Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 2019 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Замын цагдаагийн албан хаагчид хамтран 24 цаг болон гурван ээлжээр шалган нэвтрүүлэх товчоодод ажиллаж байна.
Тэд аравдугаар сарын 30-ныг дуустал хяналт тавина.
Тарваган тахал өвчний гаралт өмнөх оны мөн үеэс 14 хувиар нэмэгдсэнтэй холбоотойгоор Улаанбаатар хотод энэхүү халдварт өвчинтэй тэмцэх чиглэлд анхаарч ажиллахаар болжээ.
Тарваган тахал нь Yersinia pestis савханцараар үүсгэгддэг, мэрэгч амьтдаас хүнд халдварладаг байгалийн голомтот хурц халдварт өвчин юм.
Тарваган тахлаар тарвага, зурам, үхэр огодой, үлийн болон гэрийн цагаан оготно, чичүүл зэрэг мэрэгчдээс гадна хүн өвчилдөг. Өвчин үүсгэгчийг мэрэгчдийн дунд бүүрэг дамжуулдаг. Өвчин үүсгэгч нь бүүрэгний ходоод, мэрэгчдийн нүх, ноохой, газрын хөрс, хүйтэн чийгтэй нөхцөлд олон сарын турш амьдрах чадвартай.
Шууд хавьтлын замаар: Өвчилсөн амьтныг агнах, өвчих, арьс, маханд хүрэлцэхэд явцад мөн өвчтнийг асрах, сувилах, халдварлагдсан эд зүйлстэй хамгаалах өмсгөлгүй харьцах
Хоол боловсруулах замаар: Өвчилсөн тарваганы түүхий эд /мах, цөс, хүн мах, арьс гм/ болон дутуу боловсруулсан бүтээгдэхүүнийг хүнсэнд хэрэглэх
Агаар дуслын замаар: Нүх, ичээ ухах үед болон уушгины хэлбэрийн тахлаар, өвчилсөн хүнээс
Дам халдварын замаар: Мэрэгч амьтдын бөөс бүүрэгт хазуулах тохиолдолд халдвар дамжина.
Халдвар авснаас хойш шинж тэмдэг илрэх хугацаа нь хэдэн цагаас 6 хоног, дунджаар 2-3 хоног байна.
Шинж тэмдэг нь гэнэт өндөр халуурах, толгой хүчтэй өвдөх, эргэх, дотор муухайрах, бөөлжих, тайван бус болж, нойргүйтэх гэх мэт ерөнхий хордлогын шинжүүд илрэхээс гадна арьс салстаар халдвар авсан үед нян орсон хэсэгт улайж толбо гүвдрүү үүсэн, цусархаг шүүдэс бүхий цэврүү болох мөн булчирхай томорч хүчтэй эмзэглэх, өвдөх амьсгалын замаар халдвар авсан тохиолдолд гэнэт өндөр халуурч цээжээр өвдөх, амьсгаадах, цэртэй ханиалгах, цэр нь эхэн үедээ хөөсөрхөг, цусны судалтай гарч дараа нь цэвэр цусаар ханиалгах хоол боловсруулах замаар халдвар авсан үед хэвлий хэсгээр хүчтэй өвдөлт өгч бөөлжих, суулгах, заримдаа цусаар бөөлжих, суулгах шинжүүд илэрнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
|