Орос улс сүүлийн жилүүдэд нийтдээ 2.4 их наяд рублийн ($28.7 тэрбум) хөрөнгийг хувийн эзэмшлээс төрийн өмчид шилжүүлээд байгааг тус улсын ерөнхий прокурор Игорь Краснов өчигдөр мэдээлжээ.
Ингэхдээ тэр тодорхой хугацааны завсар хэлээгүй ч Украины дайн эхэлснээс хойш Москвагийн эрх баригчид гадаад, дотоодын өмч хөрөнгө нийгэмчлэх ажлыг шуурхайлсан юм.
Хамгийн сүүлийн байдлаар Оросын тэргүүлэх үр тарианы худалдааны компани, Москвагийн Домодедово нисэх буудал, стратегийн ач холбогдолтой агуулахын байгууламж, цайр, хар тугалга олборлогч компаниуд зэргийг төрийн өмчид шилжүүлээд байгаа.
Ерөнхийлөгч Путинтэй уулзах үеэрээ Краснов стратегийн ач холбогдолтой таван аж ахуйн нэгжийг төрийн өмчид шилжүүлж авсны дөрөв нь гадаадын эзэмшилтэй байсныг танилцуулжээ.
“Шүүхээр дамжуулан нийтдээ 2.4 их наяд рублийн эд хөрөнгийг төрийн өмчид шилжүүлэн авсан” гэж тэр энэ үеэр хэлсэн байна.
Төрийн өмчид хураан авсан компаниудын эзэд олсон ашгаа ОХУ-аас гадагшаа гаргасан, дэд бүтцэд хөрөнгө оруулаагүй, татвараа бүрэн төлөөгүй зэрэг зөрчилтэй байсныг Краснов тайлбарлажээ.
2022 оны хоёрдугаар сард Оросын цэрэг Украинд халдан довтолсноос хойш гадаадын хөрөнгө оруулагчид тус улс дахь өмч хөрөнгөө алдах эрсдэлтэй тулгараад байгаа. Үүнээс гадна стратегийн аюулгүй байдлаа хангах зорилгоор Москвагийн эрх баригчид дотоодын компаниудын өмч хөрөнгийг нийгэмчлэх ажлыг эрчимжүүлсэн юм.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!