мөрөн буюу гадаргуу дээрх усаа далан руу татаж аван түүнийгээ дээд зэргээр цэвэршүүлээд ундны усны хэрэглээнд түгээдэг. Монгол Улсын хувьд манай улсын энэ арга технологийг нэвтрүүлэхэд гүний цэвэр усны нөөц дуусах хугацааг илүү олон жилээр уртасгах боломжтой" гэлээ.

 
Гэрэл зургийг MPA.mn

Түүнчлэн Обирин их сургуулийн оюутан Томори Такааки тус хуралд илтгэл тавьсан юм. Тэрбээр "Би Монгол Улсад байгаль экологийн чиглэлээр дадлага хийж байгаа оюутан. Дадлага хийх явцдаа Туул голын эргэн тойронтой очиж танилцсан. Мөн цуг дадлага хийж буй оюутнуудтай хамт сайн дурын аян өрнүүлж, Туул голын хог хаягдлыг цэвэрлэсэн. Үүнээс үүдэлтэй энэхүү хуралд "Туул голын хог хаягдал" гэсэн сэдвээр илтгэл тавихаар шийдсэн юм. 

Манай орон Монгол Улсыг бодвол жижиг газар нутагтай, хүн амын нягтаршил их учраас өдөрт хэдэн зуун тонн хог хаягдал гардаг. Гэхдээ энэ асуудлыг ангилан хаях, дахин боловсруулах гэсэн аргаар зохицуулдаг. Миний нүдээр Монголд хог хаягдлаа нэг цэг дээр бөөгнөрүүлдэг боловч тэр хог хаягдлаа шийдвэрлэдэг арга нь буруу юм шиг санагдсан. Магадгүй ангилан ялгаж, хог хаягдлаа дахин боловсруулах техник технологи дээрээ ажиллавал илүү сайн үр дүн гарах болов уу" гэлээ.