Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/16-НД НИЙТЛЭГДСЭН

Лүн суманд үер буух үеэр алга болсон дөрвөн настай охины цогцсыг олжээ

ikon.mn
2019 оны 6 сарын 16
iKon.MN
Зураг зураг

- Онцгой байдлын Ерөнхий газраас мэдээлж байна -

 2019 оны 6 дугаар  сарын 15-ны өдөр аадар бороо орж Говь-Алтай аймгийн Тайшир, Төв аймгийн Лүн суманд  үер бууж, үерийн улмаас автозам усанд автаж, иргэд усанд боогдсон  дуудлагаар дээрх аймгуудын Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллан, 13 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

Тухайлбал, Төв аймгийн Лүн сумын нутгаар орсон түр зуурын хүчтэй борооны улмаас үер бууж,  Улаанбаатар хотоос Лүн сумын чиглэлийн улсын чанартай 110-113 дахь км-т  хатуу хучилттай автозамын зорчих хэсэг их хэмжээний усанд автаж, Баянхангай сумын иргэн Ц /4 настай эмэгтэй/ сураггүй болсон дуудлагаар /2019.06.15-ны өдрийн 17:30 цагт/ тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Н.Төмөрбаатараар ахлуулсан 20 алба хаагч, 3 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, иргэн Ц/4 настай эмэгтэй/-ын цогцсыг олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

 

Түүнчлэн Улаанбаатар хотоос Төв аймгийн Лүн сумын чиглэлийн А0301 замын 110-113 дугаар км-т автозамын зорчих хэсэгт их хэмжээний ус урсаж, замын байгууламжид эвдрэл үүсэж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг явуулах боломжгүй байгаа тул Тээврийн цагдаагийн албанаас тухайн хэсэгт автомашины хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлалаа.

Мөн Төв аймгийн Лүн сумын Цагаан-Уул багийн “Зэгэс” гэдэг газар иргэн Т-ын гэр усанд автаж, 8 хүн /5 том хүн, 3 хүүхэд/ усанд боогдсон тухай дуудлагаар /2019.06.15-ны өдрийн 21:52 цагт/ тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 2 автомашинтайгаар ажиллаж, иргэдийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлж аюулгүй болголоо.

 Говь-Алтай аймгийн Тайшир суманд 06 дугаар сарын 15-ны өдрийн 22:40 цагт орсон түр зуурын хүчтэй борооны улмаас малчин М, Б, Т нарын 3 гэр усанд автаж, 5 иргэн /2 том хүн, 3 хүүхэд/ усанд боогдсон гэсэн дуудлагаар /2019.06.16.-ны өдрийн 01:23 цагт/  тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, 1 автомашинтайгаар ажиллаж, 5 иргэн, 3 гэрийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлэн, аюулгүй болгоод байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.