Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/12-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын BTS хамтлагийнхан анх удаа амрахаар болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 8 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн поп урлагийн ертөнцөд цахиур хагалж байгаа Өмнөд Солонгосын BTS хамтлагийн гишүүд “уртасгасан хугацаагаар” амрах болсныг тус хамтлагийн менежмэнтийг хариуцдаг Big Hit Entertainment компани Ням гарагт зарлажээ.

Уг мэдэгдэлд хамтлагийн залуусыг амрахдаа “хорин хэдтэй залуу хүмүүсийн жирийн амьдралаар амьдарна” гэж тодотгосон байна.

Долоон гишүүнтэй BTS хамтлаг 2013 онд байгуулагдсан цагаасаа хойш албан ёсоор ганц ч удаа амралгүйгээр тасралтгүй ажилласан юм.

Тэд өнгөрсөн хугацаанд АНУ, Их Британийн топ жагсаалтад K-pop уран бүтээлчдээс анх удаа багтаж, Лос Анжелес, Парис, Лондонд дүүрэн үзэгчтэй тоглолтуудыг хийж чадсан. Өнгөрсөн онд солонгос уран бүтээлчдээс анх удаа “Love Yourself: Tear” цомгоо Биллбордын Шилдэг цомгийн жагсаалтад оруулж байв.

Хамтлагийг хэзээ уран бүтээлдээ эргэж орохыг Big Hit Entertainment мэдээлээгүй байна. Гэхдээ тэд аравдугаар сард Сөүл болон Саудын Арабын нийслэлд тоглолтоо үзүүлэхээр төлөвлөөд байгаа.

BTS хамтлаг Өмнөд Солонгосын эдийн засагт жилд $3.5 тэрбумын хувь нэмэр оруулж байгааг Hyundai Research Institute хүрээлэн тооцоолсон байдаг. Мөн Өмнөд Солонгост 2017 онд ирсэн 13 жуулчин тутмын нэг нь BTS хамтлагаас болж ирэх болсноо илэрхийлж байжээ.

 

Эх сурвалж: The Guardian