Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/11-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Монгол: Барилга дээр осол гарч, хүн хүнд гэмтчихээд байхад хохирогчоос мэдүүлэг аваагүй, хэрэг ч үүсгээгүй байна

А.Намуун, iKon.mn
2019 оны 6 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

100 айл орчимд "Рапид архитектур констракшн”-ын барьж буй таван давхар барилгаас мужаанаар ажиллаж байсан н.Хүрэлсүх унаж, бэртсэн осол тавдугаар сарын 19-ний өдөр гарчээ. "Хагалгаа амжилттай болсон ч хүүгийн минь биеийн байдал хүнд байгаа. Уушгиндаа цус хурсан, элэг бяцарсан, нэг хөл нь мэдээгүй болсон, дотуур эрхтэнд ихээхэн гэмтэл үүссэн” хэмээн хохирогчийн ээж Д.Долгор ярьж байв.

Осол гараад нэлээд хэдэн өдөр өнгөрсөн ч ажиллаж байсан байгууллагаас нь түүний аавтай нэг удаа ирж уулзахдаа хэвлэлд ямар нэг мэдээлэл өгч болохгүй, хэрэв өгвөл хүүгийнх нь эмчилгээний зардлыг төлөхгүй гэжээ. Гэвч үүнээс хойших хугацаанд тус компаниас дахин төлөөлөл уулзаагүй, хуулийн байгууллагаас хэрэг үүсгээгүй аж. Тиймээс ар гэрийнхэн нь өнөөдөр өмгөөлөгч Ц.Монголын хамтаар мэдээлэл хийлээ. 

Өмгөөлөгч Ц.Монгол “Хуулийн дагуу барилга гүйцэтгэгч компани хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Гэвч таван давхар барилга барьж байгаа хэр нь хамгаалалтын тор ч татаагүй байгаа. Осол гараад 20-иод хоног өнгөрч байхад нэг ч удаа шинжээчийн дүгнэлт гаргаагүй, хохирогчоос мэдүүлэг аваагүй. Ном ёсоороо бол хохирогчоос мэдүүлэг авч, гэмтлийн зэргийг нь тогтоон, хэрэг үүсгэн шалгах ёстой. Гэтэл одоо болтол хэрэг үүсгээгүй” гэлээ. 

Хохирогч н.Хүрэлсүхийн ээж Д.Долгор “Сүүлийн жилүүдэд барилгын салбарт аюулгүй байдлаа хангахгүйгээс үүдэн олон сайхан залуу гэмтэж бэртэн, амь насаа алдаж байна. Хүү минь хоёр нялх хүүхэдтэй. Том нь гурван настай, бага нь ой зургаан сартай бөгөөд эхнэр нь хүүхдүүдээ хардаг. Гэр бүлийнхээ хамт хөгшин эцэг, эхээ авч явж буй ганц хүн нь. Гэтэл одоо дахин хөдөлмөр эрхлэх чадваргүй боллоо. Аюулгүй ажиллах орчныг бүрдүүлээгүй компанид үнэхээр гомдолтой байна” гэлээ.