Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/24-НД НИЙТЛЭГДСЭН

Элэгний вирусийн шинжилгээ, тусламж үйлчилгээ үзүүлэх өдөрлөг Баасан гарагт Төв талбайд болно

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 7 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

"Дэлхийн хепатитийн өдөр"-ийг жил бүрийн долоодугаар сарын 28-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ өдрийг тохиолдуулан зохион байгуулах арга хэмжээний талаар холбогдох албаныхан болон эмч, мэргэжилтнүүд өнөөдөр мэдээлэл хийв. 

Манай улс "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн хүрээнд 2020 он гэхэд 

  • Хүн амын дунд вируст хепатитийн халдварын тархалтыг хязгаарлах, 
  • С вируст хепатитийн халдварын шинэ тохиолдлыг таслан зогсоох,
  • Вируст хепатитийн үүдэлтэй элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдрын шалтгаант нас баралтыг эрс бууруулах өндөр зорилт тавин ажиллаж байгаа билээ.
 
Гэрэл зургийг mpa.mn

"Манай улс 2015 оноос эхлэн 15-аас дээш насны иргэдийнхээ дунд элэгний В, С вирус илрүүлэх шинжилгээг үнэ төлбөргүй хийж эхэлсэн. Өнөөг хүртэлх хугацаанд элэгний В, С вирусийн шинжилгээнд эрүүл мэндийн даатгалтай 904,539 иргэн, эрүүл мэндийн даатгалгүй 40-50 мянган иргэн шинжилгээнд хамрагдсан байна. Мөн эмүүдийг хөнгөлөлттэй үнээр олгож эхэлсэн буюу "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн хүрээнд цогц арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна. Энэ нь ч үр дүнгээ өгч байгаа бөгөөд өнгөрсөн онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас элэгний өвчлөлтэй тэмцэж буй жишиг улсаар нэрлэгдсэн" хэмээн Эрүүл мэндийн яамны Хяналт шинжилгээ, дотоод аудитын газрын дарга Я.Амаржаргал хэллээ.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Тусламж үйлчилгээний газрын дарга Х.Сувд-Эрдэнэ "Иргэд элэгний В, С вирусийн илрүүлэх шинжилгээг харьяа өрх, дүүргийн эрүүл мэндийн төвд үнэ төлбөргүй өгнө. Шаардлагатай тохиолдолд идэвхжил тогтоох шинжилгээг нэр бүхий лаборатриудад өгөх бөгөөд төлбөр нь эрүүл мэндийн даатгалаас төлөгдөнө. Харин эмчилгээний тухайд В вирусийн эсрэг худалдааны нэршлээр ялгаатай 10 төрлийн эмийг 40-60 хувь хөнгөлүүлж авах бол С вирусийн эсрэг долоон нэршлийн эмээс зургааг нь 100 хувь хөнгөлөлтэй үнээр авах боломжтой. Харвони эм нь харьцангуй үнэ өндөртэй тул тодорхой хувийг даатгалаар хөнгөлж байна" хэмээв.

Дээр дурдсанчлан "Дэлхийн хепатитийн өдөр"-ийг тохиолдуулан долоодугаар сарын 28-нд болно. Энэ өдрийг угтан долоодугаар сарын 26-ны Баасан гарагт Д.Сүхбаатарын талбайд 11:00-16:00 цагт ЭМЯ-ны харьяа эрүүл мэндийн төвүүд болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд хамтран өдөрлөг зохион байгуулахаар болжээ. Өдөрлөгийн үеэр элэгний В, С вирусийн шинжилгээ, элэгний эхо, элэгний хатуурлын зэрэг тодорхойлох фиброскан үзлэг зэрэг эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд үнэ төлбөргүй үзүүлэх аж.

Хавдар судлалын үндэсний төвийн Бодлого, төлөвлөлт, хөгжил эрхэлсэн дэд захирал Л.Баярсайхан элэгний вирус илэрсэн тохиолдолд хавдар үүссэн эсэхийг тодорхойлох шинжилгээ заавал өгөх шаардлагатайг цохон тэмдэглэж байв. Тэрбээр "Элэгний вирус нь элэгний хатуурал, хавдрын гол шалтгаан болдог тул хавдар үүссэн эсэхийг заавал тогтоох ёстой. Тэгснээр зохих эмчилгээг эхлүүлнэ. Мөн вирусээ эмчлүүлсэн ч тухайн хүн насан туршийн хяналтад байх ёстой" гэлээ. 

Элэгний В вирусийн эсрэг сайн дурын дархлаажуулалтын тун тус бүр 5,000 төгрөгийн үнэтэй
 
Гэрэл зургийг Mpa.mn

Элэгний вирусээс хамгаалах нэг гол арга нь сайн дурын дархлаажуулалт юм. Сайн дурын дархлаажуулалтад хэрхэн хамрагдах талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал Д.Нямхүү "Элэгний В вирусийн эсрэг вакциныг насанд хүрсэн хүн гурван тун хийнэ. Нэгдүгээр тунг хийснээс нэг сарын дараа хоёрдугаар тунг хийлгэх бөгөөд гуравдахь тунг эхний тунгаас зургаан сарын дараа хийлгэдэг. Сайн дурын дархлаажуулалтад хамрагдаж буй иргэд гуравдах тунгаа цаг хугацаандаа хийлгэх нь үр дүнгээ өгнө" хэмээсэн юм. 

Улсын хэмжээнд энэ оны эхний зургаан сарын байдлаар элэгний В вирусийн эсрэг сайн дурын дархлаажуулалтад 27,738 хүн хамрагдсан байна. 

Төлбөрийн хувьд нэг тун бүр 5,000 төгрөг байх бөгөөд насанд хүрсэн хүн гурван тун вакциныг 15,000 төгрөгөөр хийлгэх юм. Хэрэв та элэгний вирусгүй нь шинжилгээгээр тогтоогдсон бол харьяа дүүргийн Эрүүл мэндийн төвд хандан вакцин хийлгэх боломжтой.

Түүнчлэн В вирус нь ахуйн замаар болон цусаар дамжин халдварладаг тул гоо сайхны шивээс хийлгэх, эмнэлэгт эрүүл мэндийн үйлчилгээ авах зэрэг тохиолдолд үйлчлүүлж буй газрынхаа багаж хэрэгслийг сайтар шалгаж байхыг ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү анхаарууллаа.