Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Цогтбаатар: Мэдээлэлжсэн ертөнцөд хүн хоолоо олж идэх хамгийн найдвартай арга бол БОЛОВСРОЛ

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 8 сарын 20
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Азийн эдийн засаг, хөгжлийн асуудлыг хэлэлцдэг чухал суваг болох Азийн төлөө Боао форумын Бага хурлыг Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж байгаа билээ.  

Бүс нутагт соёл, боловсролын чиглэлийн хамтын ажиллааг хөгжүүлэх нь илүү чухал болохыг Боаогийн форумын Улаанбаатарын бага хуралд оролцогчид дуу нэгтэйгээр онцолж байна.

 
Гэрэл зургийг MPA.mn

Бага хурлын үеэр Ази тивийн орнуудын эдийн засгийн хөгжилтэй холбоотой өргөн хүрээний асуудлыг хэлэлцэхийн зэрэгцээ манай улсын хөрөнгө оруулалтын орчин, эдийн засгийн цаашдын төлөв зэрэг асуудлын талаар хэлэлцүүлэг өрнүүлж, Монголын талаас холбогдох яамд байгууллагууд дэлгэрэнгүй танилцуулгыг хийж байсан юм.

Бага хурал манай улсад зохион байгуулагдаж байгаа нь бүс нутаг төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг нааш нь татаж буй хэрэг
 
Гэрэл зургийг MPA.mn

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Боагийн форумыг манай улсад зохион байгуулах санаачилгыг дэмжсэн. Ойн хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулж байгаагийн нэг нь энэ форум юм.

Учир нь бүсийг бүхэлд нь сонирхсон томоохон бизнесүүд, хөрөнгө оруулагчид Боаогийн форум дээр цуглардаг. Ингэхдээ зөвхөн БНХАУ-тай хамтарч бизнес хийх тухай бус бүс нутгийн хэмжээнд худалдаа, хөрөнгө оруулалтын салбарт хэрхэн ажиллах талаар том зургаа харж ярилцдаг ач холбогдолтой. Пакистан, Малайз, Унгар, Солонгос зэрэг олон улсын төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байна.

Бага хурал манай улсад зохион байгуулагдаж байгаа нь бүс нутаг төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг нааш нь татаж буй хэрэг юм.  

Монгол Улсын зүгээс гол тавьж буй зорилт нь эдийн засаг сэргэж эхэлж байгаа, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа харьцангуй жигдэрч яваа энэ үед нэгдүгээрт, Монголын бараа бүтээгдэхүүнд экспортын шинэ зах зээл олж өгөх ёстой гэж харсан. Ингэхийн тулд худалдан авагчдыг урьж авчрах болон гадна талд уулзалт хийх шаардлагатай тул Монголдоо авчирсан нь илүү үр дүнтэй. Маргааш хөрөнгө оруулагч нар бүтэн өдрийн  турш  Монголын  бизнесүүдтэй биечлэн явж танилцана.

Хоёрдугаарт, хөрөнгө оруулалтыг татах хэрэгтэй байгаа. Ингэхдээ мөн л хөрөнгө оруулагчид өөрсдийн биеэр манай улсын бодлогын хэрэгжилт, бизнесийн хөгжлийг харах нь илүү оновчтой арга болно. Эдгээр боломжуудыг бүрдүүлж буй Боаогийн форум нь эдийн засаг, худалдаа , хөрөнгө оруулалт, технологийн чиглэлийн чухал ач холбогдолтой” хэмээн хэллээ.

Мөн тэрбээр “Өчигдөр Боаогийн форумынханд санал болгосон нэг зүйл маань боловсролын асуудал байлаа. Боловсролд бүгд анхаарлаа хандуулж байна.  Боловсролын салбарт арга хэмжээ авах шаардлагатай ба сурах хүсэлтэй залуучууд их байна. Өнөөдрийн мэдээлэлжсэн ертөнцөд хүн хоолоо олж идэх хамгийн найдвартай арга бол боловсрол. Боаогийн форумынхан бас адилхан бодолтой байгаа. Иймд цаашид хөтөлбөрүүд хамтарч хэрэгжүүлнэ хэмээн бодож байна.  

Нөгөө талд Тэгэхээр бидний хувьд хичнээн ингэж уулзалт бэлдэж өгөөд, бизнесүүд төслүүдээ сайн боловсруулаагүй бэлэн биш байвал хэцүү. Тиймд хамгийн гол нь манай бизнесүүд тавьж буй тооцоогоо сайтар боловсруулсан, хүн итгэхүйц, бодит ажил хэрэг болохуйц санал тавих хэрэгтэй байгаа юм “ гэдгийг онцлон хэлсэн юм.

Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, нар салхины эрчим хүчийг экспортлох нөөц өндөр байдаг. Дунд, урт хугацааны замын зураг бий болж байгаа
 
Гэрэл зургийг MPA.mn

Монголын бизнесийн зөвлөлийн ТУЗ-ийн дарга Б.Бямбасайхан “Өнөөдөр манай бүс нутагт боломжууд гарч ирж байна. Бидний хувьд гадаад эрсдэлийг  эдийн засгийн болон иргэний дипломатын идэвхтэй үйл ажиллагаагаар давна. Тус хурал манай улсад болж байгаа нь зүгээр нэг тохиолдол биш. Бүс нутагт Монгол Улсын ажиллаж буй байр суурь тогтмол сайжирч, урд хөрштэй харилцаа өндөр хэмжээнд хөгжиж байгаагийн илрэл билээ.  

Энэ харилцааг тогтвортой байлгахын тулд эдийн засаг, бизнесийг улам нээлттэй болгож, гадаад дотоодын компаниудад танилцуулах хэрэгтэй. Ингэснээр дэд бүтэц болон бусад төслүүд биеллээ олох нөхцөл байдал үүснэ гэж бодож байна.

Мөн бага хурлын гол сэдвүүдийн нэг нь улс хоорондын уялдаа холбоо нь зөвхөн нэгнээсээ хамаарсан биш харилцан хамааралтай, бизнесийн хувьд харилцан ашигтай байдлаар хөгжинө гэдгийг онцолж байна.

Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, нар салхины эрчим хүчийг экспортлох нөөц өндөр байдаг. Энэ нь олон түвшний судалгаагаар батлагдсан. Дунд, урт хугацааны замын зураг бий болж байгаа. Илүү нарийн судалгаанууд компани хооронд хийгдээд явж байна” гэлээ.

Боао форумын төв БНХАУ-ын Хайнань мужийн Боаод байрладаг. Тус форум нь сүүлийн жилүүдэд үйл ажиллагааны хэлбэр, хүрээгээ тэлж буйтай холбоотойгоор Азийн орнууд төдийгүй бусад оронд зохион байгуулагддаг болжээ.

 
Гэрэл зургийг MPA.mn
 
Гэрэл зургийг mpa.mn