Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/14-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Тунгалаг: Хүмүүс байгалийн гаралтай л бол органик хүнс гэж буруу ойлгодог

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 6 сарын 14
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн Хөдөө аж ахуйн газраас Органик хүнсний тухай хууль,түүний хэрэгжилтийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас Органик хүнсний тухай хууль тогтоомжийг олон нийтэд таниулах, сурталчлах, хэрэгжилтийг сайжруулах зорилгоор "Алсыг харъя-Органикийг сонгоё" сарын аяныг өнгөрсөн сарын 15-наас эхлэн зохион байгуулжээ.

Тус аяны хүрээнд улсын хэмжээнд зах зээлд худалдаалагдаж буй "органик", "байгалийн цэвэр", " байгалийн гаралтай цэвэр" гэсэн мэдэгдэл, шошготой дотоодын болон импортын 9,300 төрлийн хүнсний бүтээгдэхүүнд тандалт судалгаа хийжээ.

Тандалт судалгаагаар дотоодын үйлдвэрийн хүнсний бүтээгдэхүүний 38.9 хувь нь Органик хүнсний тухай хууль тогтоомжийг зөрчсөн шошготой, импортын хүнсний буюу 35.7 хувь нь тухайн импортлогч улсын баталгаажуулалтын тэмдэгтэй боловч "Органик хүнсний бүртгэл мэдээлэл"-д бүртгүүлээгүй байсан учир 200 орчим аж ахуйн нэгжид зөрчлийг арилгах талаар хугацаатай албан шаардлага хүргүүлсэн байна.

Хүнсний бүтээгдэхүүндээ органик, байгалийн цэвэр гаралтай гэсэн тэмдэглэгээг хийсэн л бол хуулийг дагаж мөрдөх ёстой
 
Гэрэл зургийг mpa.mn

ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Д.Тунгалаг "Сүүлийн жилүүдэд органик гэдэг нь зүгээр л маркетингийн ач холбогдолтой үг болжээ. Байгалийн гаралтай л бол органик хүнс гэж буруу хүмүүс ойлгодог. Гэвч органик бүтээгдэхүүнд технологийн маш нарийн шаардлага тавигддаг. Тухайн газрын хөрсний эрүүл байдал, хөрсөнд амьдарч буй ашигтай бичил биетүүд болон ус, агаарын цэвэр байдлаас хамааран гарч буй хүнсний бүтээгдэхүүнийг органик гэж нэрлэдэг. 

Хүнс үйлдвэрлэгчид бүгд органик хүнсний үйлдвэр эрхлэх боломжгүй ч хэрвээ тухайн хүнсний бүтээгдэхүүнийхээ шошго дээр органик, байгалийн цэвэр, байгалийн гаралтай цэвэр гэсэн тэмдэглэгээг хийсэн тохиолдолд зайлшгүй Органик хүнсний тухай хуулийг дагаж мөрдөх ёстой. Тухайлбал, органик мал аж ахуй үйлдвэрлэл эрхэлж буй хүн малдаа ямар ч антибиотик хэрэглэж болохгүй.

Үнэхээр хэрэглэх шаардлагатай бол малын эмчийн хяналтанд, зөвхөн журамд заасан бэлдмэлийг өгөх хэрэгтэй. Газар тариалангийн хувьд ямарч тохиолдолд химийн бордоо хэрэглэж болохгүйгээс гадна Монгол Улсын байгаль орчны тухай бүх хуулийг чанд мөрдөж ажиллах ёстой байдаг.

Хуулиар бүтээгдэхүүн дээрээ дээрх гурван нэр төрлийн шошгыг тавихын тулд заавал органик хүнсний тухай хуулийг дагалдаж гарч байгаа дүрэм журмыг мөрдөж, хөндлөнгийн байгууллагаар баталгаажуулсан байх ёстой. Тэгж байж энэ тэмдэг тэмдэглэгээтэй бүтээгдэхүүнээ зах зээлд худалдаалах эрхтэй болно. Үгүй бол Органик хүнсний тухай хууль, Зөрчлийн тухай хуулийг зөрчөөд зах зээл дээр борлуулалт хийж байна гэсэн үг. Үүний эсрэг төрийн байгууллагууд, үйлдвэрлэгч, хэрэглэгчид зайлшгүй тэмцэх шаардлагатай" гэлээ. 

Мөн өнгөрсөн сарын 29-ний өөр "Органик хөгжил" ХББ Органик хүнсний бүртгэл мэдээллийн санд бүртгүүлсэн нь хамтын баталгаажуулалтын анхны байгууллага болжээ.  

 Албан ёсоор баталгаажуулалт хийдэг, үйлдвэрлэгчдэд хамгийн ойр үйл ажиллагаа явуулах нь энэ байгууллага
 
Гэрэл зургийг mpa.mn

Тус байгууллагын талаар үйл ажиллагааны талаар  "Органик хөгжил" ХББ-ын эрх бүхий төлөөлөгч Ш.Будсүрэн "Хамтын баталгаажуулалтын байгууллага нь хуулийн хүрээнд гурван төрлөөр баталгаажуулах арга зам бий. Түүний нэг төрөл буюу харилцан итгэлцэлд тулгуурсан сайн дурын үндсэн дээрээс үүсдэг. Манай байгууллагад сайн дурын үндсэн дэээр нэгдсэн учраас үүнд ашиг сонирхлын ямар нэг зөрчил байхгүй.

Хууль батлагдаад хоёр жилийн нүүрийг үзсэн. Гэхдээ энэ хууль батлагдахаас өмнө худалдаа аж үйлдвэрийн танхимд органик хүнсний баталгаажуулалтыг олдог байсан. Харин одоо албан ёсоор баталгаажуулалт хийдэг, үйлдвэрлэгчдэд хамгийн ойр үйл ажиллагаа явуулах нь энэ байгууллага болно. Хамтын баталгаажуулалтын байгуулага бий болсноор тухайн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн явцдаа яг органик гэсэн шаардлагад нийцэж буй эсэхийг хянаж баталгаажуулна гэсэн үг юм" гэж ярилаа. 

Монгол Улсын Их хурлаас 2016 онд "Органик хүнсний тухай" хуулийг 2018 онд дөрвөн журам, нэг аргачлал, нэг хэрэглэх бодисын жагсаалтын төслийг Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт давхардсан тоогооор 500 гаруй удаагийн танхимын хэлэлцүүлгийг зохион байгуулж Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын 208 оны А-09, А-180 дугаар тушаалаар тус тус батлуулсан байдаг. 

"Алсыг харъя-Органикийг сонгоё" аяны хүрээнд Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт органик хүнс, өдөө аж ахуйн салбарын эрх зүй хамтын баталгаажуулалт, органик болохыг гэрчлэх тэмдэгийн хэрэглээтэй холбоотой нийт есөн удаагийн сургалтыг зохион байгуулж, 400 гаруй үйлдвэрлэгч, хэрэглэгчдийг хамруулж ажиллажээ.