Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Мөнхбат: Баянгол дүүргийн 114 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийг наймдугаар сарын 1-нд хүлээлгэн өгнө

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 6 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Баянгол дүүргийн V, VI хороонд цэцэрлэгийн насны 1,000 гаруй хүүхэд бий. Тэдний 30 хувь нь энэ жил цэцэрлэгт хамрагдаж чадалгүй үлджээ. Энэ төрх бусад газарт ч давтагддаг. Өөрөөр хэлбэл, цэцэрлэгийн насны хүүхдүүд жилээс жилд нэмэгдэж байгаа ч цэцэрлэгийн хүчин чадал дүйх хэмжээнд нь хүрч өсөөгүй гэхэд болно.

Тиймээс цэцэрлэгийн хүчин чадал, хүртээмжийг нэмэгдүүлэхээр 2019-2020 онд шинээр 174 цэцэрлэг ашиглалтад оруулахаар төлөвлөж буй тухай Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас мэдээлсэн юм. Үүнээс 29 цэцэрлэгийн барилгыг шинэ хичээлийн жил эхлэхээс өмнө ашиглалтад оруулан, багачуудаа хүлээн авна.

Тухайлбал, 114 дүгээр цэцэрлэгт өргөтгөл барьснаар 150 хүүхдийг цэцэрлэгт сургах боломжтой болно. Өргөтгөлийн гүйцэтгэгчээр "Зөөлөн эхийн сэтгэл" ХХК ажиллаж байгаа бөгөөд наймдугаар сарын 1-нд хүлээлгэн өгөхөөр төлөвлөснөө тус компанийн ерөнхий инженер Н.Мөнхбат хэлэв.

Тус өргөтгөлийн барилгын ажил хэрхэн явагдаж буйг сурвалжиллаа.

114 дүгээр цэцэрлэгийн нягтлан бодогч Т.Амгалан “Баянгол дүүргийн VI хорооны хүүхдүүд 114 болон 98 дугаар цэцэрлэгт суралцаж байна. Хэдийгээр хоёр цэцэрлэгт хүүхдүүдээ хуваан суралцуулж байгаа ч хамран сургах тойргийнхоо нийт хүүхдийн 70 хувийг сургаж байна. Өргөтгөл баригдсанаар 80 гаруй хувь нь цэцэрлэгт суралцах боломжтой болно” гэлээ. 

Уг цэцэрлэгийн өргөтгөлийн барилга зоорьтой хоёр давхар байх бөгөөд зоорийн давхарт нь цагаан хэрэглэл угаах өрөө, чийрэгжүүлэлтийн танхим болон архивын өрөө байх ажээ. Харин давхар бүрийн талбай нь 578 м.кв юм.

Өргөтгөлийг барьж буй “Зөөлөн эхийн сахиус” ХХК-ийн ерөнхий инженер Н.Мөнхбат “Барилгын ажил графикийнхаа дагуу хийгдэж байгаа. Карказ, зоорийн давхрын өрлөгөө бүрэн дуусгасан бөгөөд одоогоор нэг болон хоёрдугаар давхрын өрлөгөө хийж байна. Барилгын ажлын санхүүжилт цаг тухайдаа орж байгаа учраас эдийн засгийн хувьд ямар нэг асуудалгүй.

Гэвч үүсэж буй нэг хүндрэл нь барилгаа шугам сүлжээнд холбохын тулд хажуугийн гараашийг нураах, холболт хийсний дараагаар эргүүлэн барьж өгөх ёстой болж байна. Мөн зоорийн давхар дах угаалгын өрөөний бохирын холболт хийх түвшин нь таарахгүй байгаа тул техникийн нөхцлөө дахин үнэлгээ хийлгэхээр болсон" гэв.