Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/02-НД НИЙТЛЭГДСЭН

"13 дугаар сургуулийн шинэ өргөтгөлд хөгжлийн бэрхшээлтэй сурагчдад зориулсан орчинг бүрдүүлнэ"

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 7 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас 2019 онд 603 төсөл арга хэмжээнд 616.3 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Үүнээс 18 төсөл нь Баянгол дүүрэгт хэрэгжиж байна. Өмнө нь 114-р цэцэрлэг болон “Эрдмийн өргөө” цогцолборын өргөтгөлийн явцын тухай мэдээллийг хүргэсэн бол энэ удаад Улсын тэргүүний 13 дугаар сургуулийн өргөтгөлийн ажлын талаар сурвалжиллаа. 

Барилгын талбарт очиход ажилчид цахилгааны монтажуудаа шалгах, ангиудын хаалгыг суурилуулах зэрэг ажил хийж байв. Нийтдээ 1.5 тэрбумын өртгөөр баригдаж буй өргөтгөлийн ажил 90 хувьтай байгааг “Дорнын өргөө” ХХК-ийн Засал хариуцсан инженер Б.Нина хэллээ. Тэрбээр  “Барилгын ажил цаг тухайдаа хийгдсэн. Будагны хоёрдугаар үеэ саяхан хийж дууссан бөгөөд хулдаасаа нааснаар ашиглалтад оруулахад бараг бэлэн болно. Өөрөөр хэлбэл, наадмын дараа хүлээлгэж өгөх төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаа” гэв. 

Харин өргөтгөл барихад  тулгарсан бэрхшээлийн тухайд инженер Б.Нина хэлэхдээ хуучны барилга тул зураг төсөл нь олдоогүйн улмаас цахилгаан, сантехникийн холболтуудыг хийхэд өөрсдөө хайж олох хэрэгтэй болсон тухайгаа ярьж байв. 

40 жилийн нүүр үзсэн хичээлийн нэгдүгээр байрны А, Б блокийг өргөтгөжээ

13 дугаар сургуулийн хичээлийн нэгдүгээр байр 1979 онд ашиглалтад орж, сурагчдаа хүлээн авснаас хойш 40 жил өнгөрчээ. Ийнхүү олон жил болсон барилгын дээврээс дусаал гоожих асуудал тулгарч байсан тул хоёр жилийн өмнө дээврийн их засвар хийсэн байна. Ингэснээр ашиглаж чадахгүй байсан зарим ангийг ашиглах боломжтой болсон талаараа сургуулийн захирал С.Энхтуяа хэлсэн юм. 

Түүнчлэн тэрбээр “Мэргэжлийн байгууллагуудаар үнэлгээ хийлгэж, даац хүрнэ гэж дүгнэгдсэн А, Б блокдоо нэмэлт давхар буюу өргөтгөл барьж байна. Өргөтгөлийн ажлыг “Дорнын өргөө” ХХК цаг хугацаандаа хийж гүйцэтгэж байгаагийн дээр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд сургуулийн гадна талбайн тохижилт, гэрэлтүүлэг нэмж хийхээр болсонд талархаж байна” гэв.

Мөн өргөтгөл барихад сургуулийн үндсэн шитийн хүчин чадал хүрэхээргүй байсан тул шат шатны байгууллагад уламжилснаар шитээ сольж, чадлыг нь нэмэгдүүлжээ. Ийнхүү 80 жилийн ойтойгоо энэ онд золгож буй 13 дугаар сургууль ирэх хичээлийн жилд шинэ өргөтгөлийн байртайгаар угтах нь. Өргөтгөл нь 11 анги танхим, багш нарын өрөө, ариун цэврийн өрөө бүхий 1,600 м.кв талбайтай аж.

С.Энхтуяа: Хөгжлийн бэрхшээлтэй сурагчдадаа ээлтэй орчныг бүрдүүлнэ

 

2018-2019 оны хичээлийн жилд тус сургуулийн 78 бүлэгт 2,678 сурагч суралцжээ. Үүний долоо нь хөгжлийн бэрхшээлтэй болон хөгжлийн ялгаатай сурагч юм. 13 дугаар сургуулийн захирал С.Энхтуяа “Шинэ өргөтгөлд хөгжлийн бэрхшээлтэй сурагчид зориулсан ариун цэврийн өрөө, сургуулийн төв үүдэнд тэргэнцэртэй иргэн явах боломжтой налуу хэсгийг тохижуулж байгуулна. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй сурагчдадаа ээлтэй орчинг бүрдүүлнэ” хэмээлээ. 

Газрын маргааныг шийдвэрлүүлснээр 5,600 м.кв газарт биеийн тамирын талбай байгуулна

13 дугаар сургууль сүүлийн арваад жил газрын маргаантай байжээ. Тухайлбал, сургуулийн урд хэсэг болон баруун урд хэсгийг хувь иргэдэд алдсан тул шүүхээр шийдүүлж, 5,600 м.кв талбайд шинээр кадастрын зураг хийлгэн гэрчилгээгээ авахаар болсон байна. Албан ёсоор баталгаажуулан авч буй тус талбайдаа багш нар нь биеийн тамирын талбай байгуулахаар 80 сая төгрөгийн төсөл бичин, санхүүжилтээ шийдүүлсэн аж.