Засгийн газраас Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.6 км төмөр замын ажлыг эхлүүлэх болсон тухайгаа мэдэгдсэн. Мөн энэхүү ажилд цэргийн алба хаагчдыг дайчлах болсныг ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан мэдэгдсэн билээ. Уг ажил энэ сарын 24-нөөс албан ёсоор эхлэхээр болсон байна.
Хилтэй илүү ойр Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замыг эхлээд барих байтал Зүүнбаян чиглэлийнхийг барихаар боллоо гэх шүүмжлэл бий.
Энэ шүүмжлэлд ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар “Олборлосон нүүрсээ хэд хэдэн худалдаалах цэгт хүргэж, тэр хэрээрээ хэд хэдэн худалдан авагчтай болохыг л зориод байгаа. Товчхондоо Монголын уул уурхайн баялгийг далайн боомтод хүргэж, тэндээсээ дэлхийн зах зээлд гаргах л бидний зорилт юм.
Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын дотоод тээвэрлэлтийн ашгаас $8 дотоодод үлдэж байгаа бол Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар нүүрсээ тээвэрлэснээр $20 тээвэрлэлтийн ашиг дотоодол үлдэх юм.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажлыг энэ оны тавдугаар сард эхлээд 2020 онд дуусгахаар төлөвлөж байгаа. Төмөр зам барихад үндсэн долоон ажил бий. Үүнд:
Эдгээрээс хамгийн эхний буюу газар шорооны ажлыг ЗХЖШ-ын тусламжтайгаар гүйцэтгэх гэж байгаа. Дээд цогцос тавих, дохиолол холбооны ажлыг УБТЗ-ынхан гүйцэтгэх бол бусад ажлыг дотоодын компаниудын дунд тендер зарлан шийдвэрлэнэ.
36 мянган м3 газар шорооны ажил хийгдэнэ. ЗХЖШ-ынхан болон туслан гүйцэтгэгч компаниуд энэ ажлыг хийх юм” гэлээ.
Төмөр замын бүтээн байгуулалтад цэргүүдийг дайчлахаар болсон нь зарим талаар шүүмжлэл дагуулдаг. Энэ талаар ЗХЖШ-ын дарга, генерал А.Ганбат “Төмөр замын ажлыг цэргүүдээр хийлгэж байгаа нь цоо шинэ зүйл биш юм. ОХУ, БНХАУ-д төмөр зам, бүтээн байгуулалтын чиг үүрэгтэй цэргийн корпус байдаг. Зөвхөн манай хоёр хөршид л энэ чиглэлийн цэргийн анги байдаг гэж ойлгож байж магад. Манай хоёр хөршөөс гадна АНУ-ын армид бүхэл бүтэн инженерийн корпус байна.
Монгол Улсын Зэвсэгт хүчний тухайд төмөр замын бүтээн байгуулалтад зургаан рот ажиллуулахаар бэлтгэж байгаагаас одоогоор нь хоёр нь бэлэн болоод байгаа. Энд нэг зүйлийг тодруулж хэлэхэд, хугацаат цэргүүдээр газар шорооны ажил хийлгэх гэж байгаа гэсэн ойлголт олон нийтийн дунд байна.
Мэргэжлийн бус цэргүүд очоод төмөр зам барих юм шиг ойлгогдоод байгаа. Цэргүүд газар шорооны ажлаас гадна төмөр замын ус зайлуулах хоолойн хэв хашмал хийх юм. Бидэндтэй мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн зөвлөх, туслан гүйцэтгэх багууд хамтран ажиллана” гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!