Монгол улсын топ 100 гаруй компанийн удирдлагууд нэг дор цуглаж, шилдэг арга туршлагаа хуваалцдаг “Менежмент форум” арга хэмжээ боллоо. Энэ удаагийн арга хэмжээнд Хиймэл оюун болон Хүний нөөцийн талаар Монгол улсад тулгарч буй сорилтуудын талаар байгууллагууд санал, туршлагаа солилцсон юм.
Юнител Группийн Мэдээллийн технологи хариуцсан дэд захирал О.Тулгатай “Хиймэл оюуны хэрэглээ” сэдвээр авсан ярилцлагыг хүргэж байна.
- Дэлхий дахинд хиймэл оюун буюу AI тренд сэдэв болоод байна. Энэ технологийн давуу тал үр ашиг яг хаана хамгийн их мэдрэгдэж байна вэ?
- Дэлхийн 60 гаруй оронд 130 гаруй салбартай дэлхийн хамгийн том бизнес, эдийн засаг, технологийн хөгжлийн талаар нарийвчилсан судалгаа хийдэг McKinsey компанийн танилцуулсан судалгаанд 2030 он гэхэд хиймэл оюун ухаан (AI) дэлхийн эдийн засагт “13 их наяд ам.долларын нэмэлт үнэ цэн бий болгоно” гэсэн тооцоолол гарсан. Энэ нь AI, автоматжуулалт бизнесүүдийн үр ашгийг нэмэгдүүлж, шинэлэг шийдлүүдийг хурдасгаж буйн нотолгоо юм. Манай улсын хувьд ч гэсэн энэ хувьсгалд хэрхэн зөв шилжилт хийх вэ гэдэг дээр анхаарч, төрийн бодлого, байгууллага, ажилтнууд гээд бүх түвшинд анхаарал хандуулж, хөдлөх цаг нь болсон.
“2030 он гэхэд AI дэлхийн ДНБ-ийг 13 их наяд ам.доллароор нэмэгдүүлнэ”
- Хиймэл оюун нэвтэрснээр ажлын байрууд үгүй болно гэсэн нэг талаас харахад түгшүүр байна. Нөгөө талд маш том боломж гэж бас хардаг. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?
- Дэлхийн томоохон хувьсгал өөрчлөлтүүд өмнө нь хэдэн зуун жилээр хэмжигддэг байсан бол 50, 60 жил магадгүй бүр 20, 30 жил болж буурч байна. Хиймэл оюун бол технологийн дараагийн том хувьсгал. Технологийн эрчимтэй өөрчлөлтийн дүнд энэ хугацаа хоёр гуравхан жилээр хэмжигдэхийг ч үгүйсгэх аргагүй юм. Тиймээс хүн төрөлхтөн аливаа өөрчлөлт, тодорхойгүй нөхцөлд бэлэн байх, сэтгэлгээтэй, бүтээлч байж шинэчлэлийг хүлээж авдаг, дасан зохицох чадвартай байх нь давуу тал болно.
Хиймэл оюуны /AI/ дараагийн түвшин болох SI /super intelligence/ тодорхой хугацааны дараа нэвтэрлээ гэхэд бид тэр болтол хийдэг, асуудлыг шийдвэрлэдэг хэвээрээ л байна. Гэхлээ бүтээлч байдал, шинэ зүйлсийг нэвтрүүлдэг нээлттэй сэтгэлгээнд суралцаж бэлтгэгдэх нь чухал.
Сургалтын хөтөлбөрүүд ч гэсэн энэ чиглэлд ур чадварыг хөгжүүлэх, шинэ түвшний чадварыг эзэмшүүлэхэд чиглэх нь зүйтэй. Учир нь одоо сурсан зүйлс хэдхэн жилийн дараа ашиглагдах эсэх нь эргэлзээтэй байна. Тиймээс тодорхойгүй нөхцөлд дасан зохицох нээлттэй сэтгэлгээг өөртөө бий болгох ёстой. Тэгж чадвал хэн ч байсан өөрчлөлтийн давлагаа, хувьсгалыг даваад гарна. Энэ нь топ түвшний удирдлага, менежер, санхүүгийн мэргэжилтэн, дуудлагын ажилтан гээд бүгдэд хамаатай.
Байгууллага ч мөн адил бизнесийн төлөвлөгөөгөө богино хугацаанд хардаг болж, өөрчлөлтөд хурдан шилжилт хийн ажиллаж чаддаг байхад анхаарч эхэлсэн.
- Монгол улсад залуучууд гадаадад ажиллаж амьдрах хүсэл их, ажиллах хүчний хомсдол тулгамдсан асуудал боллоо. Ийм нөхцөлд хиймэл оюунаар орлуулах түүний давуу тал гэж бий юу?
- Дэлхий дахинд томоохон компанийн захирлууд ирэх 10 жил дэлхийн түүхэнд байгаагүй өндөр бүтээмжтэй жилүүд болно гэж таамаглаж байгаа. Энэ нь тухайн байгууллагын ажилчдын тоо буурах эсэхээс үл хамаарах юм.
“...ирэх 10 жил ажилчдын тоо өсөх эсэхээс үл хамаарч дэлхийн түүхэнд байгаагүй өндөр бүтээмжтэй жилүүд болно”
Монгол улсын хувьд хүний нөөц хомс байгаа. Гэхдээ бид оновчтой процесс, технологийн тусламжтай шийдэл олоод ажиллах л ёстой.
Юнител Группийн хувьд сүүлийн 3 жилд ажилтнуудын тооноос үл хамааран бүтээмжийн хувьд жил бүр 20 гаруй хувийн өсөлт хийгээд явж байна. Энэ бол үйл ажиллагаандаа хиймэл оюун, автоматжуулалтыг нэвтрүүлсэнтэй шууд холбоотой.
Тэгхээр бид ажиллах нөөц хомс байсан ч энэ мэтээр шийдлээ олоод ажиллах нь зүйн хэрэг. Ингэхдээ хиймэл оюуныг нэвтрүүлж ажлын бүтээмжээ нэмэгдүүлээд, харин ажилчдынхаа ур чадварыг өсгөх, шинэ хувьсалд шилжилт хийхэд байгууллагаараа бэлэн байх ёстой гэж харж байна. Өөрөөр хэлбэл бид хиймэл оюуныг ашиглан бүтээмжээ нэмэгдүүлж чадаж байгаа бол нөгөө талд байгууллагын үнэт капитал болсон ажилтнуудынхаа ур чадварыг өсгөхөд анхаарах боломж нэмэгдэж байгаа юм.
- Хиймэл оюун гэхээр та бүтээмжтэй байнга холбож байна?
- Бүтээмж өндөр байна гэдэг эргээд нийгмийн аль ч түвшинд эерэг үзүүлэлтийг л авчирна. Тиймээс өндөр бүтээмжтэй байхад AI ашиглах, нэвтрүүлэх нь чухал юм. Дэлгэрэнгүй тайлбарлая л даа.
Нэгдүгээрт үр ашиг бүтээмж нэмэгдэнэ. Бидний өдөр тутмын амьдралдаа хиймэл оюуныг ашигласнаар олон давтагддаг үйлдэл, цаг их шаарддаг ажлуудыг автоматжуулж, түүнд зарцуулах зардлыг бууруулж байна. Жишээ нь: Дуудлагын төвүүдийн автомат хариулагч, камерын хяналтын систем, эрүүл мэндийн салбарын автоматжуулалтыг дурдаж болох юм. Дэлгүүр ажиллуулдаг хүн барааны татан авалтын төлөвлөгөөг хиймэл оюун ашиглан олон цаг зарцуулж, байнга хийдэг ажлуудаа автоматжуулах гэх мэтээр ашиглаж болно. Ингэснээр хүмүүс илүү өндөр үнэ цэнтэй ажилд анхаарлаа төвлөрүүлэх боломж, цагийг олгож байгаа юм.
Хоёрдугаарт, AI том хэмжээний өгөгдөлд анализ хийж, бизнесүүдэд оновчтой шийдэл санал болгож, бүтээгдэхүүн хөгжүүлэх хугацааг богиносгож байна.
Гуравдугаарт зардлыг бууруулна. Бизнесийн байгууллагууд хиймэл оюун ухааныг ашигласнаар зах зээлийн эрэлтийг урьдчилан таамаглаж, нийлүүлэлтийн сүлжээг оновчтой зохицуулан, ашиггүй хаягдал, ашиггүй цаг зарцуулалтыг багасгана. Үүний үр дүнд бизнесүүд илүү их хэмнэлт гаргаж, дахин хөрөнгө оруулалт хийх боломжийг олгож байгаа юм.
Энэ бүх давуу тал нь хэрэглэгч бүрд тохирсон үйлчилгээг санал болгоход чиглэж байна. Орчин үед хэрэглэгчид AI-д суурилсан, зөвхөн өөрт тохирсон үйлчилгээг хүсэх болсон шүү дээ. Жишээ нь: Видео стриминг платформ AI ашиглан хэрэглэгчийн сонирхолд тохирсон контентуудыг санал болгодог бол онлайн худалдааны сайтууд руу хэрэглэгч ороод өөрийн сонирхдог загвар стилийн хувцаснуудыг харахыг хүснэ. Энэ бүхнийг хиймэл оюун ухааны тусламжтайгаар хэрэглэгчдэд санал болгох боломжтой юм.
- Таны ярианаас бизнесийн байгууллагууд ялангуяа анхаарч нэвтрүүлэх шаардлагатай юм байна гэж ойлголоо?
- Хиймэл оюун хэдийн нэвтэрсэн энэ цаг үед хэрэглэгчид, бизнесийн байгууллага том жижгээс үл хамааран үйл ажиллагааныхаа аль ч хэсэгт нэвтрүүлэн ашиглах боломжтой. Ялангуяа хиймэл оюун нь хэрэглэгчдийн худалдан авалтын түүх, зан төлөвийг шинжилж хамгийн тохиромжтой бүтээгдэхүүн санал болгосноор оновчтой шийдвэр гаргалтыг хурдасгаж байгаа. Жишээ нь, Amazon нь бүх орлогынхоо 35%-ийг AI-н санал болгосон бүтээгдэхүүнүүдээс олдог гэсэн тооцоо бий. Түүнчлэн, шинэ бүтээгдэхүүнүүдийн зах зээлийн судалгаа хийх, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах зөвлөмжүүдийг AI өгч байна.
- Бусад байгууллагууд хиймэл оюуны хувьсалд хэрхэн бэлдэх вэ? Технологийн томоохон байгууллагын хувьд танайхаас өгөх зөвлөгөө, эсвэл энэ чиглэлээр бусад байгууллагуудад хуваалцах туршлага?
- Байгууллагууд хиймэл оюуныг бизнес, үйл ажиллагаа, хэрэглээндээ оновчтой нэвтрүүлэхийн тулд датагаа цэгцлэх, хамгаалах ажлаас эхлэх ёстой. Хиймэл оюун ажиллах үндэс нь дата. Дараа нь кибер аюулгүй байдлыг хангах. Монгол улсын хувьд жилд гарч буй кибэр халдлагын 89 хувь нь амжилттай болсон статистик судалгаа бий. Тиймээс энэ тал дээр мэргэжлийн технологийн байгууллагатай хамтарч ажиллахыг зөвлөмөөр байна. Ингэж чадвал бага зардлаар эрсдэл бага, өндөр үр ашигтай шийдлүүд хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Юнител групп дээрх шийдлүүдийг нэвтрүүлсэн туршлагаа хэрэглэгч, харилцагч байгууллагуудтай хуваалцахад бэлэн байна.
- Тэгвэл Юнител Групп хиймэл оюун үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээндээ хэрхэн нэвтрүүлж байна вэ?
- Юнител Групп үйлчилгээндээ хиймэл оюун ухаанд суурилсан автомат чатбот болон дуут хариулагчийг нэвтрүүлээд байна. Ингэснээр хэрэглэгчдийн хамгийн түгээмэл асуултуудад автомат хариу өгөх боломжтой болж, сард ирж буй 1 сая хандалтын 20% нь чатбот руу шилжиж, 95%-ийн амжилттай хариулж байна. Үр дүнд нь дуудлагын ажилтнууд түгээмэл асуултад хариулахаас илүү хэрэглэгчийн яаралтай, болон зайлшгүй асуудлыг шийдэх, борлуулалт өсгөх боломж, хүртээмж нэмэгдэж байгаа. Хэрэглэгчид 24/7 AI чатботоос үйлчилгээгээ авах боломжтой болсон юм.
Бусад салбарын хувьд, жишээ нь зарим эмнэлэг дуудлагын нэгдсэн системийг нэвтрүүлснээр хэрэглэгчдэд цаг олгох, эрэмбэлэн ангилах, эргээд хэрэглэгч бүртэй хиймэл оюун автомат дуудлага хийн мэдээлэл хүргэх, цагийг баталгаажуулах зэргээр үйлчилгээний хүртээмжээ нэмэгдүүлж, хэрэглэгч төвтэй болж байна.
Зөвхөн үйлчилгээ, бүтээгдэхүүнээр хязгаарлагдахгүй бид дотоод үйл ажиллагаандаа AI ашиглан олон автоматжуулалтыг хийж байна.
Жишээ нь: Юнител группийн 2000 орчим ажилтан мэдээлэл хурдан солилцож, асуудлуудыг шуурхай шийдэж чаддаг. Мөн хиймэл оюуны тусламжтайгаар 100 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээнээс хэрэглэгч бүрд тохирсон бүтээгдэхүүнийг санал болгох боломжтой болсон юм.
Монгол орон даяар үйлчилгээгээ хүргэхийн тулд нэгэн зэрэг ажиллаж буй олон системийн мэдээллийг нэгтгэж, шаардлагатай хяналт засвар үйлчилгээг автоматжуулснаар хэрэглэгчийн асуудлыг шийдвэрлэх хугацааг 60 хувиар бууруулж чадсан.
Хиймэл оюун ухаан, автоматжуулалт нь зөвхөн бизнесүүдийн процессыг өөрчлөөд зогсохгүй хэрэглэгчдийн хүлээлт, ажлын байрны зохион байгуулалт, бизнесийн шийдвэр гаргалт, инновацын чиг хандлагад ч томоохон өөрчлөлт авчирч байна.
- Цаг гарган ярилцсанд баярлалаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!