Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

Бан Ги Мүн: Монгол олон улсад нөлөөтэй болохын тулд боловсролын салбартаа хөрөнгө оруулах хэрэгтэй

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 8 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Азийн төлөөх Боао форумын Бага хурал энэ сарын 19-21-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байгаа билээ.

Боао форумын даргаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн оролцох бөгөөд тэрбээр өчигдөр Монгол Улсад ирсэн юм. Энэ удаагийн Бага хурал “Шинэ эрин үе дэх хамтын ажиллагааны төлөөх уялдаатай үйл ажиллагаа” хэмээх ерөнхий сэдвийн дор болж буй.

Тэрбээр хурлын сэдвийн талаар болон Азийн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны талаар сэтгүүлчидтэй уулзаж зарим асуултад хариулт өглөө.

- Дэлхийн эдийн засгийн хөгжилтэй холбоотойгоор цаашид Азийн орнуудын эдийн засгийн нэгдсэн байдлыг та хэрхэн харж байна вэ?

НҮБ-аас “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-ыг батлан, дэлхийн улс орнууд үүнд дурдсан зорилтыг биелүүлэхээр ажиллаж байна.

Хүрэлцээтэй өсөлтийн үр дүнд баялгийг хүн бүр тэгш хүртэх боломжтой. Аль аль талдаа ашигтай байх ёстой буюу улсууд бие биенийхээ ард үлдэж болохгүй. Нөгөө талаар улс орнууд хамтдаа хөгжин дэвших нь Монголд Улсад ч ашигтай. Иймд “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-ыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Түүнчлэн улсууд том, жижгээс хамаарахгүйгээр чөлөөт худалдаа эрхлэх боломжтой байх ёстой.

Бид олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлыг орхигдуулахгүйгээр эдийн засгийн хувьд аль аль талдаа ашигтай байх хэрэгтэй. Ийнхүү хамтын хөгжил бий болгоход харилцан ойлголцол, хүндлэл чухал үүрэгтэй. Сүүлийн жилүүдэд үндэсний үзэл, худалдааны хориг ихсэж байна. 

Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш улс хоорондын худалдаа өргөжсөнөөр одоо чинээлэг болсон улсууд үр ашгийг нь илүүтэй хүртсэн. Тэгсэн мөртлөө одоо олон талт худалдааг эсэргүүцэж байна.

Тэр утгаараа Боао форумын Улаанбаатарын бага хурлын үеэр түгээх гол санаа нь чөлөөт худалдааг дэмжих тухай байх юм. Олон улсын хамтын нийгэмлэгт Ази тив нь чухал үүрэгтэй тул тогтвортой хөгжлийн гол хөдөлгүүрийн нэг байх боломжтой юм. Учир нь Азийн орнууд эдийн засгийн хүчин чадлаараа тэргүүлдэг.

Азийн орнуудын ДНБ-ийн өсөлт ирээдүйд ч өндөр хэвээр байх болно. Эдийн засгийн өсөлт тэгш бус байдлыг бууруулахад чиглэх ёстой. Хэн ч ард үлдэж, хоцорч болохгүй. Гэвч уур амьсгалын өөрчлөлт гэх мэт сорилт Азийн орнуудад тулгарч байна. Тухайлбал Монгол Улс байна. Бид хурлын үеэр уурын амьсгалын өөрчлөлтийн асуудлыг хөндөх болно.

 

- Энэ жил яагаад хамтын ажиллагаа Азийн орнуудад чухал байр суурь хэмээн харж байна вэ?

-Африкийн холбоо гэж байдаг. Мөн АНУ, Канад болон Латин Америкийн орнууд ч өөрийн гэсэн холбоотой. Харин Азид яагаад ийм механизм байдаггүй юм бол гэж би хувьдаа их гайхдаг. АСЕАН-д Азийн 10 орон л нэгдсэн. Гишүүн орнууд нь идэвхгүй байсаар байгаа. Тиймд  Азийн удирдагчид нэгдэж, интеграцийн  талаар нухацтай бодох цаг болсон.          

-Монгол Улс далайд гарцгүй орон. Гэхдээ зарим хүн аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал бидний хаагдмал байдлыг арилгана гэж үздэг. Таны хувьд энэ талаар ямар бодолтой байна вэ? 
-Монгол газар нутгийн хэмжээгээрээ 18-т ордог маш их эрдэс баялагтай орон. Иймд эдийн засгаа хурдан хөгжүүлэх боломжтой. Ингэхдээ дэд бүтцээ ухаалгаар хөгжүүлэх хэрэгтэй. Дэд бүтэц муу байвал хөрөнгө оруулагчдыг татаж чадахгүй. Мөн ОХУ, БНХАУ-аас гадна бусад улсуудтай ч харилцаагаа өргөжүүлэх хэрэгтэй. Монголчууд Азийн орны өвөрмөц соёл, Чингис хааны үүх түүхээ өнөөг хүртэл хадгалан авч үлдсэнд би бахархдаг.

-Таны хувьд арав гаруй жилийн турш НҮБ-ын даргаар ажилласан. Энэ ажлаа хүлээлгэн өгснөөс хойш дэлхийн худалдаа, эдийн засаг хэрхэн өөрчлөгдөв?
-Би түрүүн дурдсанчлан дэлхий улам хуваагдмал болж байна.

Үндэсний үзэл, чөлөөт худалдааны эсрэг яриаг сонсоход санаа минь их зовдог. Том, жижгээс хамааралгүйгээр дэлхийн улс орнууд чөлөөт худалдаа эрхлэх боломжтой байх ёстой. Мөн хүмүүс хүссэн улс руугаа чөлөөтэй зорчих эрхтэй байх нь зөв. Яг л Европын холбооны 23 гишүүний иргэд хоорондоо чөлөөтэй аялдаг шиг. Угтаа бид нар нэг том гэр бүл. Чөлөөт худалдаанаас их ашиг олж, чинээлэг болсон улсууд бусад орноо эргэж хараад хүндлэл бий болгож, дэлхийн хүмүүсийн талаар бодоосой гэж хүсдэг.

-Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгт ямар хувь нэмэр оруулж чадах вэ?
- Ядуу буурай орноос хөгжилтэй гэх ангилалд багтах шилжилт одоо ч үргэлжилж байна.

Олон улсад нөлөөтэй улс болохын тулд боловсролын салбартаа хөрөнгө оруулах хэрэгтэй. Ялангуяа дэд бүтэц, залуус, эмэгтэйчүүдийн боловсролд хөрөнгө оруулалт их оруулах ёстой.

Монгол Улс Хятад, Оросоос гадна бусад улсуудтай ч идэвхтэй харилцаа тогтоох нь чухал. Боаогийн форум энэ асуудлыг шийдэхэд тус болно гэдэгт итгэлтэй байна.