Дэлхийн хивс, хивсэнцэр, шал, шаллагааны бүтээгдэхүүний загварын чиг хандлагыг тодорхойлдог DOMOTEX 2019 экспо 2019 оны 2 сарын 11-14-ний хооронд Германы Ханновер хотноо боллоо.
Дэлхийн үйлдвэрлэгчид хуран цугладаг энэхүү экспод үндэсний үйлдвэрлэгч “Эрдэнэт хивс” компани 18 дахь жилдээ амжилттай оролцоод иржээ. Энэ талаар тус компанийн дизайнер Д.Ганхүүтэй уулзаж ярилцлаа.
-”Эрдэнэт Хивс” компани DOMOTEX 2019 экспод оролцоод иржээ. Явсан газрын сонин сайхнаас ярихгүй юу?
-DOMOTEX бол дэлхийн шал, шаллагааны материалын хамгийн том үзэсгэлэн. Энэ экспо жилд дөрвөн удаа болдог. Герман, Шанхай, Турк, Америк зэрэг орнуудад зохион байгуулдаг. Хамгийн өргөн хэмжээнийх нь Германы Ханноверт болдог. Манайх 18 дахь жилдээ оролцож байна. Байнгын оролцогч байх шалтгаан нь дэлхийд Монгол бүтээгдэхүүнийг сурталчлахын сацуу харилцагчдаа олох, дэлхийн чиг хандлагатай хөл нийлүүлэх зорилготой. Тийм ч учраас гадны чиг хандлагыг дотоодын хэрэглэгч нарт таниулах мөн уламжлал шинэчлэлийг хослуулан шинэ дизайн хийхэд оршино. Тухайлбал, бид Монгол хээгээ шигтгэсэн абстракт чиглэлийн хивс гаргасан нь зах зээлд амжилттай борлуулагдаж байгаа. Өөрөөр хэлбэл дотоодынхоо хэрэглэгчдийн хандлага, хэв маягийг олон улстай нийлүүлэх зорилготойгоор ажиллаж байна.
-Экспод нийт хэчнээн улс оролцсон бэ?
-Дэлхийн 60 гаруй орны 1400 гаруй компани оролцдог гэсэн мэдээлэл бий. Харин тус экспог үзэх гэж 190 орчим орноос 45 мянган хүн ирдэг гэсэн судалгаа байдаг.
-Монгол улсаас ямар коллекциудаараа оролцсон бэ. Онцлог юу байв?
-”Эрдэнэт хивс” нийт 33 коллекцийн 220 орчим загвараар оролцсон. Бид энэ экспод гадны хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлагад тохирсон загваруудаа танилцуулдаг. Хамгийн өндөр нягтралтай “Атилла” брэнд дээр Ираны болон Туркийн зураачидтай хамтран классик загварын шинэ коллекц хийж оролцсон. Энэ нь хэрэглэгчдэд маш их таалагдаж байгаа. Мөн бид натурал өнгөөр хивс үйлдвэрлэж байгаа. Учир нь уг загварыг гадныхан илүү их сонирхдог. Япон, Германы харилцагчид илүүтэй сонгодог. “Чингис”, “Эрдэнэт”, брэндийн хивсүүдэд натурал өнгө голлодог.
“Хүннү” брэнд дээр Монгол үндэсний хээтэй модерн загвар хийж оролцсон нь бас шинэлэг байсан. Энэхүү үзэсгэлэнд тухайн жилийн хамгийн шилдэг загвар дизайныг л танилцуулдаг.
-Олон улсын хэрэглэгчдийн сонирхол манайхнаас хэр ялгаатай вэ?
-Их ялгаатай. Европын загварын чиг хандлага, Монголынхоос өөр. Европ чиг хандлага бол эд хогшил хуучрах тусмаа үнэд ордог гэдэгтэй адилхан хивсний загвар дээр ч тэр санаа нь туссан байдаг. Тэгэхээр хэрэглэгчид нь эртний, хуучин юм шиг харагддаг энгийн загвартай бүтээгдэхүүнүүдэд илүү сонирхолтой. Тэр нь өөрсдийнх нь хивсний дизайнаас харагддаг.
Ер нь бол хийсвэр сэтгэлгээний чөлөөт загварт дуртай. Классик загварыг бас сонирхох ч тэдний сонирхдог классик нь ихэвчлэн Иран, Турк загваруудад байдаг. Монголчуудын хувьд бэлгэдлээ боддог учраас хуучны мэт загварыг сонирхох нь бага.
-Экспогоос харсан сонин содон зүйл юу байв?
-Маш нарийн ширхэгтэй элсийг газар асгаж тараагаад, түүн дээрээ гутлын улыг дарж, хивсний хээ зурж байсан нь хүмүүсийн анхаарлыг ихэд татаж байсан.
-Манайх шиг 100 хувийн ноосон хивс үйлдвэрлэдэг улс орон хэр их байдаг вэ?
-Яг 100 хувийн ноосон хивс үйлдвэрлэдэг улс цөөхөн. Дэлхийн зах зээл дээр ноосон хивс үйлдвэрлэгчид бүгд л “Эрдэнэт хивс”-ийг мэддэг.
-Экспод манай хивсийг гадныхан хэр сонирхсон бэ?
-Их сонирхсон. Манайх жил болгон тэндээс гадны харилцагчдаа олдог. Өнөөдрийг хүртэлх хугацаанд “Эрдэнэт хивс” олон улсын чанартай 50 орчим үзэсгэлэн худалдаанд бүтээгдэхүүнээ сурталчилж, гадаадын 42 гаруй орны 300 орчим компанитай холбоо тогтоож чадсан байна.
-Нийт борлуулалтынхаа хэчнээн хувийг экспортолж байна?
-Манай компани нь урын сандаа 3000 гаруй загвартай бөгөөд дотоодын хивс хивсэн бүтээгдэхүүний хэрэгцээний 95 хувийг дангаараа хангадаг.
Нийт борлуулалтынхаа 20 орчим хувийг Япон, Герман, Хятад, Австрали Испани, Иордан, Катар, Казахстан, ОХУ Австрали, Швед зэрэг гадаадын 20 гаруй улсад экспортолдог.
2001 оноос Монгол Улсаа төлөөлөн гадаад зах зээлээ тэлэх, бүтээгдэхүүнээ сурталчлах, дэлхийн хивсний хөгжлийн чиг хандлагыг судлах зорилгоор жил бүр Герман, Хятад, Япон,ОХУ, Казакстан зэрэг орнуудад зохиогддог хивсний төрөлжсөн олон улсын үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцсон. 2007 оноос Монгол ноосыг байгалийн өнгөөр нь ялгаж, ямар ч будаг, химийн боловсруулалт хийлгүй натурал өнгөөр нь үйлдвэрлэн зах зээлд нийлүүлсэн нь олон орны хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бөгөөд байгалийн өнгөтэй хивсний 200 гаруй загварыг Япон, Герман, ОХУ, Хятад зэрэг орнуудад амжилттай борлуулж байна.
-Таны ярианаас дэлхий нийтийн хивсний чиг хандлага натурал өнгө рүү явж байна гэж ойлголоо?
-Тийм ээ. Дэлхий нийт химийн будаг найрлага аль болох багатай бүтээгдэхүүн сонирхдог. Натурал өнгө гэдэг нь хониныхоо өнгөөр байгаа ноос гэсэн үг. Тиймээс хүссэн өнгө гарах боломж бага. Илүүтэй ууссан саарал өнгө гардаг. Тэр өнгөнд хэрэглэгчид илүүтэй дурлаж, сонгож байна. Мөн загварын хувьд абстракт хуучирсан мэт энгийн загварууд голлож байна.
Дэлхий нийтийн дийлэнх хивс хиймэл ширхэгт учраас хивсэн дээр хүссэнээрээ дизайны тоглолт хийж байна. Тухайлбал, 3D загварын хивсүүд нэхэхэд тухайн утасны шинж чанараас их хамаардаг. Жишээ нь хивс машинаас нэхэгдэж гараад халуун ууранд орохоор зарим утас нь агшдаг. Тиймээс ноосон утсаар хивсний гадаргуу дээр янз бүрийн 3D хээ үүсгэх боломж муу. Харин хиймэл утсаар яаж л бол яаж дизайн хийж болдог.
Гэсэн ч манай “Аттила” брэндийн хивсийг тухайн нэхмэлийн машины онцлогоос хамаарч 3D хээг Loop буюу гогцоогоор үүсгэж нэхдэг. Энэ нь манай бас нэг давуу тал гэж хэлж болно.
Гэхдээ энэ жил манай компани хиймэл ширхэгтийг ноосон утастай хоршуулж, шинэ түүхий эдийн онцлогийг ашиглан шинэ дизайны туршилт хийхээр төлөвлөж байгаа.
-Дизайн болон чанарын хувьд манай хивс бусад орныхоос юугаараа ялгаатай вэ?
-Мэдээж 100 хувийн хонины ноосон хивс гэдгээрээ давуу талтай. Дэлхий нийтэд ноос өндөр үнэтэй учир хиймэл ширхэгтийг хивсэнд түлхүү хэрэглэж байна.
Дизайны хувьд сүүлийн хэдэн жилд Ираны зураачидтай хамтран “Атилла” брэнд дээр классик хээтэй загварыг хийж байгаа. Ноосон хивсэн дээр нарийн хээ гаргаж болдгийг бүтээгдэхүүнээрээ харуулж буй нь “Эрдэнэт хивс”-ийн нэг давуу тал юм болов уу. Гэтэл гадны туршлагаар бол классик хээг хиймэл ширхэгтээр ихэвчлэн хийдэг. Учир нь ноосон утсаар тийм нарийн утас хийгээд хээ дүрсээ тод нарийвчлалтай гаргах боломж бага шүү дээ.
-Манай хэрэглэгчид сүүлийн үед ямар дизайнтай хивсийг илүүтэй сонирхож байна?
-Дийлэнх нь задгай хээтэй загварыг сонирхох болсон. Сүүлийн үеийн байрууд бага метр.кв-тай учир хүмүүс задгай хээг чухалчилдаг. Учир нь хуучны дөрвөлжин хүрээтэй загварууд тухайн айлыг зайг багасгаж харуулдаг.
-Тансаг хэрэглээг чухалчилдаг хүмүүст ямар коллекцийг зөвлөх вэ?
-”Атилла” брэндийн “Миллениум”, “Мустанг” загваруудыг санал болгоно.
-Ярилцсанд баярлалаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!