Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/10-НД НИЙТЛЭГДСЭН

Хөшигийн хөндийн 16.4 МВт-ын нарны ЦС-ын үйлдвэрлэл эхэллээ

Б.Жаргалмаа, IKON.MN
2019 оны 7 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг, Хөшигийн хөндийн 16.4 МВт-ын нарны цахилгаан үүсгүүрт станц үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлснээ мэдэгдлээ. 

"Тэнүүн гэрэл констракшн", Японы "Шарп Енержи Солюшнс Корпораци" болон Тайландын "Сермсанг Поуер Корпораци" хамтран гүйцэтгэж, ашиглалт оруулж буй энэхүү цахилгаан станц жилд 30,144,356 кв/цаг ногоон эрчим хүч үйлдвэрлэнэ гэсэн тооцоотой. 

Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлаас баруун өмнө зүгт таван км, төвийн цахилгаан дамжуулах сүлжээнээс 14 км-ын зайд байршаж байгаа нь уг станцын гол ач холбогдол. Учир нь энэхүү станц зөвхөн шинэ нисэх онгоцны буудлыг эрчим хүчээр хангаад зогсохгүй Монгол Улсын цахилгааны хэрэглээний 80%-ийг хангадаг төвийн шугамт эрчим хүч нийлүүлэх юм. 

“Хөшигийн хөндий 16.4 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай нарны цахилгаан үүсгүүрт станц” хэмээх  энэхүү төсөл нь Монгол-Япон улсын Засгийн газар хоорондын Нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэлийн хамтын ажиллагааны хүрээнд Хамтарсан кредит олгох механизмын санхүүжилтээр хэрэгжиж байгаа 6 дахь төсөл аж. Тодруулбал, Япон улс хүлэмжийн хий хамгийн их ялгаруулж буй орнуудын нэг болохын хувьд хөгжиж буй орнуудын ногоон, байгальд ээлтэй төслүүдийг санхүүжүүлж, дэмжих замаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хувь нэмрээ оруулдаг билээ. 

Тэгвэл энэхүү нарны цахилгаан станцын үйл ажиллагаа жигдэрснээр жилд 18,438 т/СО2-ыг бууруулан, 23 сая КВт.цаг эрчим хүчийг үйлдвэрлэн эрчим хүчний системд нийлүүлэх бүрэн боломжтой хэмээн тооцож байна. 

Монгол Улсын Засгийн газар 2030 он гэхэд нийт эрчим хүчнийхээ 30%-ийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрээр хангадаг болох, хүлэмжийн хийн ялгаралыг 2010 оны түвшнээс 14%-аар бууруулсан байхаар зорилт тавин ажиллаж буй. Тиймээс энэхүү төсөл нь уг зорилтод дөхөх нэг алхам болж байна.