Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Халиунаа: “Тооны чөтгөр” тооны хичээлийн талаарх ойлголтыг өөрчилж чадах ном

МОНСУДАР
2019 оны 4 сарын 10
Монсудар
Зураг зураг

Дөнгөж саяхан хэвлэгдэж, худалдаанд гараад буй, нэр, хавтас, дизайнаасаа эхлээд сонирхол татах “Тооны чөтгөр” хэмээх номыг Монсудар хэвлэлийн газрын Сурах-сургах хэрэглэгдэхүүний редакцын орчуулагч, редактор Б.Халиунаа орчуулжээ. Ингээд түүнтэй хийсэн сонирхолтой ярилцлагыг хүргэе. 

- Тооны чөтгөр номын танилцуулга дээр хүүхдийн уран зохиол гэсэн атал бас сургалтын хэрэглэгдэхүүн гээд биччихсэн байна лээ. Яагаад тэгж хоёр өөр ангилал тавьчихсан юм бэ? 

-“Тооны чөтгөр” ном маань хүүхдийн уран зохиолын ном боловч математик дээр тулгуурласан. Уламжлалт бус аргаар хүүхдүүдэд математикийг зааж өгч байгаа. Хөгжилтэй хөөрхөн түүхээр хачирласан математикийн ном учраас сургалтын хэрэглэгдэхүүн ангилалд бас оруулсан.

- Танай редакц энэ номыг яагаад эрхлэн гаргах болов?

- Манай редакц сургалтын хэрэглэгдэхүүн эрхлэн гаргадаг. Харин “Тооны чөтгөр” ном бол өмнө хэлсэнчлэн хүүхдийн уран зохиол боловч мөн математикийн агуулгатай. Маш сонирхолтой аргаар математикийн олон ойлголтыг тайлбарладаг. Тиймээс сургалтын хэрэглэгдэхүүн болгон ашиглах боломжтой гэж үзээд бид эрхлэн гаргахаар болсон. Түүнээс гадна энэ ном нь 26 хэлнээ орчуулагдсан, олон шагнал авсан, дэлхийн хүүхдүүдийн төдийгүй математик сонирхдог болон бүр математикт дургүй хүмүүсийн ч сонирхож авдаг ном. Энэ номын жишээгээр математикийг заах, ярих бидний яриа багахан ч өөрчлөгдөх болов уу хэмээн найдаж бид энэ номыг эрхлэн гаргасан.

- Энэ математикаас айдаг хүүхдүүдэд зориулсан ном гэл үү уг нь?

- Хэдийгээр номын хавтас дээрээ математикаас айдаг хүн бүрт зориулсан гээд биччихсэн боловч айдаг нь ч унших, дуртай нь унших ном. Математикаас айдаг, залхсан, уйтгартай гэж боддог хүүхдүүд уншвал тэдний математикийн талаарх ойлголтыг жаахан ч болов өөрчлөх талтай. Түүнчлэн математикийн мэдлэг минь хэр билээ гэж эргэлзэж байгаа насанд хүрэгчид ч уншиж болно. “Тооны чөтгөр”- ийг уншсан насанд хүрэгчдийн сэтгэл ч мөн хөдлөх болно. Математикт дуртай, сонирхон судалдаг хүмүүс уншвал бүр ч амттай байх болно доо.  

- Энэ номд юуны тухай өгүүлдэг вэ?

 

- Математикт үнэхээр дургүй Роберт хүү болон зүүдэнд нь ирж математик заах тооны чөтгөр хоёрын талаар өгүүлнэ. Зүүдэндээ хүртэл үнэн голоосоо дургүй математикийг үзнэ гэхээс Роберт эхэндээ маш их дургүйцдэг ч тооны чөтгөр түүнийг арван хоёр шөнийн турш зүүдэнд нь илбэ шидийн ертөнцөөр аялуулж, төгсгөлгүй тоо, анхны тоо, фибоначчийн дараалал, алтан харьцаа зэрэг математикийн гайхамшгийг харуулдаг. Уншигчид ч бас манай хоёр баатартай хамт тооны ертөнцөөр аялаж, их зүйл сурах болно. 

- Орчуулж байхад чинь ямар сэтгэгдэл төрөв?  

- Надад ч бас математикийг ингэж тайлбарлаад өгөх тооны чөтгөр байсан ч болоосой гэж бодож байлаа. Сургуульд байсан үеэ эргээд бодоход учир шалтгааныг нь ойлголгүй ингэж хийх ёстой гэж бодоод л шууд хийчихдэг байсан. Гэтэл учир шалтгааныг нь амьдралд ойр зүйлстэй холбоод тайлбарлаад өгөхөөр өөрийн эрхгүй сонирхож дурладаг юм байна. Орчуулж байх явцдаа нэрийг нь мэддэг ч нарийн учрыг нь ойлгоогүй явсан олон зүйлийнхээ учрыг олж догдолж байлаа. Уншигчид маань ч гэсэн над шиг жаргалтай догдлон уншина гэдэгт итгэлтэй байна.

-Энэ ном хүүхдэд зориулсан бусад номоос юугаараа онцлог вэ? 

- Энэ ном маань математик, уран зохиол хоёрыг хослуулснаараа бусад хүүхдийн номоос ялгаатай. Хүүхдүүдэд математикийг уламжлалт уйтгартай байдлаар биш уран зохиолын адал явдалтайгаар тайлбарласан тул огтхон ч уйдаахгүй. Номын зохиолч “Тооны чөтгөр” -ийг бичихдээ “Алиса гайхамшгийн оронд” зохиолын логик болон хавтгайн геометрийн гайхамшгийг нэгтгэн математик хэлбэрт оруулсан юм. Мөн математикийн нэр томьёог утгачлан хүүхдэд ойлгомжтой энгийн үгээр илэрхийлэн ойлгоход хялбар болгож өгсөн. Хүүхдийнхээ сонирхлыг математикт хэрхэн чиглүүлэх вэ? гэж бодож байгаа эцэг эхчүүдэд хэлэхэд “Тооны чөтгөр” номыг маань уншуулаад үзээрэй. “Тооны чөтгөр”- тооны хичээлийн талаарх ойлголтыг өөрчилж чадах ном.

- Орчуулга хийхэд тань хүндрэлтэй зүйлс байв уу?   

- Хүндрэлтэй зүйлс бараг байгаагүй ээ. Номын хавсралт хэсэгт математикийн албан ёсны нэршлийн жагсаалт байдаг юм. Тэр нэршлийг бичихэд л математикийн ном харах, математикийн багшаас зөвлөгөө авах шаардлага гарснаас бусдаар ном маань сонирхолтой болохоор шимтэн уншсаар орчуулж дууссан даа.

- Номынхоо талаар сонирхолтой мэдээлэл өгсөн танд баярлалаа. Эрдмийн үйлс тань дэлгэрч яваг.